Ж.Сүхбаатар: Миний хувьд шударга ёсны дуу хоолойгоо хэзээ ч сулруулахгүй
2011.06.20

Ж.Сүхбаатар: Миний хувьд шударга ёсны дуу хоолойгоо хэзээ ч сулруулахгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарыг "Өдрийн шуудан" редакцийн зочноор урилаа. Түүнийг олон нийт хамгийн залуу төрийн түүшээ гэдгээр андахгүй. "Ясны хуульч" хэмээн өнөөдөр ч дурсагдсаар байдаг УИХ-ын гишүүн Төмөр агсны шавь түүнийг багшийнхаа шийрийг хатааж яваа гэж мэдэх хүмүүс үнэлдэг юм билээ. Үндсэн хуулийн ажлын хэсгийг ахалж, УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсэгт багагүй хувь нэмэртэй оролцож яваа түүнтэй ийн ярилцав.

-Юуны өмнө УИХ-ын гишүүний болон Байнгын хорооны даргын хувьд ямар асуудлуудад анхаарч ажиллаж байгаагаас ярилцлагаа эхлэе?

-Оны өмнө Байнгын хорооны даргаар сонгогдсон. Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргаар сонгогдоод хамгийн эхний нүүр тулсан асуудал бол УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай байсан. Мэдээж гурван жилийн турш яригдсан УИХ-ын сонгуулийн хууль тулгамдсан, бас анхаарал татсан асуудлын хувьд багагүй цаг хүч хөдөлмөрөө зориулж байна. Харин өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Сонгуулийн хоёр хуулийн төслийг ажлын хэсэг нэгттэн манай Байнгын хороон дээр анхны хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа явуулсны эцэст дуусгалаа. Мөн УИХ-ын дарга Д. Дэмбэрэлийн захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийг надаар ахлуулан байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт засварын хүрээнд бид юуг шийдэж болох талаар анхаарал тавьж ажиллаж байна. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль сая батлагдлаа. мөн Х.Тэмүүжин гишүүн бид хэдийн санаачилсан нийтийн албан дахь сонирхлын зохицуулах тухай хуулийн төсөлд багагүй анхаарал хандуулж байна.

-Улс төрчид төдийгүй олон нийт УИХ-ын сонгуулийн хуульд хамаг анхаарлаа хандуулж байгаа. Нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгийг ч хийлээ. Гэхдээ чухал заалтуудаа хойш тавьсан. Үүн дотор сонгуулийг ямар хувилбараар явуулах асуудал орсон. Өдгөө яригдаж буй хувилбаруудын давуу, сул тал нь юу вэ?

-Манай өнгөрсөн таван сонгууль бүгд мажоритар системээр явагдсан. 1992, 2008 оны сонгууль мажоритар системийн нэг хувилбар болох нэг тойрог - олон мандат хувилбараар явагдсан. Харин бусад гурван сонгууль нэг тойрог- нэг мандат системээр явагдсан. Мажоритар системээр сонгууль явуулж ирсний үр дүнд манайдаа шинэ тутам парламент бий болж, ямар ч байсан өөрийн өнгө төрх, хэлбэр дүрсээ олжээ. Гэхдээ эерэгээсээ дутуугүй сөрөг тал багагүй гарч. Авлига хавтгайрч, эдийн засагт ахиц гарсан ч хүмүүсийн амьдрал төдийлөн дээрдсэнгүй. Ажилгүйдэл газар авч, нийгмийн сөрөг үзэгдэлдээ дарлуулсан ядуу орон хэвээр. Улс төрийн намууд төлөвшиж чадахгүй, энэ хэрээр иргэдийнхээ итгэлийг хүлээхгүй байна.

