“Манай залуус Louis vuitton-оос ч илүү ч гайхалтай цүнх оёж чадна”
“Өнөөдрийн эзэн” хэмээн өндөр хүндтэй эрхмүүдийг хоймортоо урьж, туулсан замнал, зорьсон зорилга, тулсан бэрхшээл, давсан арга ухааных нь түүхийг сөхөж, намтрыг яриулах зорилготой булангийн маань эхний зочноор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр уригдлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд төдийхнөөр мэдэх хүмүүс түүнийг хямсгар, их зантай хэмээн дүгнэх хандлагатай юм билээ. Харин гурван цагийн турш үргэлжилсэн ярилцлагыг маань уншаад эрхэм уншигч та эл эрхмийг өөрийнхөөр дүгнээрэй.
“Дөнгөж төгссөн энэ ч юу мэдэхэв дээ” гэх голонгуй харц, бүр “Би ч чадахгүй байх гэж бодож байна” гэх чамласан үгстэй таараагүй залуу хүн цөөн байх. Ялангуяа Монголд. Би ч тэдний л нэг. Харин монголчуудад үгүйлэгддэг залуу хүнийг үнэлэх, сонсох, залуу хүнд итгэл хүлээлгэдэг чанар энэ эрхмийн хамгийн ихээр эрхэмлэж, баримталдаг үзэл.
Лу.Гантөмөр сайд
- Солгой
- Сүүлд уншсан ном: Боловсролын тухай дэлхийн шилдэг 5 ном уншиж дуусгасан. Одоо Японы тархины талаарх шинжлэх ухааны
- Дуртай дуу: Сайхан үг аялгуутай бүх л дуунд дуртай.
- Шашин шүтлэг: Буддын шашин
- Айлын хэд дэх хүүхэд болох: Долоон хүүхэдтэй айлын дөрөв дэх
- Чөлөөт маягаар буюу жинсэн өмд, саравчтай малгай, ноосон цамц өмсөх дуртай.
- Өөр мэргэжилтэй байсан бол програмист болох байсан.
- Түүхэн дэх 21 аймгаа тойрсон ганц сайд
- 4 жил ажиллахдаа 12 удаа л бүрэн хэмжээний ярилцлага өгсөн.
Сургуульд суралцсан байдал:
- 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1993-1996 онд Японы Сэндай Дэньфа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
- 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
- 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
- 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
- 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
- 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
- 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
- 2012.08 - 2014.12 сар УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд
- 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байна.
- Сүхбаатар дүүрэгт АН-аас гурван удаа сонгогдсон гишүүн.
- Эхнэртэйгээ зургадугаар ангиасаа үерхэж, 1995 онд гэр бүл болсон байдаг. 1996 онд том охин нь хорвоод мэндэлжээ.
- Ирээдүйн гэргийдээ захиа өгөхдөө тавын бидоныг шуудангийн хайрцагны үүргээр ашигласан удаатай гэнэ.
- 1996 онд Коосэнийг төгсөхдөө “Нууцлалтай утасны программ”-ыг зохион бүтээж байсан.
- 1999 онд Их сургуулиа төгсөхдөө “Тархины удирдлагын программ” зохиож байжээ.
- 1996 онд Монголд анхны япон машины засварын газар байгуулж байсан.
- Түүний санаачилгаар зөвхөн анагаахын цөм лабораторид гэхэд л БСШУЯ-наас таван тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн юм.
- Н.Алтанхуяг даргад “Би Боловсрол, шинжлэх ухааны сайд болъё” гэж хэлсэн гэдэг. Түүнд өрсөлдөгч ч байгаагүй.
- Увс аймагт анх удаа сурагч Л.Гантөмөрт зориулан “Сурагчийн алдар” найрыг хийж өгч байжээ.
- Түүнийг сайд болсонд нь баяр хүргээд Нагаокагийн их сургууль хүндэт доктор цол гардуулсан.
- 2014 онд “Оны шилдэг залуу”-гаар тодорсон.
- Тэрбээр оюутан залууст “Дэлхийд өрсөлдөх монгол хүн” сэдвээр лект уншиж байхдаа “Chanel” брэндтэй өрсөлдөхүйц цүнх үйлдвэрлэн экспортолж яагаад болохгүй гэж...” хэмээн хэлж байжээ.
- Тэрбээр “Хүн өөрийгөө ялан дийлж цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр эд хөрөнгө, эрдэм мэдлэгтэй болох хэрэгтэй” гэж ярьдаг. Тиймээс ч түүний өдий зэрэгтэй яваа нь цэвэр өөрийнх нь хүчин чармайлт, хөлс хөдөлмөрийн үр шим.
- Англи, Орос, Япон хэлэндээ ус цас мөс. 20 настай байхдаа япон хэлийг сайн сурахын тулд өдөрт 100 үг цээжилдэг байсан байна.
- Инээхдээ хацар нь хонхойдог тэрбээр наснаасаа залуу харагддаг. Овор багатай.
МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал:
“Боловсролын системд хоёр том суурь шинэчлэлийг эхлүүлсэнд нь Л.Гантөмөр сайдад талархаж байгаа. Нэгдүгээрт, ЕБС-ийн сурагчдад өөрийгөө нээх бололцоог олгож, бүтээлч сэтгэлгээг нь өдөөх “Авьяас хөтөлбөр” болон бие даан мэдлэг олох чадварт хөтлөх “Ном хөтөлбөр”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ бодлогод нийцсэн "Залуу зохион бүтээгч" нэвтрүүлэг ч энэ жил БСШУ-ын сайдын ивээл доор зохион байгуулагдаж байгаа.
Хоёр дахь нь, хөгжлийн зүтгүүр инженерүүдийн критик массыг үүсгэх, Японы туршлага, мэдлэгт түшиглэн инженерийн боловсролыг шинэчлэх “1000 инженер” хөтөлбөр.
Тус хөтөлбөрөөр олон зуун залуус Японд инженерийн боловсрол эзэмшихээс гадна дэлхийн түвшний хамтарсан судалгааны төслүүд идэвхжиж, багшлах боловсон хүчин чадваржих сайн талтай.
Багын найз А.Эрдэнэсоёл:
Л.Гантөмөр бид хоёр Увс аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид хамт сурдаг байлаа. Тэр цагаас хойш өдгөө 30 гаруй жил нөхөрлөжээ. Цаг хугацаа гэдэг хурдан боловч бид хоёр шиг олон жил найзалсан эрэгтэй эмэгтэй хүмүүс тун ховор шүү.
Түүний шулуун шударга зан, бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байдал гээд олон сайхан чанар нь биднийг энэ хүртэл салгахгүй гагнасан гэж боддог юм. Манай Ганаа сургуулийн урдаа барьдаг онц сурлагатны нэг байсан. Басхүү гарбөмбөг сайн тоглож, сайхан дуулж, шүлэг уншдаг авьяастай их хөдөлгөөнтэй, амьдралын идэвхтэй шүү.
Өдий олон жил найзлахад үргэлж тус дэм болж, түшиж тулж, бусдад үлгэр дууриал болж амьдралын эрч хүч өгдөг найзаараа их бахархдаг юм.
Циркийн сургуулийн багш У.Энхбаяр:
Л.Гантөмөр сайдыг 1000 багш нартай уулзалт хийж, ажлаа тайлагнаж байхад нь би босоод Циркийн сургууль дээрээ ирэхийг урьсан юм.
Цагтаа ур чадвараараа дэлхийд айргийн тавд эрэмбэлэгдэж байсан циркчид маань бэлтгэлийн байргүй, ирээдүй хойч үеэ хуучин сүмийн барилгад бэлтгэж байгааг харуулахыг хүссэн. Сайд ажлаа аваад удаагүй, 100 хоногийн ажлаа тайлагнаж байсан юм, тэр үед. Олон багшийн өмнө урьсан болохоор ч тэр үү “Манай туслахтай цаг тохироорой” гэсэн.
Удсан ч үгүй арванхоёрдугаар сарын 15-ны бямба гаригт Засгийн газрын хуралдаантай. Тэр өдөр бэлэн байгаарай гэсэн хэл ирэв. Хэдэн сурагч маань бэлтгэл хийдэг манежаа цэвэрлэж байлаа. Тэгсэн сайдын туслах “Сайд өөрөө алхаад очиж байгаа гэнэ шүү” гэдэг байгаа. Би ч арай гэж амжуулж ХБК захирал болон дэд захиралдаа хэл дуулгаж амжсан.
