2015 оны шилдэг уран бүтээлчдийг шалгарууллаа
2016.05.26

2015 оны шилдэг уран бүтээлчдийг шалгарууллаа

Улс орны хөгжилд соёл, урлагийн салбарынхан тэр дундаа манай уран бүтээлчид тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байдаг билээ.

Монгол Улсын Засгийн газраас уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч ирсэн. 

Уран бүтээлчдээ дэмжих тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, мөн “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. 

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалтыг энэ жил 8 дахь удаагаа явуулах гэж байна. Шалгаруулалтыг Тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, биет бус соёлын өвийг өвлөн уламжлуулагч гэсэн 7-н төрлөөр явуулдаг бөгөөд шилдэгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулдаг юм.

Өнгөрсөн жилд манай уран бүтээлчид олон улсын хэмжээнд зохиогддог уралдаан наадамд амжилттай оролцож олон сайхан онцгой амжилт гаргалаа. ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаандаас манай дуучин Г.Ариунбаатар дуурийн дуулаачдын төрөлд нэгдүгээр байр, мөн уралдааны Гран При, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff Singer of the World” (дэлхийн дуучин 2015) шалгаруулах уралдаанд Данн Иоханн Сатерландын нэрэмжит шагнал буюу үзэгчдийн нэрэмжит шагнал, Сингапур улсад зохиогдсон “Авьяаслаг Азичууд” олон улсын телевизийн уралдаант нэвтрүүлэгээс “Хөсөгтөн” хамтлаг дэд байр, ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанаас Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд хоёрдугаар байр, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дах удаагийн олон улсын циркчдийн наадмаас Монголын Үндэсний циркийн жүжигчид “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр хоёрдугаар байр тус тус эзэллээ. 

Энэ жилийн А.Баттүшиг, Ж.Сэнгэдорж нарын зохиол “Босуул” түүхэн уран сайхны кино, “Lovers” уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьж, үзэгч олны хүртээл болгосны учир найруулагчЖ.Сэнгэдоржийг “Оны шилдэг тайз, дэлгэцийн найруулагч”-аар, 2015 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавьсан П.Бадарч, Д.Төрбат нарын “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын“Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Г.Ганболдыг “Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир жүжигчин Р.Анхнямыг “Оны шилдэг  тайз, дэлгэцийн жүжигчин”-ээр, Оросын Холбооны Улсад зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт үзүүлэн  дуурийн дуулаачийн төрөлд I байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртэж, ОХУ-ын “ИХ театр” болон “Маринский театр”, Их Британий “Birmingham stage”, “Buckingham Palace”, АНУ-ын Нью-Иорк хотын “Carnegie Hall”, “Metropolitan opera” зэрэг олон улсын нэртэй томоохон театруудад уригдан тоглож Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн учир дуурийн дуучинГ.Ариунбаатарыг “Оны шилдэг дуучин”-аар, АНУ-ын олон улсын залуучуудын оркестрт сонгогдон Карнеги Холлд болсон тоглолт, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын  “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд тоглож үзэгч түмний хүртээл болгосны учир Улсын Филармоний хөгжимчин Х.Санчирыг “Оны шилдэг хөгжимчин”-өөр, 2015 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдсон П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта, Оделлия, Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, И.Штраусын “Оргилуун дарс” балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хүртээл болгосны учир Дуур, бүжгийн эрдмийн театрын балетийн жүжигчин Д.Саруулыг “Оны шилдэг бүжигчин”-ээр, монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж нийслэлийн Улаанбаатар чуулгын уртын дуучин Б.Батболдыг 2015 оны “Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар тус тус шалгаруулж, “Мөнгөн мод” цом,  мөнгөн шагнал, батламж гардууллаа.