ХЭДИЙГЭЭР СОНГУУЛИЙГ МАЖОРИТАР СИСТЕМЭЭР ЯВУУЛСАН Ч ЗАСГИЙН ГАЗРАА ПРОПОРЦИОНАЛИАР БАЙГУУЛСАН

Энэ мэтийг засах суурь, зарчмын эерэг зүйлд далласан өөрчлөлт хийхийн тулд бид сонгуулийн тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлага өнөөгийн амьдралаас урган гараад байгаа учраас одоогийн мажоритар системээс пропорциональ системд шилжсэн шилжилт хийх ёстой. Парламент пропорциональ системд бүрэн шилжих үү, хэсэгчлэн шилжих үү гэсэн хувилбарыг ярьж, хэлэлцээд сонгуулийн холимог буюу хосолмол хувилбарт ерөнхийдөө санал нэгдсэн. Ер нь сонгуулийн тогтолцооны огцом өөрчлөлт хийх нь томоохон цочролыг бий болгож, сөрөг үр дагавар дагуулдаг гэж судлаачид үздэг. Бид хэрвээ зуун хувь пропорциональ системд шууд шилжвэл эрх зүйн болон улс төр, нийгэмд гэнэтийн олон асуудал гарч ирнэ. Тогтолцоо бүхэн өөрийн давуу болон сул талтай. Мажоритар бол хувь хүн дээр тулгуурласан тогтолцоо. Энэ утгаараа тойрогтойгоо ямагт нягт харилцаа, холбоотой байхыг шаарддаг. Харин пропорциональ нь намд тулгуурласан, бодлого ярьдаг давуу талтай тогтолцоо. Харин хосолмол тогтолцоо нь энэ хоёр системийн сайн талуудыг зэрэгцүүлэн хэрэглэдэг. Бид энд хосолмол хувилбарыг 50:50-иар буюу одоогийн 76 мандатаа 38:38-аар тэнцүүлэн хэрэглэж болох нэгдүгээр хувилбар байгаа. Гэхдээ энэ нь манай нөхцөлд тойрог хуваарилахад бэрхшээл үүсгэнэ. Манайх 21 аймагтай. Түүнээс Дорноговь, Говьсүмбэр нэг тойрогт багтаад, аймгууд нийт сонгуулийн 20 тойрогт хуваагддаг. Нийслэлийн хувьд сонгуулийн зургаан нэгж болдог. Ингэхээр цаана нь 12 мандат үлддэг. Гадаад орнуудын хувьд сонгуулийн тойргийн хил хязгаарыг парламент нь  хэлэлцэн шийдэх, эсвэл хил хязгаарын хороо байгуулах замаар шийдвэрлэдэг. Үүнээс гадна манайх шиг нэгдмэл улсад парламентын гишүүд нь хүн амын төлөөлөл болдог байхад сүүлийн жилүүдэд манайд газар нутгийн төлөөлөл давамгайлах болсон. Гэтэл манай Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нь ард түмний элч буюу хүн амын төлөөлөл байна гэсэн заалттай. 2008 оны сонгуулийг аваад үзье. Нийт 20 мандаттай нийслэлд судалгаагаар АН гарах магадлалтай байсан. МАХН /хуучин нэрээр/ нийслэлийн зургаан мандатыг авсан учраас нийслэлд ялагдал хүлээж, нийслэлд АН ялсан. Гэтэл улсын дүнгээр манай нам 45 суудал авч ялсан. Үүнээс болж зөрчилдөөн үүсч байсныг Та бүхэн санаж байгаа байх. Мажоритар систем нь ингэж сонгогчдын саналыг гээдэг. Сонгуулийн тойрог хуваарилахад хүн амын асуудлыг харгалзаж үзээгүйн улмаас ийм хурц асуудал үүссэн. Нөгөө талаар сүүлийн хорин жилд нам институцийнхаа хувьд төрийг авч явж чадахгүй байна. Нам дотор байгаа хэсэг бүлэг хүмүүс “нам” гэж харагдаж ирсэн. Өнөөдөр намууд төлөвших шатандаа л явна. УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар Р.Раш гуай “Төрийг тооно гэх юм бол багана нь нам юмаа” гэж хэлсэн. Энэ баганыг ганхуулахгүй, бат бэх болгоход буюу намыг цаашид нам шиг болгоход сонгуулийн хосолмол тогтолцоо дэм тустай. Миний хувьд пропорциональ систем тодорхой хувиар орж ирээсэй гэж бодож байна. Мажоритар, пропорционалын харьцаа 26:50 байвал тойрог хуваарилахад бүр амар, 52:24 нь ч бас боломжийн. Харин 38:38 нь тойрог хуваарилахад түрүүчийн бэрхшээлийг шийдэхэд амаргүй.