Ороод ирэнгүүт нь байр байдлаа танилцуулж, зогсоо зайгүй л ярьсан. Сайд 15-20 минут Хуучин цирк буюу Циркийн сургуулийн бэлтгэлийн байртай танилцаад шаардлага хангахгүй гэж үзсэн. Хүүхдүүдэд арай өөр орчин хэрэгтэй гээд санал бодлыг маань сонсоон.
Бид ч барилга барьж өгнө гэвэл газар байгаа гэж тайлбарлаад ХБК-ийн хашаан дотор хогийн цэгийн дэргэдэх газрыг үзүүлсэн. Л.Гантөмөр сайд тэр дор нь шийдэж, яамныхаа гурван газрын даргыг дуудаад Монгол туургатны циркийн сургууль барих ажлыг судлуулж, түүнээс хойш удалгүй зураг төсөл гаргуулах санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
Би маргаашдаа үргэлж итгэлтэй байдаг. Тиймдээ ч циркийг урлаг хөгжинө, циркийн сургууль маань шинэ барилгатай болно гэдэгт итгэлтэй байгаа.
“Би яагаад Боловсролын сайд болсон бэ гэхээр...”
-Уул уурхай, ашигт малтмал, газрын баялаг гэх ойлголтоосоо бид салж чадахгүй л байна. Тиймдээ ч Оюутолгой, Тавантолгойн асуудал л иргэдийн анхаарлын төвд байж, харин сүүлийн үед түгээмэл ярих болсон мэдлэгт суурилсан эдийн засгийн талаарх ойлголт муу байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Зах зээлд өөрийн үнэ цэнийг тогтоож чаддаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ард түмнийг хэлж байгаа юм. Жишээлбэл, iPhone утасны шинэ загвар гарлаа гэхэд ямар үнээр борлуулахыг зах зээл шийдэхгүй, зөвхөн “Apple” компани шийднэ.
Тэдний хэлсэн үнээр дэлхий дээрх хэдэн тэрбум хүн уг утсыг худалдаж авч байна.
“Sony”-гийн зурагт ямар үнэтэй байхыг, “Toyota”-гийн машин ямар үнэтэй байхыг дэлхийн зах зээл шийдэхгүй. Зөвхөн үйлдвэрлэгчид нь шийдэж байна. Яагаад тэд шийдэж байна вэ гэхээр өөрсдийн ухаанаар хийсэн учраас, бусад хүмүүст тэр ухаан нь байхгүй учраас үнэ тогтоож байгаа юм.
Би нэг жишээ авах дуртай. “Louis Vuitton”-ы цүнх 5000 ам.долларын үнэтэй. Гэтэл тэр цүнхийг тал ямааны ярьсаар хийдэг. Ямааны арьс 5000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр 5000 төгрөгийн түүхий эдээр 5000 ам.долларын бараа хийх ухааныг мэдлэгт суурилсан эдийн засаг гэж байгаа юм. Гэхдээ тэр өндөр үнэд хүрэх загвар зохион бүтээх, боловсруулах, түүгээр барахгүй хүмүүсийг авахаас өөр аргагүй байдалд оруулж чаддаг борлуулах ухаан хэрэгтэй.
-Тэгвэл мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжихийн тулд бид юу хийх ёстой вэ?
-Мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжихээс өөр сонголт бидэнд үгүй. Хэрэв энэ шилжилтийг хийж чадахгүй бол ядууралд автана. Эдийн засгийн байдал тогтворгүй болж, түүнийг дагаад иргэдийн сэтгэл санаа ч хямарна.
Нүднийх нь өмнө мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжсэн улс орнууд хөгжиж, иргэдийнх нь амьдрал ахуй хангалуун болж байхад тэгэхээс ч аргагүй. Уламжлалт эдийн засгийн бүтэц, байгалийн баялгийн аль аль нь амжилтад хүрэхгүй. Яагаад гэхээр баялгийн үнийг зах зээл тогтооно.
Монголчууд бид нүүрсний үнийг тогтоож чадахгүй, маргааш дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш хэрхэн эргэхийг бид шийдэхгүй. Уламжлалт буюу зах зээлд өрсөлдөх чадваргүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр бид байнгын алдагдалд орно. Хүссэн хүсээгүй мэдлэгт суурилсан эдийн засаг руу бид шилжинэ
Тиймээс хүссэн хүсээгүй мэдлэгт суурилсан эдийн засаг руу бид шилжинэ. Харин эл шилжилтийг хийхдээ цаг хугацаа битгий алдаасай гэж би хүсч байна. Өнөөдрийн залуучууд 10 жилийн дараа мэдлэгт суурилсан эдийн засагт шилжихээс өөр аргагүй гэдгийг ойлгоно.
Би найман жилийн өмнө хэмнэлтийн тухай ярьж байсан улстөрч. Тухайн үед би валютийн нөөц дуусна, тиймээс нөөцийн сантай болъё, том том жийп унахаа больё гэж хэлж байсан боловч миний санаачилга дэмжигдээгүй. Амьдралыг хэтэрхий өнөөдрөөр хараад байна.
Улс төр, нийгмийн аль аль нь өчигдөр, өнөөдрийн амьдрал дунд л буцлаад байна. Маргаашийн зорилгогүй тул өнөөдрийн үйлдэл нь зовлон болж хувирч байна. Зовлонгоос гарах гарцаа олохгүйгээр үл барам зовохооргүй зүйлд ч туйлдаж эхэлж байна. Тиймээс мэдлэгийн эдийн засагт шилжих ёстой гэсэн байр сууринаас хандаж, би боловсролын сайд болсон.
Яагаад мэдлэгт суурилсан эдийн засагтай орнууд хөгжиж, иргэд нь сайхан амьдраад мэдлэгийг үнэлээгүй орны иргэд сайхан амьдарч чадахгүй байна вэ гэхээр бид дэлхийн зах зээлээс хамааралтай бүтээгдэхүүн борлуулж байгаа учир “LV” шиг хэдэн мянга дахин ашигтай ажиллаж чадахгүй байна.
Жишээлбэл бид нүүрсийг 30 ам.доллараар зарж байна. Гэтэл нүүрсийг олборлож, тээвэрлэх зардал буюу үйлдвэрлэдэг өртөг нь 30 ам.доллар. Тэгэхээр бид ашиггүй ажил хийж байна. Ухаантай хүмүүсийн бүтээж буй хэдэн мянга дахин ашиг олдог бүтээгдэхүүнийг худалдаж авчихаад, нэг ч төгрөгийн ашиг олоогүй бүтээгдэхүүнээ тэдэнд борлуулж байна. Энэ өгөө авааны зөрүүн дээр бид байнгын алдагдалд орно гэсэн үг.
Манай улсад хоёр сая гаруй гар утас хэрэглэгч бий гэсэн тооцоо байдаг. Тэгвэл 1000 ам.долларын үнэтэй утсыг нэг сая хүн худалдаж авлаа гэж тооцоход нэг тэрбум ам.доллар гадагшаа гаргаж байна гэсэн үг. Гэтэл тэр үнэтэй гутал хувцас, гар утсыг авахын тулд олж буй орлогоосоо нэг ч долларын ашиг гаргаж чадахгүй байна. Үүнийг худалдааны алдагдал гэдэг. Энэ алдагдлын үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш байнга унана.
Ард түмэн нь бүгдээрээ сэтгэж чаддаг, тэр сэтгэсэн зүйлдээ дизайн гаргаж, бүтээгдэхүүн болгож чаддаг, түүнийгээ долоон тэрбум хүнд борлуулах ухааныг өөртөө агуулсан цогц бүрдэлтэй ард түмэнтэй болж байж мэдлэгийн эдийн засаг руу шилжих юм. Харамсалтай нь бид өнөөдөр чадлаараа л хичээж байгаа ч тэр ухааныг гаргаж, гадагшаа бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байна.
“Манай залуус Louis Vuitton-оос ч илүү гайхалтай цүнх оёж чадна”
-Та яагаад заавал боловсролын салбарт ажиллахаар зорьсон юм бэ?
-Би яагаад Боловсролын сайд болсон бэ гэхээр сэтгэдэг, бүтээгч ард түмнийг л төрүүлье гэж зорьсон. Арав, хорин жилийн дараа Монголын ард түмэн тэгж өөрчлөгдөх ёстой. Өнөөдөр их сургуулийн нэгдүгээр ангид сурч буй аюутан арван жилийн дараа дундаж насанд очно, долдугаар ангид сурч буй хүүхэд арван жилийн дараа ажлын байран дахь гол хүмүүсийн нэг болно.
