Сонгуульд зориулж АТГ-ыг эзэнгүй байлгаж байна
2016.05.24

Сонгуульд зориулж АТГ-ыг эзэнгүй байлгаж байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ удаагийн хаврын чуулган өндөрлөх гэж байна. Чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн биелэлт ямар байв?

-УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Ирэх долоо хоногоос энэ удаагийн бүрэн эрхийн чуулган хаагдах байх. Улс төрийн намууд энэ долоо хоногт нэр дэвшигчээ тодруулна. Үүнээс хойш УИХ-ын үйл ажиллагаа уламжлалын дагуу өндөрлөдөг. Энэ удаагийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн чуулганаар олон асуудал хэлэлцэж батлах шаардлага байсан. Харамсалтай нь бодит шийдсэн асуудал бага байна. Сонгуулийн хуулиа өөрчлөх гэсээр байгаад энэ удаагийн чуулганы хугацаа дуусч байна шүү дээ. Өмнөх уламжлалын дагуу сонгуулийн жил гарсан үед энэ чиглэлийн хуульд өөрчлөлт оруулдаггүй байсан. Сонгуулийн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу. Харамсалтай нь эрх баригч нам өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор өөрчлөлт оруулж байна.

-Хуулийн хүрээнд батлах ёстой үндсэн чиглэл, ирэх оны төсвийн төсөөллийг хэлэлцэж амжихгүй гэсэн үг үү?

-Хаврын чуулганаар баталдаг тухайн оны төсвийн гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөөлөл, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл батлах ажил хүлээгдэж байна. Монгол гэдэг айл ирэх онд ямар орлого, зарлагатай байх, юу хийх, ямар нийгэм эдийн засгийн арга хэмжээнүүд авах юм гэдэг дүр зургаа гаргаж авах ёстой. Энэ дүр зураг руу анхаарахгүйгээр улстөржсөн сэдэв рүү анхаарч байна.

-Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилах гэж багагүй маргалдлаа. Зарим аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх асуудал ч гараад байгаа юм билээ..?

-Зарим нам эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд төрийн эрх мэдлийг өөрт ашигтай байдлаар ашиглаж байна. Сонгогчид үүнийг анхааралтай ажиглаж байгаа байх. Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилах үйл явцыг харахад ард иргэдийг амлалтаар хуурах ажил зохион байгуулж байна. Сонгогчид улстөрчид, улс төрийн намд тодорхой даалгавар өгөөд дөрвөн жилийн хугацаатай явуулсан. Энэ даалгавраа дүгнэх цаг болсон байна.

Нийгэм эдийн засгийн байдал амаргүй үед төрийн байгууллагуудын ялангуяа хүчний байгууллагын удирдлага эзэнтэй байх нь чухал.
-АТГ-ын даргыг томилох асуудал энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байсан. Тэгэхээр сонгуулийн үеэр АТГ даргагүй байх нь ээ?

-Нийгэм эдийн засгийн байдал амаргүй үед төрийн байгууллагуудын, ялангуяа хүчний байгууллагын удирдлага эзэнтэй байх нь чухал. 2008 оны долдугаар сарын 1 гэх Монголын түүхэнд хар толбо үлдээсэн өдрөөр Цагдаагийн ерөнхий газар үүрэг гүйцэтгэгчтэй байсан. Үүнтэй холбоотой асуудал сүүлд яригдаж байв. Тиймээс бид энэ хариуцлагатай албан тушаалд хүмүүсийг томилох асуудал хуулийн дагуу явах ёстой.  АТГ-ын даргын асуудлыг томилох хугацаатай. Гэтэл АН-ын зүгээс санаачлаад УИХ дахь намын бүлгүүдийн нэг бүрэн эрх болох завсарлага авах зүйлд хязгаарлалттай хуулийг өнгөрсөн сард баталсан. Тэр нь юу гэхээр хуулиар хугацаатай асуудалд завсарлага авбал хуулийн хугацаанд нь тулгаж авна гэх заалт. Гэтэл хуулийн хугацаатай АТГ-ын дарга, Эрүүл мэндийн сайдын томилгоо зэрэгт хугацаагүй завсарлага өгдөг, ойлгомжгүй байдал үүсгэдэг, хуулийн хугацааг хэтрүүлдэг байдал хэрээс хэтэрсэн. Ардчиллын амин сүнс нь хуулийн засаглал. Хуулийн дээгүүр давж гишгэдэг, хуульгүй мэт авирладаг энэ үзэгдэл өнөөгийн нийгмийн алдаа оноо, нийгэм эдийн засгийн хүндрэлийн хамгийн том шалтгаан болж байна. Тиймээс ардчилсан нийгмийг цогцлоож, эдийн засгийг ном ёсных нь дагуу явуулъя гэж байвал хуулийн засаглал, хууль дээдэлдэг соёлыг төлөвшүүлэх ёстой юм. АН-ын үед хуульт ёс уланд гишгэгдэж байна. 