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд жаахан шүүмжлэлтэй хандах гээд байдаг гишүүдийн нэг бол та. Үнэхээр болж, бүтэхгүй зүйл их байна уу. Гэрэл гэгээтэй талыг нь хэрхэн олж харж байна вэ?

-Улс төрийн намд, засаг төрд хүмүүсийн итгэх итгэлийг сэргээх асуудал дэлхий дахинд тулгарч байгаа. Нийгмийн энэ капитал, итгэлцлийг хэрхэн яаж бий болгох вэ. Манай өнөөгийн нөхцөл байдлыг би ахуй талаас нь тайлбарлая. Өнгөрсөн 20 жилийг аваад үзэхэд хэн маань ч сонгуульд ялсан биднийг нэг тийм “хоосон таваг” л угтаж ирсэн. Одоо бол тэр тавганд ганц ч болов “мах” байгаа харагдана. Гэтэл өнгөрсөн жилүүдэд ердөө ганц “гөөхий” л бидний тавганд байсан. Төрд улс төрийн намууд ээлжлэн гарч ирэх боловч тавган доторх хоолны хэмжээ, тавганы хэмжээ өөрчлөгдөхгүй байгаад байна. Хүн солигдсоноос биш, “гөөхий” солигдсонгүй. Харин сүүлийн жилүүдэд эдийн засаг бас ч гэж сэргэж олон жил огт өөрчлөгдөөгүй “гөөхий”, “ мах” болж хувирсан. Гэтэл тэр жаахан “мах” үнэхээр хүрэлцэхгүй байна.

Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний хамгийн чухал асуудал бол “улс төр” биш юм. Гол нь бид “мөнгөтэй” болох хэрэгтэй байна. 1930-аад онд П.Гэндэн гуай “Баяжихтун” гэж хэлсэнчлэн хүн бүр өөрийн гэсэн өмч хөрөнгө, газар, мөнгөтэй болох ёстой. Харин яаж өмч, хөрөнгөтэй болох вэ. Нэг үеэ бодвол нэг хэсэг нь өөрийн өмч, хөрөнгөтэй болжээ. Гэхдээ нийгмийн баялгийг хүртэж байгаа тэдгээр хүмүүс харьцангуй цөөн байна. Хамтарсан Засгийн газар, Оюутолгойн гэрээнд шүүмжлэх юм олон бий. Гэхдээ би нэг юмаар өдий хүртэл цагаатгаж бодож байгаа. Оюутолгойн гэрээ сайн ч бай, муу ч бай мөнгө оруулж ирж байна. Өнөөдөр хэдийгээр бага байгаа ч гэсэн яваандаа энэ мөнгө өснө.