Тэр хүмүүс л өөрчлөгдөх ёстой. Арав хорин жил гэдэг хүний насаар бодвол урт юм шиг боловч улсын түүхээр тооцвол богино хугацаа. “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье” хэмээн санал санаачилга гаргасан маань ч тийм учиртай. Хүүхэд бүр сэтгэдэг болох хэрэгтэй. Малчин ч ухаантай байх ёстой.
Малчид бэлчээрээ зөв сонгож, хамгаалж, бэлчээр дэх ургамлын онцлогийг мэддэг, зөв зохистой ашигладаг байх хэрэгтэй. Тариаланч газраа хэдэн арван жилээр ашигладаг ухаантай байх шаардлагатай байгаа юм. Зөв ногоо, ургамлаа сонгож тариалахгүй бол арван жилийн дараа газар дээр нь юу ч ургахгүй болно.
Тэгвэл хорин жилийн дараа гэхэд л тухайн компани дампуурна. Энэ компанийг хэрхэн 100 жил тогтвортой ажиллуулах, хэрхэн эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тухайн хүнснийхээ бүтээгдэхүүнийг эрүүл, органик гэдгийг яаж батлах, эцэст нь хэрхэн өндөр үнээр экспортлох вэ гэдэг бүгд ухаан зарах асуудал.
Мэдээж удирдагчид, бизнес эрхлэгчид, банк санхүүгийнхэн ухаантай байх ёстой. Гэхдээ бүх ард түмнээрээ ухаантай байж, хөгжихгүй бол мэдлэгийн эдийн засаг руу шилжиж чадахгүй гэж би хувьдаа үздэг. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлье. Заримыг нь сурлага муутай гэж, хэсэг бүлгийг нь авьяасгүй гэж ялгаварладгаа больё.
Хорин жилийн дараа биднийг ямар ирээдүй хүлээж байгаа бол. Тариалангийн талбай дээр робот ажиллаж, бэлчээрт робот мал хариулж байхыг үгүйсгэх аргагүй. Саяхныг хүртэл бид банкны үйлчилгээг гар утаснаасаа хийдэг болчихно гэж төсөөлж ч байсангүй.
Гэтэл өнөөдөр гэрээсээ гаралгүйгээр банкны гүйлгээг хийдэг болчихсон байна. Тун удахгүй бид гэрээсээ ч гаралгүй худалдаа хийдэг болно. Түүний дараа дэлгүүрүүд яаж оршин тогтнох вэ? Өнгөрөгч намар гэхэд л Хятадын худалдааны “Алибаба” компани Ганц бие хүмүүсийн өдрөөр найман минутын дотор нэг тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Ухаалаг буюу нэг ч үйлчилгээний ажилтангүй зочид буудал нээгдээд байгаа. Тус зочид буудал үйлчилгээний ажилтангүй болсноор арван жилийн зардлаа нэг жилд багтаан хэмнэж буй. Тэгвэл арван жилийн дараа үйлчилгээний ажилтнууд юу хийх вэ.
Тиймээс бид нийгэм яаж ч өөрчлөгдсөн амьдралаа авч явж чаддаг, бизнесээ үргэлжлүүлэн эрхлэх боломжийг гаргаж чаддаг байх хэрэгтэй. Тухайн амьдарч буй орон зайдаа эзэн болдог хүнийг төрүүлэх нь л бидний хувьд чухал. Тэгж байж мэдлэгийн эдийн засаг руу шилжих юм.
-Дэлхийн чиг хандлага ч тэр зүгт шилжиж байна. Саудын Араб гэхэд Абдул хааны нэрэмжит Шинжлэх ухаан технологийн их сургууль барьж, тус сургуульдаа хөгжингүй орнуудаас эрдэмтэн багш, доктор профессоруудыг өндөр цалин амлан урьж авчран ажиллуулж байна. Бид ч тэр жишгийг дагах учиртай байх нь ээ?
-Арабын ертөнцөд гайхамшигтай ард түмнийг төрүүлэх боломж байсан. Харамсалтай нь тэр боломжоо ашиглаж чадалгүй, их цамаан загнасан. Ганцхан Саудын Араб л ухаалаг бодлого баримталсан. Одоо арабын бусад орнууд Саудын Арабыг гүйцэх гэж араас нь гүйж байна. Тэд өөрсдийгөө их мөнгөтэй гэж эндүүрсэн. Мөнгө байгаагийнхээ хэрээр үрэгддэг гэдгийг ойлгоогүй. Түүнээс илүү их мөнгө олох ухааныг улс орондоо бий болгож чадаагүй. Ойрхи Дорнодын дайн ч үүнтэй холбоотой.
Сири хэчнээн баян орон билээ. Ард түмэндээ байнга мөнгө тараадаг байсан. Харамсалтай нь ард түмнээ ухаалаг болгож, мөнгө олох бүтээгдэхүүн гаргах боловсролыг олгох бодлого баримтлаагүй. Мөнгө нь хумигдаж эхлэхэд бослого, үймээн дэгдэж эхэлсэн. Мэдлэгийн эдийн засаг руу шилжихгүй бол зөвхөн бид ч бус, бусад бүх орон Сирийн араас л орно.
Энхтайван, аз жаргалтай амьдаръя гэвэл ард түмэн бүхэлдээ нэг зүг рүү л харах хэрэгтэй. Залуу үеэ ухаантай болгоход бүх анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Үүний тулд үлдсэн нь бүсээ чангалахаас өөр аргагүй.
Шинээр төрж буй үеийнхний тоо хөгшчүүлээс хэд дахин их байна. Тиймээс бид шинэ үеийнхэндээ анхаарал тавьж, зөв зүг рүү хандуулаад, асуудлыг нь зөв шийдээд, гэртээ ч зөв үлгэрлэж, тэвчээртэй амьдарч чадах юм бол манай залуус “LV”-ээс ч илүү гайхалтай цүнх оёж чадна.
Гайхамшигтай технологийн шийдлүүд, шинжлэх ухааны нээлтүүд хийж чадна. Гайхалтай уран зураг, хөшөө баримал бүтээж чадна. Гол нь бид залуучууддаа л итгэх хэрэгтэй. Залуучууд гэдэгт нэгдүгээр ангийн хүү ч багтана. Яагаад заавал залуус гэж онцолж байна вэ гэхээр ажил хийж буй хүмүүс завгүй учир бие даагаад суралцъя гэсэн ч долоо хоногт хоёроос илүү цаг олддоггүй.
Харамсалтай нь бид ертөнцийн хэрүүлд оролцож, эд мөнгөнд шунаж, хов жив хөөцөлдөн, хувцас загвар хөөж, тансаглах боллоо. Тэгэхээр хүүхдэдээ гаргах цаг зав олдохгүй болж байгаа юм. Хүүхдийнхээ хичээлийг сонирхдог аав ээж, их сургууль дээр очоод хүү охин нь юу хийж байгааг асууж лавлан, асуудлыг нь шийддэг асран хамгаалагчид тун цөөн байна.
Найр наадам тансаглалаа багасгаад, худлаа цэцэрхэхээ багасгаад хүүхдүүддээ санаа тавь л даа. Засгийн газар ч ялгаагүй. Энэ цаг наргүй амьдрал урсаад өнгөрөхөд дахиад л яг ийм амьдрал залгана гэхээр аймшигтай байгаа биз дээ. Тиймээс одоо л ирээдүйгээ өөрчлөхөд цаг гаргамаар байна.
Өөрсдөө суралцахгүй юмаа гэхэд залуу үедээ цаг гаргаад, сэтгэдэг боддог, шийддэг, илэрхийлдэг ард түмэн төрүүлэхийн тулд би юу хийж чадах вэ, би өөрийнхөө хүүхдэд юу өгч чадах вэ гэдэг бодлыг хүн бүр тээгээсэй.
Хоолны өрөөнийхөө хананд “Хүүхдэдээ нэг цаг гарга” гэж бичээсэй, хүүхдийнхээ сургууль дээр долоо хоногт нэг удаа очиж, багш нартай нь уулзаж ярилцах цаг гаргаасай гэж л хүсээд байгаа юм. Засгийн газар нь долоо хоногт нэг удаа боловсролын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг, шинжлэх ухааны асуудлаар хуралддаг, суралцдаг байгаасай.
ХӨГЖЛИЙГ ХҮН ДУУРАЙГААД ХИЙЧИХЭЖ БОЛНО ГЭЖ АНДУУРДАГ
Хэрэв бидэнд шинэ технологийн машин хийх ухаан байвал “Toyota” үйлдвэрлээд л өгнө. Бид заавал “Toyota” шиг нүсэр, “Sony” шиг өндөр өртөгтэй үйлдвэр барих хэрэггүй.
