Манайх  гэдэг айл битүү тэмээн дундаас утаа олгойдож харагддагсан
2011.07.04

Манайх гэдэг айл битүү тэмээн дундаас утаа олгойдож харагддагсан

Монгол Улсын их хурлын гишүүн, доктор Жамьянсүрэнгийн Батсуурь манай сонины "Өдрийн зочин"-оор уригдлаа.

Тэрээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1960 онд нэгдлийн мянган тэмээт Жамьянсүрэнгийн гэх айлын 11 хүүхдийн эрэгтэйчүүдийн хамгийн ах нь, дээрээ хэдэн эгчтэй мэндэлсэн. Аав Жамьянсүрэн нь нутаг усандаа алдартай тэмээчин, ээж Дуламжав нь гэрийн ажилтай сүү цагаан идээ боловсруулах мэргэн ухаантай хүн сэн. Мянган тэмээтийн гэж алдаршсан Жамьянсүрэнгийнхээс нэгэн хүү алсын моринд дөрөөлж байсан нь холын Европыг зорьсон Ж.Батсуурь хүү байлаа. Аав нь хүүгийнхээ  дөрөөг сүүгээр мялааж эрдмийн ихийг өвөрлөн ирэхийг ерөөж байсан сан. Хүү аавын захиасыг биелүүлж тэр үеийн БНСЧУ-ын Братислав хот дахь техникийн их сургуульд суралцан эдийн засагч мэргэжлээр төгсөж ирсэн юм. Тэрээр дээд сургууль төгсөж ирээд Монгол Улсын их сургууль, техникийн их сургуульд багш, эвлэлийн хорооны дарга, салбар сургуулийн дэд захирал зэрэг албыг хашин олон зуун шавьтай багш болжээ.2000 оны сонгуулийн дараа Дорноговь аймгийн Засаг даргад олон хүн өрсөлдөхөд нутгийн түмэн нэр дэвшүүлж дэмжиж байснаар Дорноговь аймгийн Засаг дарга болгочихсон. Ингэж Жамьянсүрэнгийн Батсуурь аймгийн Засаг дарга болж найман жил өсөж төрсөн нутгийнхаа олон түмнийг удирдан зохион байгуулж билээ.

Тэрээр, мөн ч хүнд үед Дорноговь аймгийн Засаг даргын албыг авч билээ. Олон жил ган зуданд автан мал хүн хоёр туйлдсан нутаг байсан. "Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж болдог л юм даа" хэмээн ярих дуртай тэрээр тус аймгийг найман жил удирдахдаа тэргүүний аймгийн хэмжээнд хүргэж, ерөнхий сайдын өргөмжлөлийг гурван удаа, салбарын сайдын өргөмжлөлийг есөн удаа хүртсэн юм. 2008 онд Ж. Батсуурь төрсөн нутгаа төлөөлөн УИХ-д суухаар өрсөлдөж ялсан билээ. Тэрээр УИХ-д Дорноговь, Говьсүмбэр аймгийн 17 сумын иргэдийг төлөөлөн суухдаа сүүлийн гурван жилд их ажил амжуулжээ. Их хуралд, санал бодлоо чөлөөтэй уралдуулдаг, хэлэх гэснээ хэзээ хаана ч чөлөөтэй хэлчихдэг энэ эрхмийн хэлсэн ярьсан нь үнэ хүндтэй, хийсэн бүтээсэн нь харагдахуйц байдаг юм. УИХ-д суусан гурван жилийн дотор хууль боловсруулах зургаан ажлын хэсгийг ахалж, хорь гаруй ажлын хэсэгт оролцон ажилласан аж. Тэмдэгтийн хураамжийн тухай хууль амьдралаас хол хөндий жижиг аж ахуйн нэгжүүдийг сөхрөөхөд хүрсэн хууль байсанд, нэмэлт өөрчлөлт оруулахаар голлон зүтгэсэн хүний нэг нь Ж.Батсуурь. Тэгээд ч амьдралаас тасархай хууль хэдхэн сарын дараа өөрчлөгдөж аж ахуйн нэгжүүдийн тэмдэгтийн хураамжийг ялгавартай тогтоох болсон.

Иргэд аж ахуй нэгжүүд эрхэм түшээ Ж.Батсуурьт талархлаа илэрхийлсээр байна.Доктор Ж.Батсуурь эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Д.Гэрэл нь Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байна. Ж.Батсуурь нь УИХ-ын Эдийн засаг, төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн. Монгол-Чех, Монгол-Камбож, Монгол-Словак зэрэг улсуудын парламентын бүлгийг ахалж ШУА-ийн бага чуулганы гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монголын даамын холбооны ерөнхийлөгч зэрэг томилолтын болон сонгуульт олон алба хашдаг юм. Түүнд Монголын төр хүндэтгэл үзүүлэн олон удаа одон медалиар шагнаж байсны дээр орон нутгийн шилдэг удирдагч, шилдэг менежер зэрэг шагналыг хүртээжээ. Ж.Батсуурь УИХ-даа хууль боловсруулж, их говьдоо ажлаа амжуулсаар явна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.