Тавантолгойг бас хөдөлгөчих юм бол орлого нэмэгдээд л ирнэ. Ингэсээр нөгөө нэг таваг маань гурван таваг болно. Тэнд байгаа махны хэмжээ ч нэмэгдэнэ. Үүний төлөө “Улс төрийг хойш тавьж байгаа”. Хараа хяналтгүй төрд хариуцлага ярихаа больж, улс төрийн системийн баланс алдагдаж байгааг бид харж байгаа. Нийгэмд шударга бус байдал гүнзгийрэхийн хэрээр луйвар, хулгай гаарахыг мэдэж байна. Гэхдээ үүнтэй урвуу хамаарлаар манай эдийн засаг дахь мөнгөний хэмжээ өснө. Бидний тавган дээрх нэмэгдэж, олон хүн өмч, хөрөнгө нэмэгдэхийн хэрээр хууль, шударга ёсыг эрхгүй нэхэж эхэлнэ. Эдгээр нь манай нийгмийн бодит парадокс. 2008 оны сонгуулиа хэдийгээр мажоритар системээр явуулсан ч Засгийн газраа пропорциональ системээр байгуулсан. Намууд ингэж зөвшилцөж байгаа нь дээр дурдсан зорилготой л холбоотой гэж би тухайн үед үзэж дэмжсэн. Жишээ нь, би

Л.Гансүхтэй өрсөлдсөн. Манай нам ялсан. Гэтэл Л. Гансүх сайд болсон. Гэхдээ би зөвшилцлийн том бодлогод бол Ж.Сүхбаатар гэдэг хүний ашиг сонирхол бол хоёрдогч гэж хүлээн зөвшөөрсөн. Том хүрээнд бол Оюу толгойн асуудал зөв юмаа. Үүний үр дүнд олон байгууллага, иргэд ямар нэг хэлбэрээр санхүүжилттэй болж байна. Хэрвээ энэ асуудал шийдэгдээгүй бол хэн энэ санхүүжилтийг гаргах байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Нөгөө талаар мөнгөжих хэрээр тэндээс булаалцалдах бүлгүүдийн тэмцэл хурцадна гэсэн үг. Хуучин та нар авлига бага байсан гэж бодож байна уу. Үгүй, авлига байж л байсан. Гэхдээ булаалдах юм нь бага байсан учраас авлигын хэмжээ бага байсан. Одоо энэ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин манай их сургуулийн доод анги. Тэмүүжин бид хоёр 1996 онд авлигаас урьдчилан сэргийлэх сэдвээр илтгэл бичээд шилдэг оюутан болж байсан юм шүү дээ. Төгсөх жилээ би энэ сэдвээр эрүүгийн эрх зүйн дипломоо бичиж онц дүнтэйгээр хамгаалсан. Тэр үед авлига жинхэнэ цэцэглэж байсан учраас тэр сэдвийг сонгож авч байсан юм.

-Өнөөдөр шударга бус байдал ноёрхож, зарим тохиолдолд хүмүүсийн итгэл алдарч байгаа мэт санагддаг уу?

-Итгэл алдарч л болохгүй. Ер нь ардчилсан нийгэмд хүмүүсийг тэвчдэг болон тэвчдэггүй гэж ангилж болно. Тэвчдэг хүмүүсийг тэмцэж тэвчдэг, тэмцэхгүй тэвчдэг гэж бас ангилж болмоор. Тэмцэхгүй тэвчдэг хүмүүс бол хорлонтой л доо. Дээр нь ардчилсан нийгмийн хамгийн гол шалгуур бол “хүлээц, тэвчээртэй байдал” юм. Хэрвээ ердөөс тэвчихгүй гэж байгаа бол нэг аргыг сонгоход хүрнэ. Тэр нь радикализм буюу туйлшрагчид засгийн эрхийг авахын төлөө тэмцэх буюу авна гэсэн үг. Ерөөсөө л таны асуудлыг бид хангана, шийднэ гэсэн уриаг радикалистууд дэвшүүлдэг. Сонгуульд оролцож болохгүй, санал өгөхөөр бол нэг л хүний төлөө өг гэдэг. Тийм учраас хэн ч бай ардчилсан нийгмийн соёлт иргэнд ухамсартай байх, өөрийгөө боловсруулах шаардлага зүй ёсоор тавигддаг. Өөрөө өөрийнхөө сайн сайхны төлөө сэтгэ, хөдөлмөрлө, хувиа хичээ. Сайн сайхан амьдрах цаг хугацааг наашлуулахын тулд хувиа бодож, эргэн тойрондоо нөлөөлөх л хэрэгтэй.