“Хөгжлийг хүн дуурайгаад хийчихэж болно гэж андуурдаг”
-“Форбес” сэтгүүлийн тэргүүн баячуудын жагсаалтад “Google”, “Facebook”, “Microsoft” компанийн удирдлагууд тэргүүлдэг. Тэд мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Финляндын “Supercell” гэх видео тоглоомын компани гуравхан жилийн дотор өдөрт 2.5 сая ам.долларын ашиг олдог компани болж томорсон гэдэг. Тэдэн шиг тэсрэлт хийх чадвар монгол залууст бий юү?
-Өнөөдөр ажил хийж буй залууст бол би эргэлзэж байна. Яагаад гэхээр өдгөө ажил хийж буй залуусыг суралцаж байх үед боловсролын систем нь хүүхдүүдийг дүнгийн араас хөөцөлддөг, цээжилдэг болгосон. Тэмцэх чадвар, өөрөөр хийх, загвар гаргах зэрэг бүтээлч чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлэх арга барил бараг байгаагүй.
Зарим нэг чадварлаг багш нар, амьдрах орчны нөлөөллөөр арай өөрөөр боловсрол, чадвар эзэмшсэн хүүхдүүд цөөн бий. Харин өдгөө их сургуульд сурч буй залуу үеийнхэн гайхамшигтай үр дүн харуулна.
Хүн төрөлхтөн тэр чигтээ мэдлэгийн нийгэм рүү шилжлээ гэдгийн цаад санаа нь юу юм бэ гэхээр надад шинэ санаа, ухаан байвал технологи дэлхийгээр дүүрэн байна. Америкчууд биднээс машинаа, япончууд биднээс үйлдвэрээ харамлахгүй.
Хэрэв бидэнд шинэ технологийн машин хийх ухаан байвал “Toyota” үйлдвэрлээд л өгнө. Бид заавал “Toyota” шиг нүсэр, “Sony” шиг өндөр өртөгтэй үйлдвэр барих хэрэггүй. Харин тэднээс илүү бүтээгдэхүүн гаргах ухаантай байх хэрэгтэй.
Жишээлбэл хятадын био, нано технологийн үйлдвэрүүд бүгд нээлттэй. Аль ч орны хэний ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Яг л хэвлэлийн газрууд хэний ч номыг хэвлэж өгдөгтэй адилхан. Зарах сүлжээ ч бас нээлттэй болчихлоо. "Алибаба"-д байршуулаад л Хятадын бүх зах зээлд хүргэх боломжтой. Гагцхүү бид бүтээгдэхүүнээ яаж тэнд гайхуулах вэ гэдэг асуудал л гарна.
-Тэр олон өрсөлдөгчид дундаас бид хэрхэн ялгарч бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх вэ?
-Зөвхөн бүтээгдэхүүн гэлтгүй үйлчилгээнд ч энэ хамаатай. Зочид буудлын менежментийг хийхдээ ч ямар зочид буудалтай илүү өндөр үнэтэй үйлчилж байна вэ гэдгийг хараад түүнээс өөрөөр сэтгэж, шинэлэг үйлчилгээний загвар гаргаж чадвал өрсөлдөгчдийнхөө өмнө нь гишгэх болно. Бусдыг даган дуурайх биш, өөрөө сэтгэдэг болгох нь л миний зорилго.
-“Samsung”, “Apple” хоёр өрсөлдөгчид гэх боловч “Apple” технологийн хувьд үргэлж л өмнө нь гишгэдэг. Өрсөлдөгч, сэтгэгч байхад өрнө дорнын соёлын ялгаа нөлөөлөх тохиолдол бий юү?
-Улсын хөгжлийн түлхүүр гэхээр улсын бодлого, засаглал гээд л олон л хүчин зүйлийг тооцдог. Мэдээж тэдгээр хүчин зүйлсийн хувь нэмэр бий. Гэхдээ яг үнэндээ хөгжлийн гол нууц нь шинжлэх ухааны ололтууд байдаг. Шинжлэх ухаанд цоо шинэ нээлт гарахад араас нь маш том аж үйлдвэр бий болдог. Жишээлбэл, уурын хөдөлгүүр бүтээсний дараа машин, галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц зэрэг маш том үйлдвэрүүд бий болсон. Харьцангуйн онол гарсны дараа электроникийн хувьсал гарсан.
Ганцхан жишээ дурдахад “Toyota” компани устөрөгчөөр ажилладаг машин нээчихээд хайбрид буюу цахилгаан хөдөлгүүртэй машиныхаа патентыг ашиглах эрхийг хүн төрөлхтөнд нээлттэй болгосон. Уг патентын тоо нь 3000.
Саяхан гурван хэмжээст принтер гарсан. Энэ нээлтийг дагаад аж үйлдвэр тэр чигтээ өөрчлөгдөнө. Одоохондоо бид тэр принтерийн ач холбогдол, түүнээс улбаатай аж үйлдвэрийг чиг хандлагыг олж хараагүй л байна. Гэвч үүний ачаар тун удахгүй хүний эрхтнийг хэвлэж гарган авч болдог болно гэх зэргээр л өөрчлөлтүүд эхэлнэ.
Хүн төрөлхтний сүүлийн 200 жилийн түүхийг харахад л шинжлэх ухааны нээлтийг дагаад үйлдвэржилт хөгжиж байна.
Дараагийн шинэ нээлтээсээ цоо аж үйлдвэр, эдийн засаг бий болдог. Солонгос, Япон хэрхэн хөгжсөн юм бэ гэхээр мэдээллийн технологийн хувьсгалын манлайлагчид болсон учраас тэр.
Зөвхөн хайбрид машинтай холбоотой 3000 патент байгаа гээд бод доо. Япончууд хөдөлмөрчдөө ч биш, шинжлэх ухааны ололтыг эдийн засаг болгож чадсан учраас л тэгж Хятадаас илүү хөгжсөн юм.Шинжлэх ухаан бол чадавхийг бүрдүүлж чадвал цоо шинэ аж үйлдвэр, эдийн засгийг өөрөө бий болгодог зүйл.
Нобелийн шагналт Амано Хироши Монголд саяхан ирж, илтгэл тавьсан. Тэрбээр цэнхэр лед гэрлийг зохион бүтээж, асар их эрчим хүчний хэмнэлтийг дэлхийд авчирсан. Энэ бол шинжлэх ухааны гайхамшигтай нээлт.
Амано ямар ч америк, герман, оросыг дуурайж зохион бүтээгээгүй. Гэхдээ Амано сод ухаантай хүн биш. Ямар хүн бэ гэхээр шинжлэх ухаанд дурласан бүтэн армийн нэг л байсан.
Өмнөө зорилготой, хатуу итгэл үнэмшилтэй байсан учраас л тэр.
-Манай эрдэмтэд Амано шиг нээлт хийхэд тоног төхөөрөмж дутагдалтай байснаас тэр томоохон нээлт хийж чадахгүй байв уу?
-Манай тэр үеийнхэн шинжлэх ухаанд итгээгүй. Хүнд ажиллаж, судалгаа хийхэд 14 цаг олддог бол 10 цагт нь судалгаа хийж, дөрвөн цагт нь наймаа хийх, таксинд явах зэргээр амьдралаа залгуулдаг байсан. Харин Амано бол өдөрт олддог 14 цагаа 16 болгон сунгаж, судалгаандаа зориулдаг байж. Хөгжлийнхөө мөн чанарыг олсон учраас тэр.
-Манай улсын хувьд шинжлэх ухааны салбар олон жилийн турш хаягдаж явлаа шүү дээ.
-Харамсалтай нь бидний ярих сэдэв өнөөдрийн орлого зарлагын хэрүүлээс хэтрэхгүй байна. Энэ хандлага өөрөө хөгжих гэж байгаа оронд зориулсан хавх юм байхгүй юу. Нэг хүнд ногддог ДНБ 4000-5000 ам.долларт хүрчихээр ийм эргүүлэгт орчихдог байна л даа.
Угтаа хөгжлийн мөн чанар шинжлэх ухаанд л нуугдаж байдаг. Засаглалын хүчээр улсыг хөгжүүлж болно гэсэн ойлголт бол хамгийн том эндүүрэл. Засаг шударга байлаа гээд яаж хөгжих юм бэ. Энэ бол хөгжлийн нэг хэсэг л болохоос түлхүүр нь биш.
-Тэгвэл хөгжлийн түлхүүр нь юу вэ?