-АТГ-ын даргыг томилохгүй сонгууль явуулах гэж байгаа нь маргаан үүсэхэд нэр дэвшигчид болоод сонгуульд гарч ирж буй хүнд халтай. Энэ үүднээс эрх баригчид өөртөө ашигтайгаар шийдэхийн тулд АТГ-ын даргыг томилохгүй байна гэх хардлага байна л даа. Энэ тухайд?

-Сонгуульд нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч, тэндээс ашиг сонирхлын зөрчилгүй гэх албан бичгээ авна. Үүнд саад болох гэж байна гэж харж байгаа. Энэ байгууллагыг удирдлагагүй байлгаж байгаад өөрсдөдөө ашигтай байдлаар шийдэх гэж байна.

Монгол Улсад гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээс орж ирж байгаа. 
-Оффшор данстай холбоотой асуудал нийгмийг талцуулж эхэллээ. АН-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн С.Баярцогтыг үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэхгүй гэх яриа гэсэн байсан. МАН-аас нэр холбогдсон гишүүдийг дэвшүүлэхгүй байх хэрэгтэй ч гэсэн байна лээ. Танай намын бүлэг энэ талаар ярилцсан зүйл бий юү?

-Оффшор данстай байх, оффшор компани байгуулах асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах, төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтны ёсзүйн асуудлыг дээшлүүлэх шаардлага байна. Ер нь Монголын улс төр цэвэршиж, шилэн болохын тулд улстөрийн нам, улстөрчдийг тойрсон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг цэгцлэх шаардлага байгаа. Үүнийг нэг удаагийн сонгуулийн улс төрийн намын пи-арт захирагдах бус нийтэд нь улстөрчдөд ямар код тавих вэ гэдгийг шийдэх цаг болсон. Энэ дагуу ёсзүйн ямар хариуцлага хүлээдэг байх, ер нь хариуцлагын тогтолцоогоо яаж зөв болгох вэ гэдэг дээр бид анхаарах ёстой.

Тиймээс улс төрд орох гэж буй болоод улс төрийн албанд томилогдох гэж байгаа хүмүүс өөрсдөө сонголтоо хийдэг эрхийг нь эхнээс нь ойлгомжтой болгох шаардлага байна. Оффшор данстай компани байгуулсан асуудлын хүрээнд эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Ингэхдээ улс төрийн агуулгаар бус хийгээсэй. Амьдралд хэрэгждэг, Монголын эдийн засагт хар толбо нөлөөлөл оруулахгүйгээр зөвхөн улс төрийн ёсзүйг дээшлүүлэх хүрээнд олон улсын зөв чиг хандлагын дагуу хэрэгжүүлэх шаардлага байна. Тэгэхгүйгээр нэг удаагийн сонгуульд нэг хэсэг хүмүүсийг намнах зэвсэг болгох байдлаар хандаж болохгүй. Монгол Улсад гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээс орж ирж байгаа. Ер нь хөгжиж буй орнуудад гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын ихэнх нь энэ бүсээс орж ирдэг юм билээ. Бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Тиймээс эдийн засгийнх нь агуулгыг улс төртэй бүү холиосой. Харин улстөрчдийн, улс төрийн намын оффшор бүстэй холбоотой асуудлыг зохицуулах шаардлага байгаа.

-Л.Болд нарын гишүүний өргөн барьсан Сонгуулийн хуулийн талаар та цухас дурьдсан байсан. Хаврын чуулган завсарлахын өмнө энэ асуудлыг хэлэлцэн гэсэн үг үү?

-АН-ын гишүүн бүр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилснаа Засгийн газраас санал авахаар явуулдаг боллоо. Гэтэл УИХ-ын тогтоолоор батлагдсан хүний эрхийн конвенц, хүний эрхийн хөтөлбөрт сонгуулийн жил гарснаас хойш Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаггүй жишиг бий. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ хууль тогтоомжуудыг зөрчөөд Сонгуулийн хууль руу санаатай болон санамсаргүйгээр халдаж байгаа нь хэрээс хэтэрч байна. Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалах ёстой юм.