Хүн төрөлхтөний түүхэнд өөдрөг үзэлтнүүд л нийгмийг авч явж ирсэн. Өөдрөг үзэлтнүүдийг дотор нь бас муйхар, ухаантай гэж ангилдаг. Муйхар, өөдрөг үзэлтнүүд нь хувьсгалаар асуудлыг шийдчихнэ гэдэг бол ухаантнууд байгаа амьдралд гарц бий гээд өөрийнхөө төлөө тэмцдэг. Тэгэхээр ямар ч нөхцөлд цөхрөнгөө барж болохгүй л дээ. Харин улстөрч бидний хувьд бол шударга ёсны дуу хоолойгоо сулруулж, хэзээ ч унтрааж болохгүй. “Ингэж болохгүй” гэдгийг байнга сануулж, шаардаж байх ёстой. Миний хувьд шударга ёсны дуу хоолой байх үүргээсээ хэзээ ч ухрахгүй гэсэн байр суурьтай байдаг. Ер нь ардчилсан нийгмийн мөн чанар өөрөө эрх мэдлийн эсрэг сөрөн зогсож тэмцэж байдагт оршдог. Ингэж байж нийгмээ эрүүл байлгахад хувь нэмэр оруулдаг жамтай.

-Та УИХ дахь Авлигатай тэмцэх бүлгэмийг санаачлагчдын нэг. Та хэд ямар үйл ажиллагаа явуулдагвэ?

-Өнгөрсөн жил Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр бид гурав санаачилж ийм бүлгэм байгуулсан. Бид Их хуралд нээлттэй сонсголыг анх оруулж ирсэн. Парламентад ус, агаар шиг хэрэгтэй нээлттэй сонсголыг гишүүд дэмжиж хүлээж авсан. Сая бид Их хурлын дэгийн тухай хуулинд хууль тогтоохтой холбоотой сонсгол хийж, оруулсан. Одоо төрийн албанд сонирхлын зөрчлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл бэлтгэж байна. Үүнийг дагаад Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдана. Албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг шиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгдөг байхаар ярьж байна. Төрийн албанд өнөөдөр гэр бүл, хамаатан садны далд сүлжээ үүссэн байдаг. Ингэснээр энэ сүлжээнд “гэрэл цохиулах” ажлыг хийж болно гэж үзсэн. “Гэрэл цохиулна” гэдэг иргэдийг мэдээллээр хангах юм. Ингэснээр иргэд эрх мэдэлтэй болж, энэ байдлыг таслан зогсооно.

-Сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаг болбол үнэхээр хэрэгтэй люм. Гэхдээ тийм амар хэрэгжих үү?

-Энэ асуудлыг шахаж шаардаж хэрэгжүүлэх цаг нь ирсэн гэж бодож байгаа. Эсэргүүцэж байгаа хүн олон бий. Миний хувьд асуудлыг асуудал юм байна гээд орхидог улстөрч болмооргүй байна. Харин асуудлын шийдлийг олоод шийдэх гэж явдаг улс төрч болмоор байна. Ингэж чадахгүй юм бол миний улс төрд байх орон зай байхгүй. Мөн бидний хэсэг гишүүд төрийн алба бол нийтийн үйлчилгээний газар юм гэдгийг ойлгуулах гэж хичээж, тодорхой зарим зүйлийг санаачлаад ажиллаж байна.

-Сонгуулийн хуулийг дагаад Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт орох уу?