-Тэр нь шинжлэх ухаан, ухаалаг ард түмэн. Ухаалаг ард түмэн гэдэг ухаалаг сэтгэлгээ, биеэ авч явах чадвар, загвар зохион бүтээх чадвартай хувь хүмүүс байх нь байна шүү дээ. Тийм учраас л хүчтэй ард түмэнтэй болъё гээд байгаа юм. Хүчтэй гэдэг нь хувь хувьдаа жаахан жаахан хөрөнгөтэй болохыг хэлэхгүй л дээ.
Хөрөнгөтэй болохоор үр хүүхдэдээ санаа тавьдаг нь үнэн. Энэ бол байгалийн урсгал. Харин тэр урсгалыг хүлээвэл дахиад 30-40 жил алдана.
Бизнес эрхэлж байгаа хүмүүс ч ухаантай байх ёстой. Жимсний шүүс үйлдвэрлэхээр шийдсэн бол юун түрүүнд бүтээгдэхүүнээ бусдаас давуу байлгах хэрэгтэй. Зөвхөн давуу талтай байгаад зогсохгүй ирээдүйд миний бүтээгдэхүүнтэй ижил төрлийн шүүс худалдаанд гарвал хэрхэн өөрчилж, сул талаа засаж, бүтээгдэхүүнээ шинэчлэх төлөвлөгөөг ч гаргасан байх учиртай.
Тиймээс бизнес эрхлэгчид ч байнгын өрсөлдөөн дунд шинэчлэгдэж явах учиртайг мартаж болохгүй. Бусдаас ялгарахааргүй, зах зээлд байгаатай яг л ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд хоёр жилийн дараа борлогдохгүй болоод ирэхээр нь үйлдвэрээ хаачихдаг. Харин буруугаа улстөрчдөөс эрдэг. Яг үнэндээ хувь хүний бизнес дампуурах эсэх нь тухайн хүнээс л хамаарна.
“Тэгж байж их дээд сургуульд суралцахдаа зорилготой очих юм”
-Бүтээгч залуусыг төрүүлье хэмээн та уриалж байна. Үүний тулд эцэг эхчүүд хүүхдүүдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлбэл зохих вэ?
-Бүтээлч ард түмнийг төрүүлэхийн тулд хоёр зүйлийг л харах хэрэгтэй. Таны үр хүүхэд 18 насандаа хэн байвал танд сайхан санагдах вэ. Биеэ хэрхэн авч явдаг, юу чаддаг болсон байх, хэдэн ном уншсан байх вэ зэргийг төсөөлж дүр зургийг нь гаргахад 10 хоног зарцуул. Хүүхдэдээ туслах хамгийн сайн арга бол олон цаг хамт байх. Энэ их хэцүү л дээ. Бид нар лав чадахгүй байна.
-Та чадаж байгаа юу?
-Хэцүү шүү дээ. Манай эхнэр чадаж байгаа болохоор би аврагдаж байгаа юм. Хоёрдугаарт, хүүхдээ дарамталж болохгүй. Чи өнөөдөр дарамтлаад л байвал ирээдүйд хүүхэд чинь хүмүүсийн нөлөөнд автамтгай л хүн болно.
-Гэхдээ манай уламжлалт ойлголтоор бол сайн хүүхэд гэж дуулгавартай, хүмүүсийн үгэнд байнга ордог хүүхдийг л хэлдэг шүү дээ.
-Тэр ойлголт буруу учраас л Монгол Улс өнөөдөр их ядуу байна шдээ. Хүүхдээ их загнасны гай байхгүй юу. Насан туршид нь дэргэд нь байх юм шиг ханддагаа болих хэрэгтэй.
Өнөөдөр бид насан туршид нь байтугай хүүхэд насанд нь ч дэргэд нь байж чадахгүй байна шүү дээ. Бага насны хүүхдүүдийг ямар тоглоомоор тоглуулах вэ гэдгээс л хүмүүжүүлийн арга эхэлнэ. Зүгээр хүүхэлдэй бус сэтгэхүй болон гар хөлийнх нь булчинг хөгжүүлэх тоглоомоор тоглуулах хэрэгтэй. Тоглож буй тоглоом, унших ном сэтгүүлээр дамжуулан хөгжүүлдэг.
Дунд насныхны хувьд найз нь болж хүмүүжүүл. Хосууд гэр бүл болохын өмнө бие биенийхээ эвийг олох гэж хичээдэг шиг хүүхдийнхээ найз болох гэж хичээ. Хичээхгүй болохоороо л бид “Хичээл нь сайн уу”, “Даалгавраа хийсэн үү” гэдгээс өөрөөр хүүхэдтэйгээ харилцахгүй байгаа юм.
Гэхдээ бид ямар орчинд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Өнчин, аав ээж нь салсан, ар гэрийнхэн нь өртэй, өвчин зовлонтой гэх мэт асуудал ихтэй хүүхдүүд олон байна. Тиймээс тэдгээр хүүхдүүдэд боловсролын байгууллага дангаар санаа тавьж, хүмүүжүүлж төлөвшүүлэхээс өөр аргагүй болж байна.
Харин амьдралаа аваад явж чадаж байгаа хүмүүс нь эергээр өөрчлөгдөж байна. Залуу ээж аавууд ухаажиж, загнаж орилсноор хүүхэд юм сурдаггүйг мэддэг болж. Нөгөө талд хайр халамжаа хэтрүүлээд байна. Араас нь хоол бариад гүйгээд байдаг эцэг эхчүүд хүүхдийг улам нялхруулж, биеэ дааж сурахад нь саад болж байна.
Гурван настай хүүхдийг өөрөө оймсоо өмсөхийг нь хараад сууж тэвчихгүй өмсүүлээд өгчихдөг. Угтаа хүн аливааг өөрөө хийж, бүтээж байж сурдаг. Суралцах гэдэг нь өөрийн биеэр давтан хийж байж хөгждөг үйл явц юм. Хоол идсэн ч халбагадаж өгөөд байвал насан туршдаа л хувцас руугаа хоол асгадаг хүн болоод л төлөвшинө.
Тусалж байна гэж хэт нялцгай болгочдог хэсэг байна. Бүр огт туслахгүй хэсэг бас байна. Гэхдээ голыг нь олоод хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүд бас цөөнгүй бий. Ялангуяа залуу ээжүүд мэдлэгтэй, ухаантай болсон байна.
-Боловсролын байгууллагууд харин хүүхдийг хэрхэн бүтээлч болж хөгжүүлж байна вэ?
-Сургуулийн өмнөх боловсролоос эхэлж байгаа юм. Хүүхдийг гурван настайгаас нь тойруулж суулгаж байгаад хүчээр нэг зүйл хийлгэдэг байсан бол одоо тоглонгоо суралцах арга барилд шилжсэн. Үйлийн аргаар буюу ямар нэг зүйл бүтээгээд сурдаг. Хүчээр ширээний ард суулгаж байгаад зураг зур гэвэл хүүхэд гарын булчин хөгжөөгүй учраас чадахгүй.
Харин гарын булчинг нь хөгжүүлэхийн тулд шүрээр тоглуулж байна. Шүрийг өнгө ялган ангилуулж, ангилсны дараа утсанд сүвлэж тоглож байна. Энэ үйл явц дунд хүүхдийн гарын булчин хөгжиж, зурч бичихэд гар нь зүгширч байгаа юм.
Ирээдүйд муу зуршлаасаа салъя гэж шийдсэн бол түүнийгээ хэрэгжүүлдэг болох нь өөрийгөө удирдах чадвартай шууд холбоотой. Харин өөрийгөө удирдах чадварыг гурвас настайгаас нь сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан олгохоор ажиллаж байна.
Үүний тулд барилгачдын, замын цагдаа, эмч, тогооч нарын тоглоомын буланг ангилан ялгаж, аль мэргэжлээр нь тоглох сонголтыг хүүхдүүдээр өөрсдөөр нь хийлгэдэг. Хэрэв сонголт өгөлгүйгээр эрэгтэй хүүхдүүдийг хүчээр шүр сүвлэж тоглуулбал шийдвэр гаргаж чадахаа болино.
Бага боловсролын хувьд чадварт нь суурилж, ахицаар нь үнэлдэг болгож өөрчилсөн. Минутанд 80 үг уншдаг байснаа 100 үг уншдаг болоход, уншсанаа тайлбарлаж ярьдаг байсан бол яриад, бичээд, зурдаг болоход нь ахиц гаргалаа гэж дүгнэдэг болсон. Уншиж, бичих, бодохоос гадна хамтрах чадварыг хичээлээр дамжуулан олгож байна. Хамтрах чадвар үгүйгээс улстөрчид бие биенээ үгүйсгэж, талцаж байна.
