Монгол залуус олимпийн бүтээн байгуулалтад оролцоно
2020 онд Япон улсад болох зуны олимпийн бүтээн байгуулалтад монгол залуусыг ажиллуулах асуудал яригдаж байгаа. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас тодрууллаа.
-Энэ сарын 16-17-ны өдрүүдэд та Япон Улсад айлчлал хийх үеэр монгол залуусыг олимпийн бүтээн байгуулалтад ажиллуулах асуудлаар хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн дүнд ямар шийдвэр гарсан бэ?
-Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2015 оны гуравдугаар сард манай яаманд 2020 онд Токио хотноо болох олимпийн наадмын барилга байгууламжийн ажилд ажиллах хүч авах тухай саналыг уламжилсан байсан. Уг бичигт Японы барилгын салбарт манай улсаас ажиллах хүч авах, ялангуяа өмнө нь JITCO байгууллагын “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийг дахин хүлээн авах, мөн шинээр ур чадварын дадлагажигчдыг түлхүү илгээх асуудалд хоёр тал хамтран ажиллах саналыг гаргасан байдаг. Энэ хүрээнд тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Япон Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитай албан ёсны уулзалт, хэлэлцээр хийгээд ирлээ.
Үүний үр дүнд Япон, Монголын хөдөлмөрийн салбарт олон жилийн хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр ярилцсан. Ялангуяа Монголын залуусыг тус улсад мэргэшүүлэх чиглэлээр санал бодлоо солилцсон. Олон залуусыг Япон Улсын 2020 оны олимпийн бүтээн байгуулалтад гар бие оролцох, цаашлаад зөвхөн Олимпийн бүтээн байгуулалтаас гадна дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт монгол залуусын ур чадварыг дээшлүүлэн, мэргэшүүлэх байдлаар ажиллуулах бүрэн боломжтой гэх дүгнэлтэд хоёр тал хүрсэн. Ингэснээр Японы олимпийн бүтээн байгуулалтад монгол залуусыг оролцуулах ажил нааштай шийдэгдсэн.
-Тэгэхээр асуудал албан ёсоор шийдэгсэн гэсэн үг үү. Хэзээнээс ажиллах хүчнээ авч эхлэх вэ?
-Миний бие зургадугаар сарын 1-3-ны хооронд Япон Улсад айлчлах УИХ-ын даргын бүрэлдэхүүнд орсон. Энэ үеэр Япон улсын Хөдөлмөрийн сайдтай энэ чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Гарын үсэг зурснаар ажиллах хүчээ хэзээнээс явуулах вэ гэдэг тодорхой болно.
-Урьдчилсан байдлаар жилд хэчнээн хүнийг ажиллуулах тооцоотой байгаа бол?
-Одоогоор тодорхой тоо хэлэхэд эрт байна. Ер нь аль болох тоонд баригдмааргүй байгаа юм. Япон улсын хөдөө аж ахуй, улс төр, эдийн засаг, бизнес, соёлын салбар бол асар өргөн цар хүрээтэй. Их хэмжээний потенциалтай салбар юм. Тиймээс аль болох тоонд баригдахгүйгээр монгол залуусаа Японд ажиллуулах замаар мэргэшүүлэх бодлого барьж байна.
-Ихэвчлэн ямар салбарт залуусыг ажиллуулах вэ?
-Хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, эрүүл мэнд гэсэн дөрвөн салбарт залуусыг мэргэшүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гол зорилго нь бид Япон улсаас технологи импортлох гэж байна. Улмаар шинэ технологи дээр ажиллах залуусыг одооноос Японд бэлтгэх юм. Тиймээс алсыг харсан бодлого гэж харж байна.