-Сонгуулийн хуулийг даган улс төрийн намын зохицуулалтын асуудал хөндөгдөнө. Мөн орон нутгийн сонгуулийн хуулийн асуудал яригдана. Манай байнгын хороо НҮБ-ын төсөлтэй хамтран улс төрийн намын санхүүжилтийн талаар иж бүрэн бодлогын судалгаа явуулсан. Тайланг ирэх намар тавина. Монголын улс төрийн намын санхүүжилт ямар байх, гадны орнуудад ямар байдгийг судалж, бодлогын тодорхой шийдлийн хувилбарыг танилцуулах юм. Мөн намууд татвар төлсөн цэвэр мөнгөнөөс санхүүжих, “бохир” мөнгийг яаж хаах гэхчлэн асуудалд анхаарна.Манай нийгэм сонгуулийн үеэр бүгд өөрсдийгөө толинд хардаг, хараад уурлаад байдаг шүү дээ. Авлига, ашиг сонирхлын зөрчил ч ил цагаандаа гардаг. Тиймээс намуудын санжүүжилтийн асуудлыг зайлшгүй ярих ёстой. Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг үр ашигтай шийдэхгүйгээр эрүүл саруул улс төрийн асуудлыг ярих нь өөрөө утгагүй болчихоод байгаа юм.

-Сонгуулийн хууль хэлэлцэхэд намууд өөрсдийн ашиг сонирхлоо шургуулах гэх нь тодорхой. Энэ нь сонгуулийн тогтолцооны асуудалд илүү харагдаад байна уу гэж анзаарагдах юм?

-Ер нь бол манай нам анх пропорциональ системийг давамгайлуулах санал гаргасан. Намын ажлын хэсэг маань өнгөрсөн жил Их тэнгэрт болсон уулзалтаар 26:50-ийг анх санал болгосон. Пропорциональ давамгайлсан дотроо хувь хүнийг сонгоод, тэр саналыг давхар намд тооцож, намын нэр дэвшигчийг сонгогдсон эсэхийг тодорхойлох хувилбар дэвшүүлсэн. Харамсалтай нь ажлын хэсэгт байсан АН-ын хүмүүс намыг дугуйлах ёстой гэснээс санал зөрөлдөөн гарсан. Одоо АН-ын нөхдүүд маань 26:50 гэсэн тоогоор тоглоод байгаа л даа, гэхдээ бид асуудлыг мэдээж хойш тавиагүй хэлэлцэж, арга замыг хайж байна.

ШИРЭЭНИЙ НОМ БОЛ“БУРХАН БАГШИЙНСУРГААЛ”, “КОРАНСУДАР”, “БИБЛИ” ГУРАВ

-Та хэр их уншдаг вэ. Ширээний ном тань юу вэ. Залууст хандаж заавал унших номын зөвлөгөөөгнө үү?

-Үнэнийг хэлэхэд би одоогоор нэг их уншиж чадахгүй байгаа. Хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа болохоор хуулийн номнуудыг л голдуу унших юм. Харин миний ширээний ном бол хүн төрөлхтний оюуны ноён оргил болох “Бурхан багшийн сургаал”, “Коран судар”, “Библи” гурав. Эдгээр судраас хүн итгэл үнэмшил, амьдралд итгэх өөдрөг үзлээ олдог гэж боддог. Хүн төрөлхтөн энэ номнуудыг л уншиж, олон зууны зовлонг дааж, давсаар, хөгжсөөр ирсэн. Ер нь хүн уншсан номоо товч тэмдэглээд түүнийгээ хааяа харж, сэргээж байх ёстой гэж боддог. Багадаа уншаад л өнгөрдөг байлаа. Хожим тэмдэглэлийн дэвтэрт гол зүйлийг нь тэмдэглэдэг болсон. Гэхдээ би 1997 он хүртэл хөтлөөд больсоон. Хааяа тэр дэвтрээ эргүүлж харж байхад одоо ч үнэ цэнэтэй хэвээр байдаг. Нэг мэргэн үг гурван номноос илүү байдаг гэж би үздэг. Үүнийг би сүүлд ойлгосон. Ялангуяа тэмдэглэлийн бор дэвтэртээ 1994,1995 онд миний хааяа бичиж байсан зүйл, өрөөлийн хэлж байсан үг, ахмадуудын хэлж зааж байсан сургаалийг одоо ч эргүүлж хардаг. Анх оюутан болоод МУИС-ийн оюутны байранд байсан. Нийгэм ч тодорхойгүй байсан үе. Өөрөө ч хорвоогийн юм болгонд л автаад явсан цаг. Тэр үед тэмдэглэлийн дэвтэртээ л хүсэл мөрөөдөл, найдвараа илэрхийлдэг байсан мэт одоо санагддаг. Нүүрэн дээр нь А.Шварценегерийн зураг наачихсан, бодвол бие бялдрын хувьд түүн шиг байх ёстой гэж бодсон байх. Дотогшоогоо эргүүлээд харах юм бол тэр үед моодонд орж байсан гадаадын дуучид, жүжигчид гээд олон хүмүүсийн зургийг наачихсан. Эйнштений “Уран зөгнөл эрдэм мэдлэгээс дутуугүй чухал” гэсэн үг дараачийн нүүрэнд байх жишээтэй. “Гоо сайхан бол гарааны бус барианы цэг юм” гэж үг бас харагдах. Яагаад ч юм, тэр үг надад сонин санагддаг байж билээ.