-Хичээлээр дамжуулан чадвар, хүмүүжлийг хэрхэн олгож байгаа вэ. Ном, сурах бичигт нь зөв зан байдал, үйлийн талаарх өгүүллийг оруулсан байгаа юу?
-Хүүхдэд үглэж, тайлбарласнаар хэзээ ч хүмүүжилтэй болдоггүй юм. Хэрхэн хүүхдүүдийг хог хаядаггүй хүн болгож төлөвшүүлэх вэ гэхээр Технологийн хичээл дууссаны дараа хогоо ангилж, цэвэрлээд хогийн саванд хийдэг. Эндээс л хог хаядаггүй хүн болж төлөвшдөг. Хүмүүжил гэдэг хийж олдог зүйл юм.
Одоо манай бага ангийнхан хичээлийн дэгээ хамтдаа зохиож байна. Тэндээс хууль дүрмийг хэрхэн зохиох, түүнийгээ дагаж мөрдөх талаарх мэдлэгтэй болж байгаа юм. Хүүхдүүдээс асуулт асуулгүй, хичээлийн төгсгөлд бичгээр асуултдаа хариулт авдаг багш байна. Ингэснээр хүүхэд нэр хүндээ алдахгүй.
Урьд орой аав нь согтуу ирээд оройжин хэрүүл хийгээд, хямарчихаад сууж байгаа хүүхэд байгаа. Тэр тухай бодоод сэтгэл нь үймрээд сууж байхад нь багш юм асуугаад хариулж чадалгүй, түүнээсээ болж тэнэг мангараараа дуудуулж болохгүй биз дээ.
Өөрийн бодлыг илэрхийлснийх нь төлөө багш нь няцаадаггүй, ялгаварлаж ханддаггүй гэх мэт арга барилуудыг багш нар нээж байна. Ингэж л хүмүүжүүлж, төлөвшүүлэх аргаа багш нар өөрсдөө хичээл заах арга барилдаа нэвтрүүлж байна.
Хүмүүжил гэдэг олон дахин давталттай үйлдэл юм. Ахлах ангиудын хичээл арга барил дээр суурилдаг. Математикийн хичээлээр дамжуулан тооцоолон бодох арга барилыг өөрийн болгож буй.
Монголчууд ном уншихгүй байна гээд байдаг. Аав ээж нь ном уншихгүй болохоор хүүхэд ном уншихгүй. Ном уншина гэдэг үйлдэл. Тиймээс хүүхдүүд аав ээжээсээ харж л суралцана. Тиймээс ангийн номын сан гэж хийсэн.
Анги бүр дотроо номын сантай. Яагаад ингэж хийсэн бэ гэхээр тухайн ангийн 30 хүүхдийн дунд аав ээж ном уншдаг хүүхэд байгаа. Аав ээжийгээ харж үлгэрлээд хүүхэд нь ч ном уншдаг болж хүмүүждэг. Харин тэр уншдаг хүүхэд номын ангийнхаа сангаас ном уншихыг хараад бусад хүүхдүүд үлгэрлэж номонд дуртай болох юм.
Ингээд ерөнхий боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлж байгаа юм. Бид хүнээр удирдуулж биш, өөрийн хүслээр сурдаг ард түмэнтэй болъё гэж зорьж байна. Өөрийн хүслээр биеэ даагаад сурч чаддаг арга барилыг эзэмшүүлэхийн тулд аливааг өөрөөр нь хийлгэхийг чухалчилж байгаа.
-Тэгэхээр өнөө цагийн багш нар их өөрчлөгдсөн байх нь ээ?
-Урьд нь багш нар яавал гоё заах вэ гэдгийг чухалчилдаг байсан. Гэтэл зааж байгаа хүн нь сурахыг хүсэхгүй бол яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Биднийг бага байхад зургаан жил орос хэл заадаг байсан. Зургаан жил үзэж, онц дүн авдаг байсан мөртлөө орос хэл сураагүй. Одоо бол 60 хоногийн дотор англи хэл сурч болж байна. Тэгэхээр багш нарын хувьд заах, сургах гэдэг томъёлол суралцахуй гэдэг рүү шилжсэн.
-Багш нар чиглүүлж л өгнө гэсэн үг үү?
-Хүүхэд бүрийн мэдлэг, чадврын түвшин өөр. Тиймээс багш нар хүүхэд бүрийн онцлогт нь тааруулж ажилладаг болж өөрчлөгдсөн. Аав ээжүүд хүүхдийнхээ түвшинг мэдэхгүй хэт их зүйл шаардах нь бий. Энэ л багш нарт тулгардаг хамгийн том хүндрэл.
Өөрийн удирдлагатай суралцах систем рүү шилжиж байгаа юм. Энэ бол цоо шинэ онол л доо. Боловсролын цоо шинэ онол нэвтэрч байна гэж ойлгож болно. Шинэ систем рүү шилжихэд анхаарах зүйл нь хүүхэд бүрт БОДОХ, ШИЙДЭХ, ИЛЭРХИЙЛЭХ цогц чадвар эзэмшүүлэх шаардлагатай.
Энэ цогц чадварыг эзэмшсэнээр хүүхэд аливаа асуудалтай тулгарахаараа бодож, түүнийхээ үр дүнд гарц олж шийдвэр гаргадаг болно. Дандаа шийдвэр гаргаж түүнийгээ илэрхийлдэг хүмүүс өөрийн бурууг ч хүлээж сурдаг.
Өөрийн удирдлагатай системээр боловсрол олгосноор хүүхэд амьдралын ухаантай, бодож, шийдэж илэрхийлж чаддаг, мөн идэвхтэй суралцагч болж төлөвшдөг. Идэвхтэй суралцагч гэдэг байнга шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлж байдаг.
Идэвхтэй суралцагч биш бол өөрийнхөө мэдлэг багатай гэдгийг өөрөө ч мэддэггүй. Шинэ боловсролын онолын гурван багана нь энэ гурав. Тэгж байж их дээд сургуульд суралцахдаа зорилготой очих юм.
“Оюутнуудынх нь 10 хувь гадаадын шилдэг сургуулиудад суралцдаг улс орон дэлхийн хаана ч байхгүй”
-Гадаадын орнуудад багш нар нь судалгаагаа ч хийгээд, хичээлээ ч заадаг манайд багш нарын ийм чадвар дутмаг байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Зорилготой болж их сургуульд орсон оюутнууд өөрсдөө эрэлхийлж, багшаасаа зөвлөгөө аваад суралцаад эхлэхээр их дээд сургуулийн багш нарт ч судалгаандаа зарцуулах цаг гардаг. Оюутнууддаа санаа зовох нь багасахаар шинжлэх ухаандаа санаа зовж, тэр хэрээр шинжлэх ухааны нээлтүүд их төрдөг.
Онолын мэдлэгийг практик хичээлийн үеэр өгөх, эсвэл хэвлэмэл материал тараах гэх мэтээр онолд зарцуулах цагаа багасгаж, практик хичээлийн цаг нэмэгдэж буй. Ингэснээр инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд нэгдүгээр ангиасаа робот угсарч эхлээд, төгсөхдөө нэг робот бүтээж байна.
-Манай их дээд сургуулиуд ийм болж чадсан уу?
-Олон мэргэжил энэ чиглэл рүү явж байна. Сая 160 багшийг энэ сургалтанд хамрууллаа. “Бүтээлч оюутан” гэдэг төсөл хэрэгжүүлж буй нь ч ийм учиртай. Өөрсдийн санаачилгаар юм хийж, тэр явцдаа мэдлэгээ ч олох юм.
-Баруунд сургуулиуд дэргэдээ судалгааны лаборатори, тэр байтугай лабораториос гарсан нээлтийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэртэй байдаг.
-Их сургуулиуд шинжлэх ухааны байгууллага болж хөгжсөн нь нэн шинэ үеийн түүх л дээ. Сүүлийн хориод жил ийм болж өөрчлөгдсөн. Томоохон их сургуулиудын түүхийг харахад банкирууд үе залгамжлагчдаа бэлдэхээр их сургуулиуд байгуулж л дээ.
