АТГ-ын даргын томилгоо хугацаатайг сануулсан
2016.05.24

АТГ-ын даргын томилгоо хугацаатайг сануулсан

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргад хурандаа Х.Энхжаргалын нэрийг санал болгосноос хойш 20 хонож байна. Хуульд зааснаар УИХ-д АТГ-ын даргын нэрийг өргөн мэдүүлсэн бол холбогдох байнгын хороогоор долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой юм. Эл асуудал ямар шалтгаанаар хойшилсоор байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас тодрууллаа. 

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын даргыг томилох асуудал хэлэлцэгдэхгүй хойшилсоор хуулийн хугацаа өнгөрчихлөө. Яагаад энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм бэ?

-Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгоог хэлэлцье гэж шийдвэрээ гаргасан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан ч Ардчилсан намын бүлэг хуралдаагүй байна. Хоёрт, УИХ-ын даргын зөвлөлөөр шинэ долоо хоногт хэлэлцэх асуудлаа багцалж, дэс дараалалд оруулаад, тэрний дагуу Байнгын хороо бэлтгэл хангадаг. Энэ ажил хийгдээгүй байна.

-УИХ-ын даргын зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, дэс дараалалд оруулж өгөхгүй байна гэсэн үг үү, эсвэл Хууль зүйн байнгын хороо бэлтгэл хангаж амжихгүй байгаа юм уу?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлыг эхлээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр оруулж хэлэлцүүлдэг. Энэ процедур хийгдэхгүй байна.

-УИХ-ын даргын зөвлөл яагаад энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм бол?

-Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад өргөн мэдүүлдэггүй, УИХ-ын даргад өргөн барьдаг. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын зөвлөлд оруулж ирдэг. Тэр дагуу дэс дараа гаргаж эрэмбэлдэг.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар та даргын зөвлөлд асуудлыг тавьж, хугацаа нь хэтэрлээ яаралтай хэлэлцэх шаардлага байна гэдгээ хэлсэн үү. УИХ-ын даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд та багтдаг. Бүлгийн завсарлагын хугацаа дуусчихаад байхад өнөөг болтол хэлэлцэхгүй байна?

-Бүлэгт сануулсан, “Завсарлага дууссан шүү, асуудлыг шийдээд явах ёстой, хуулийн хугацаатай” гэдгийг хэлсэн байгаа. Ерөнхийлөгч АТГ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д мэдүүлсэн бол холбогдох Байнгын хороогоор долоо хоногт багтаагаад хэлэлцэх ёстой.

-Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх шаардлага байна гэж үзэн, завсарлага авсан атлаа өнөөдрийг хүртэл хуралдсангүй. Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа юм уу, эсвэл АТГ-ын даргыг томилох сонирхолгүйгээс хойшлуулаад байна уу?

-Бүлэг хуралдвал хуралдчих л байлгүй. Ер нь тэгээд наад шалтгааныг чинь бүлгийн дарга л мэднэ.

Бүлэгт сануулсан, “Завсарлага дууссан шүү, асуудлыг шийдээд явах ёстой, хуулийн хугацаатай” гэдгийг хэлсэн байгаа. Ерөнхийлөгч АТГ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д мэдүүлсэн бол холбогдох байнгын хороогоор долоо хоногт багтаагаад хэлэлцэх ёстой.

-УИХ АТГ-ын даргын томилгоог шийдэхгүйгээс болж янз бүрийн л яриа гарч байна. Жишээ нь, АТГ-т Ардчилсан намынхантай холбогдох хэрэг, мөн гомдол олон байгаагаас Х.Энхжаргалыг даргаар нь тавих сонирхолгүй байна гэх. МАН-ын бүлгээс өнөөдөр /өчигдөр/ мэдээлэл хийхдээ Чингис бондын зарцуулалтай холбоотой асуудлаар АТГ-т хандсан ч одоо хэр хариу ирүүлэхгүй байна, даргыг нь томилох хуулийн хугацаа хэтэрсэн учраас энэ асуудлаар шаардлага хүргүүлнэ гэсэн. Танд мэдээлэл байна уу?

-АТГ ажлаа хэвийн хийж байгаа. Хэн нэгнээс шалтгаалаад ажил нь сайн, муу явна гэж ойлгохгүй байна. Зохих үүрэг хүлээсэн, хэнээс ч хамааралгүй мөрдөн байцаалтаа явуулдаг, прокурорын хяналт шалгалтын дор бүх процесс явж байдаг. Санал гомдлыг хуулийн хугацаанд нь барагдуулдаг. Даргыг нь орлоод ажиллах дэд дарга ч байдаг. Дэд даргыг нь УИХ-аар томилдог. Ажлын хийдэл гарахгүй.  Даргыг нь томилох ёстой, хууль журмынхаа дагуу хэлэлцэгдээд явах ёстой. Бүх л зүйл шат дараалсан хуулийн хугацаатай. УИХ-ын хувьд тэр дагуу л асуудлаа хэлэлцээд явж байгаа. Зарим асуудал хугацаанд шахагдаад,  түүнээс болж хойшилсон юмнууд байгаа байх. АТГ-ын даргын томилгоо бүтэхгүй, буруу тал руугаа яваад байгаа гэж ойлгохгүй байна.

-Хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилохыг та дэмжиж байгаа юу? 

-Энэ том албыг хариуцлагатай залгуулаад явах боломжийн хүн гэж үзээд Ерөнхийлөгч нэрийг нь санал болгосон байх. Би Ардчилсан намын бүлэгт харьяалагддаг, бүлгийн шийдвэрээ дагана.

-Энэ долоо хоногийн баасан гаригт хаврын чуулганыг завсарлуулна. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй. Яаралтай дэгээр чуулган завсарлуулахаас урьтаад асуудлыг хэлэлцэх боломж бол байгаа биз?

-Ардчилсан намын бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргаад, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын даргаас чиг ирэх байлгүй дээ. Тэр цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах боломжтой.