-Та ирэх сонгуульд өрсөлдөх үү?

-Би улс төрд том амбиц, тодорхой зорилготойгоор орж ирсэн. Миний улс төрийн амьдралын цаг дөнгөж эхэлж байна. Гэхдээ ирэх сонгуульд өрсөлдөх үү, өрсөлдөхгүй бол өөр юу хийх боломж байна вэ гэсэн асуултыг өөртөө тавьж байгаа. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жил ерөөсөө дараагийн сонгуульд өрсөлдөхөө болъё гэж бодсон үе бий. Яагаад гэвэл, би сүүлийн арав гаруй жил их хүнд,ачаалалтай явсан. Тиймээс хэсэг хугацаанд өөртөө чөлөө олгоод үзвэл яасан юм, дараа нь миний бусадтай өрсөлдөх чадвар илүү сайжирна, тэгээд ч энэ цаг үе бидэн шиг залуучуудын цаг мөн үү гэж эргэлзсэн бодол ирээд байсан. Энэ бодлоо найз нөхөдтэйгөө зөвлөлдөхөд “Чи зүгээр л улс төрд орж үзэх гэсэн юм уу, чамд бид яах гэж итгэж найдсан байх вэ, улс орноо шинэчлэхийн төлөө зүтгэнэ гэсэн чинь худлаа байсан уу” гэж бухимдангуй асууцгаасан. Энэ үед надад их зүйл бодогдсон.

Тэгээд тэр нэг орой хүүхдээ эмчлүүлэх гээд гадаадад байсан эхнэртээ “Би одоо улс төрийг орхиё доо, үлдсэн хугацаандаа тойрогтоо сайхан ажиллаад явья” гэсэн шүү мессеж бичсэн. Гэтэл манай хүн “Чи улс төрд тэнцэхгүй байгаа бол эртхэн гаръя гэх нь зөв. Чи өөрөө улс төрийг голсон бус, гологдсон байхгүй юу” гэж бичээд илгээдэг байгаа. Ийм хариу авсан хүнд нэг юм бодогдоно доо. Ингэж гэр бүл, найз нөхдийн маань хэлсэн үг миний тархинд нөлөөлсөн. Би ирэх сонгуульд өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа.  Гэхдээ би өрсөлдөхөө эхлээд ард иргэдээсээ асууя, дэмжвэл намынхаа дотоод өрсөлдөөнд оролцоно гэж бодож байна. Хэрвээ иргэд намайг хүлээж дэмжиж байгаа бол УИХ-д сонгогдохын тулд өрсөлдөнөө.

-Та улс төрийг хэзээ орхих вэ. Би тийм л юм амжуулаад улстөрөөс явна гэсэн зорилго мэдээж бий байх.