Уурын хөдөлгүүр гарсны дараа үйлдвэржилт болох хүртэл 50 бараг зуун жил зарцуулсан. Дараагийн онол болох электроникийн нээлт хийснээс хойш 20 жилийн дараа эдийн засаг бий болгосон. Гэтэл мэдээллийн эрин зуунд шинэ нээлт шинэ эдийн засгийг гуравхан жилийн дотор бий болгож байна. Цаг хугацааны хувьд шинжлэх ухаан, эдийн засаг хоёр ингэж ойртож байгаа учраас их сургууль, үйлдвэр хоёрыг нийлүүлэх нь гарцаагүй болж байгаа юм.
Нөгөөтэйгүүр шинжлэх ухааны ямар шинэ бүтээл хүнд хүрч байна вэ гэхээр дараа үед амьдрах өнөөдрийн 20 настнуудын санаа л амжилт олж байна. Өнөөдрийн 20 настай залуус арван жилийн дараах нийгмийн гол хүмүүс нь юм. Тиймээс 20 настнууд ямар хувцас өмсөж, ямар загварын машин унахыг хүсэж буйг тэд өөрсдөө л сайн мэднэ. Тиймээс тэдний санаа дараагийн арван жилийн бараа бүтээгдэхүүний өнгө төрхийг тодорхойлж байгаа юм.
Их сургуульд ойрхон эрдэм шинжилгээний ажил ийм учраас л үр дүнтэй байдаг. Өнгөцхөн харахад хүүхдийн санаа юм шиг боловч тэдний санаа бол маргаашийн худалдан авагчдынх нь хүсэл сонирхол юм. Тиймээс л их сургуулиас төрж буй бүтээгдэхүүний үнэ цэнэ нэмэгддэг. Хүрээлэнгүүдэд 30-60 настнууд судалгаа хийж байна. Гэтэл 60 настай хүн 20 настай залуугийн сэтгэлгээний онцлогийг ойлгохгүй шүү дээ.
Энгийн жишээ дурдахад л миний үсний засалт 20 настай залуугийнхаас шал өөр байгаа биз. Надад зориулж үсчин бэлдчихээр арван жилийн дараа тухайн үсчнээр үйлчлүүлэх хүн олдохгүй шүү дээ.
Бид шинжлэх ухааны хоёр парктай боллоо. Гарааны компаниас эхлээд корпораци хүртэл байгуулах эрхийг нь хуулийн дагуу олголоо. Их сургууль бизнес эрхлэгч хоёр хамтарч үйлдвэр байгуулж болно гэсэн үг. Их мөнгө олохдоо биш, гол нь шинэ зүйл нээх. Түүнийгээ нэг тэрбум хятад, нэг тэрбум энэтхэг хүнд борлуулъя.
Бидэнд давуу тал бий. Нийт оюутнуудынх нь 10 хувь гадаадын шилдэг сургуулиудад суралцаж байна. Ийм улс орон дэлхийн хаана ч байхгүй.
Нийт залуусынх нь 60-70 хувь өндөр боловсрол эзэмшиж байна. Энэ бол нэг хүнд ногдох ДНБ нь 4000-5000 ам.долларын эдийн засагтай оронд гайхалтай үзүүлэлт. Хятадад гэхэд 500 сая тариачин байгаа, Энэтхэгт сургууль соёл байтугай бүртгэл ч үгүй 300 сая хүнтэй. Гэтэл бид 100 хувь их дээд сургуульд хамрагдаж болохоор байна.
“Зүүдэндээ тоо боддог хүүхэд байлаа”
-Тэтгэлэг гэж таныхаар юу вэ. Оюутнууд бол нэг том боломж гэж хардаг, Засгийн газар, компани, УИХ-ын гишүүд юуны төлөө оюутнуудыг дэмжих гэж мөнгө зориулдаг юм бэ?
-Залуу хүнд олдож буй боломж шүү дээ. “Сайн оюутан” хөтөлбөр баталснаар аав ээжүүдийг банкны хүүгийн дарамтаас чөлөөллөө. Боловсролоор дамжин улс орон өөрчлөгдөнө гэж би хэлсэн. Харин тэр дамжих ёстой боловсрол нь тухайн айл ямар байхаас үл хамаарч хүртээмжтэй, нээлттэй байх ёстой.
Өөрөөр хэлбэл аав ээж нь өрөнд орсон байж болно, мөнгөгүй байж болно. Гэхдээ л хүүхэд нь зорилготой, авьяастай бол хүссэн сургуульдаа сурч чаддаг боломж бүрдэх ёстой. Ийм учраас л дэлхийн шилдэг 100 сургуульд суралцаж буй оюутнуудын ар гэрийн амьдралыг үл харгалзан тэтгэлэг өгч байна. Сургалтын төлбөрийн зээлийн хүүг 5 хувь болголоо.
Өөрийн чинь томъёолж буй шиг тэтгэлэг гэдэг боломж юм. Харин тэр боломж нээлттэй байвал улс орон хөгжиж, хумигдахын бол улс орон уруудна. Тиймээс цаад зорилго нь ямар ч бай залууст тэтгэлэг өгч буй хүмүүст би чин сэтгэлээсээ талархдаг.
-Тэгэхээр сүүлийн үед эрс нэмэгдэж буй баян ядуугийн ялгааг арилгах гол хүчин зүйл нь боловсрол гэж ойлгож болох нь ээ?
-Оюун ухаанаа үнэлж, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болчихвол өнөөдрийн баячууд чинь ядуу хүмүүс шиг л харагдана.
-Та тэтгэлэгт яаж хамрагдаж байсан бэ?
-Шалгалт өгөөд тэнцэж байсан. Математикт маш их дуртай, зүүдэндээ тоо боддог хүүхэд байлаа. Өдөрт 4-5 цаг тоо боддог байсан.
-Таныг тэтгэлгийн шалтгалтын бүртгэлээс хоцорчихоод “Би тэнцэх ёстой” хэмээн орж байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Японоос засгийн газраас 1991 онд шалгалт авч байсан юм. Бүртгэлээс нь хоцорчихоод шалгалт авч байсан ангийн хаалгыг татаад “Би эднээс илүү бодож чадна” гэж хэлээд шалгалтдаа орж байлаа. Тэгээд л тэнцээд явж байсан даа.
Хар нялхаараа хөгжингүй оронд хөл тавьсан маань амьдралыг минь их л өөрчилсөн дөө. Тухайн үедээ л сайхан дурсамж. Одоо бол Массачусетсийн их сургууль, Харвардад орохгүй бол голдог болчихоод байна шүү дээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд янз бүрийн тэтгэлэгт хамрагдаж гадаадын орнуудад 5000 оюутан суралцлаа. Намайг оюутан байх үед тав арван л хүүхэд явдаг байлаа шүү дээ.
Орчин үеийн хүүхдүүд гайхамшигтай болчихсон. Бид нар бол юугаа ч мэдэхгүй явдаг байсан. Ямар сайндаа “Японд очихоор агаар олдохгүй шүү” гэж захиж байх вэ дээ. Хамгийн гол нь одоогийн залуучуудад зөв сэдлийг нь өгөх хэрэгтэй. Дэлхийд өрсөлдөх залуус олноороо төрж байна шүү дээ.
-Монголчуудын дунд нийтлэг байдаг дутагдал бол бүрэг, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай. Гэтэл Увсын дунд сургуулийн сурагч Японы засгийн газрын мэргэжилтнүүдийн шалгалтад “Би тэнцэхгүй бол өөр тэнцэх хүн байхгүй” гээд орсон гэхээр сонин санагдаж байна. Яаж ийм өөртөө итгэлтэй, дайчин болсон юм бэ?
-Тоо бодсоны л буян. Тоо бодсоор байгаад шийдвэр гаргаж түүнийгээ илэрхийлээд сурчихсан байна.
-Яаж тэр чадварыг эзэмшив?
-Сайн багшийн буян. Бас ээж аав хоёр завгүй, олуулаа гэртээ бужигнаж байгаад л энэ чадварыг олж авсан юм болов уу. Хөндлөнгийн оролцоогүйгээр хүүхэд маш хурдан хөгждөг.
-Өрсөлдөөд үү?
-Бие биенээ нөхөөд. Жишээбэл, хүүхэд цэцэрлэгт ороод л маш хурдан бие дааж сурдаг. Багш нь зааж чиглүүлсэндээ биш, дэргэдэх хүүхдүүдээсээ суралцаад л хурдтай хөгжиж байгаа юм.
-Аав, ээж хоёр тань их хөдөлмөрч хүмүүс бололтой. Тэр нь танд нөлөөлсөн болов уу?