-Энэ бол маш сонирхолтой бөгөөд улстөрч хүн өөртөө үргэлж тавьж байх ёстой асуулт. Улс төрд явж байгаа хүн янз бүрээр алдаа гаргадаг. Гэхдээ хамгийн ноцтой нь хууль зөрчсөн зүйлд орооцолдох явдал юм. Хэрвээ ийм зөрчил гаргачихвал би улс төрийг шууд орхих болно. Ер нь, амьдралаас харахад хүн улс төрд идэвхтэй арван жил л оршин тогтнодог. Харин үүнээс өөрөөр оршин тогтнох хугацаа нь  сунгагдах тусам бахархал, үлгэр дуурайлал болж үлдэж байвал тэр бол гайхамшиг. Би хувьдаа улс төрд бусдад адлагдахаасаа өмнө явна гэж боддог. Харин явахаасаа өмнө чадалтай олон залуусыг дэмжиж, тусалж гаргана гэж мөрөөддөг дөө. Гэхдээ зарим нэгэн шиг улс төрөөс явсныхаа дараа тэдэнд нөлөөлөх гэж оролдохгүй. Улстөрч хүний хувьд карьерийнх нь төгсгөл эхлэхдээ л анхнаасаа тодорхой байх ёстой. Миний хувьд шууд улс төрөөс тэтгэвэрт гарвал хүнд тусах байх. Тиймээс тэтгэвэрт гарахаасаа өмнө улс төрөөс гарч өөр ажил хийж байгаад л тэтгэвэртээ гарна даа /инээв/. Энд би улс төрд байх гэдгийг дан ганц УИХ-ын гишүүн байх агуулгаар хэлээгүйг ойлгох бизээ.

-Та улсын баяраар тойргийнхоо сонгогчдод гарын бэлэг өгөх үү?

- Би уг нь сонгогчиддоо “бэлэг” болж харагдмааргүй л байгаа юм. Заавал гарын бэлэг өгөхгүй бол болохгүй цаг үе юм даа тээ. Энэ жил Дархан хотын 50 жил, Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ой тохиож байгаа, бас цагаан сар дөхсөн байсан учраас нэг юм бодохоос аргагүй байсан. Тэгээд бодож байгаад  өнгөрсөн цагаан сараар Дарханы 50 жилийн логотой нэг жижиг аяга айл өрхөд хүргүүлсэн. Өөр элдэв бэлэг энэ тэр өгч чадахгүй ээ. Миний найз УИХ-ын гишүүн С. Бямбацогт бид хэд санаачлаад жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг “Монгол Улсын төрийн далбааны өдөр” болгон зохион байгуулахаар болсон. Энэ жил гурав дахь жилдээ улсын хэмжээнд тэмдэглэнэ. Энэ өдрийг тойрогтоо тэмдэглэхээр төлөвлөж байна. Яруу найрагч Ш. Гүрбазар гуайн “Монголоороо гоёно” гэсэн үг байдаг даа.

Дэлхийн улс орнуудад “Үндэсний далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг соёлтой, хуультай. Монголд тийм зүйл өмнө нь байсангүй. УИХ-ын гишүүн асан Г.Эрдэнэбүрэнгийн санаачилсан төрийн далбаа бүхий багана байдаг. Харин бид албан ёсоор хуулийг батлуулж тэмдэглэдэг дэг жаягтай болгосон. Миний хувьд төрөлх Дархан хотдоо Төрийн далбааны хүндэтгэлийн баганыг иж бүрнээр нь бүтээж босгосон. Үүнээс үлгэрлэж аймаг, сум бүр “Монголоороо гоёж” улс үндэснийхээ далбаат хүндэтгэлийн баганыг босгоосой гэж хүсч уриалмаар байна. Тиймээс улсын баяраар тойрогтоо төрийн далбаагаараа сонгогчдодоо бэлэг барих нь миний сэтгэлийн том бэлэг байх болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.