-Ээж аав гэдэг хүүхдийн толь. Аавынхаа нурууны хөлсийг харж өссөн эр хүн гэж ярьдаг. Тэр хөлсний амтын мэдэрсэн хүүхэд хөдөлмөрөөс зугтаахгүй. Хүүхэд миний дэргэд өсвөл намайг дуурайна. Надаас хол өсвөл ээжийгээ л дуурайна. Тиймээс энэ үлгэр дуурайл гэдэг генээс илүү нөлөөтэй.
Манай аав намайг ухаан орсон цагаас жолооч хийж байсан. Ээж маань чацаргана тарьдаг байв. Эмээ минь орчин үеийн фермер маягтай малаа зундаа бэлчээрт гаргаж, өвөлдөө хашиж мал аж ахуй эрхэлдэг байлаа. Нэг ёсондоо гурван үеийн аж ахуй хэрхэн эрхлэхийг нүдээр харж, гар бие оролцон тусалж өслөө шүү дээ.
Би есөн настайгаас хадлан хадаж эхэлсэн. Арван настай буюу гуравдугаар ангид байхдаа хадлан хадаж байгаад авсан шарх энэ байгаа юм.
Тэрбээр ийн хэлээн өмднийхөө шуумгийг сөхөж баруун хөл дээрх их л гүн зүссэн болов уу гэмээр том сорвийг үзүүлэв.
Гуравдугаар ангийн нөхөр хадлан хадаж байтал долдугаар ангийнхан ирээд хадалцаж л дээ. Тэгэхээр л “Та нар хадаж чадахгүй байна аа. Би өөрөө хадъя” гээд хадуураа булаацалдаж байгаад хадуураар зүсчихсэн.
Хадлангаа хадна, өөрөө овоолж, хураана. Сааль сүүнд нь тусална, хоолоо хийнэ. Зундаа ээжийнхээ чацаргана тарих ажилд тусална. Аавыгаа ирэхэд нь хэдэн цагт ч хамаагүй босож машиныг нь хучиж, угааж цэвэрлэх ажлыг хариуцна.
-Таныг дунд сургуульд байхдаа математик төдийгүй хими, физик гээд байгалийн ухааны бүх л хичээлдээ сайн, аймаг бүсийн олимпиадад байнга оролцож амжилт үзүүлдэг байсан гэж ангийнхан чинь хэлсэн. Тэр ч байтугай урлаг соёл, спортын арга хэмжээнд ч идэвхтэй оролцдог байсан гэсэн. Яаж тэр их ажлын хажуугаар хичээлээ амжуулдаг байсан юм бэ?
-Аргыг нь олчихсон хүнд хичээл хийх амархан гэдэг нь тэр байхгүй юу. Мал аж ахуй, газар тариалан, авто тээвэр гээд гурван үеийн аж ахуйд гар бие оролцож явсан болохоор тэндээс их зүйл сурсан. Тэгээд л нэгдүгээр курстээ мөрийтэй тоглоомын программ зохиогоод, компьютерээр мөрийтэй тоглуулдаг байлаа. Тэгээд бодохоор орчин цагийн бизнест 18 настай хөл тавьж байсан байна.
-Японд цалинтай оюутан байв уу. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан уу?
-Сарын 1400 ам.долларын стипенд авдаг байсан. Гэхдээ хичээлийнхээ хажуугаар ажил хийж сард 4000-5000 ам.доллар олохгүй бол сэтгэл нь ханадаггүй тийм л үеийнхэн шүү дээ, бид нар чинь. (инээв)
-Ямар ажил хийдэг байв?
-Зоогийн газар, дэлгүүр, шууданд гээд олон газар олон төрлийн ажил хийсэн. Гэхдээ одоо тэр олон ажил хийлгүй суугаад программаа хийсэн бол гэж харамсдаг. Магадгүй фэйсбүүк шиг олон нийтийн сүлжээг би түрүүлж хийх байсан ч юм билүү. Монголчууд японуудаас илүү сэтгэдэг. Хил хязгааргүй, өргөн сэтгэдэг. Япон хүүхдүүд бол яг л барьж авсан зүйлдээ л улайрчихдаг.
-Японд очихдоо япон хэлний мэдлэг хэр байв?
-Коничива ч байхгүй очсон.
-Хэлний бэрхшээл их гарч байсан байх даа. Таныг япон хэл сурах гээд өдөрт 100 үг цээжилдэг байсан гэж нэг хэвлэлд бичсэн байсан.
-Зургаан сар япон хэл сурчихаад шууд гуравдугаар курсээс нь орж билээ. Тэгээд нэг улиралд 15-16 хичээл үзэхэд дундаж дүн нь 97 гарч байсан юм. Тийм богино хугацаанд япон хэл үзсэн атал ийм амжилттай суралцсанд япон багш нар бүр гайхаж байсан. Тухайн үед надаас ухаантай хүн байхгүй юм шиг л санагддаг байж билээ. Одоо ч бүгд л надаас ухаантай болсон л доо. (инээв)
-Та хамгийн сүүлд хэзээ явган алхсан бэ?
-Байнга л алхдаг. Гэр маань ойрхон учраас өглөө оройдоо алхчихдаг.
-Одоо ярилцлага дуусахаар алхаад харих уу?
-Үгүй ээ. Дахиад хоёр гурван уулзалт бий. Харих болоогүй байна.
“Нялх улстөрч байсан бол би чадахгүй шд”
-Таныг Японоос ирэхээсээ өмнө улстөрч болно гэж шийдсэн байсан гэсэн. Яагаад заавал улс төрд орохоор шийдсэн юм бэ?
-Соёлын шок залуу хүнд бүхнийг чадах юм шиг мэдрэмж төрүүлдэг шиг байгаа юм. Улс орноо хөгжүүлье л гэж зорьсон хэрэг.
-Улс орноо хэрхэн хөгжүүлэх аргаа ч олчихсон байсан гэсэн үг үү?
-Аргаа олоогүй. Ямар ч хамаагүй аргаар хөгжүүлнэ гэж л бодож байж. Ялгаагүй л төөрөлдчихсөн явсан. Тухайн үед шинжлэх ухаанаар улс хөгжих юм байна гэж боддоггүй байсан.
-Тэгээд хэдийнээс ийм бодол төрөв?
-Яг долоон жил УИХ-д суугаад л ийм бодол төрсөн. Бид чадахгүй юм байна. Нүүрсээ зараад бид хол явахгүй юм байна гэдгийг ойлгосон.
-Тэгээд л судалж эхэлсэн үү?
-Тэгсэн. Гаргалгаа нь мэдлэгийн эдийн засаг гэх боловч нарийн учрыг нь тайлбарлаж өгөх хүнгүй байв. Тэгээд л бүтэн жилийн турш боловсролын тухай судалсан. Нэг давуу тал нь долоо найман жил УИХ-д суучихсан учраас сайд болсны дараа би зоригтойгоор бодлогоо хэрэгжүүлсэн. Нялх улс төрч байсан бол би чадахгүй шд.
-Тухайн үед шантарч байсан уу?
-Одоо л шантарч эхэлж байна даа. Зам тавих технологи жил бүр шинэчлэгдэж хөгжиж байгаа шиг боловсролын салбар бас хувьсан өөрчлөгдсөөр л байна. Тиймээс би энэ салбарын ирээдүйг бүрэн харж байна гэж өөрийгөө хэлж чадахгүй. Гол нь миний өмнө хэлсэн үндсэн гурван зарчим нь л алдагдахгүй.
Боловсролын салбарын энэ өөрчлөлтийг би ганцаараа хийгээгүй. Яг үнэндээ хонх дугарч, хичээл эхлэн, хаалга хаагдахад ямар ч яамны сайд түшмэл дарга нар биш, багш сурагч хоёр л тэнд үлддэг. Тэнд л жинхэнэ амьдрал буцалж байдаг юм.
Эх орончид гэхээр л жагсаал цуглаан хийдэг гэж хүмүүс төсөөлдөг. Яг үнэндээ манай энэ хэдэн багш нар чинь хамгийн эх оронч хүмүүс. Цалингаараа шавь нартаа ном, сургалтын хэрэгсэл авч өгдөг. Борогдуу амьдралтай айлын хүүхдүүдэд цалингаараа хувцас авч өгдөг юм шүү дээ.
Бид бүтэн гурван цагийн турш ярилцаад өрөөнөөс нь гарахад хэдийнэ 20.00 цаг өнгөрч байлаа. Гэсэн ч түүний ажил дундраа ч үгүй бололтой. Үүдэнд нь Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай бидний яриа өндөрлөхийг бүтэн цагийн турш хүлээсэн. Туслахаас нь асуувал дахиад ч уулзалтууд бий гэнэ. Хэдийд харихыг нь бүү мэд.