Баянхонгор аймагт 77 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ
2016.05.30

Баянхонгор аймагт 77 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ

Баянхонгор аймгийн Ардчилсан намын хороо энэ сарын 26-нд хуралдаж, нэр дэвшигчдээ тодрууллаа.

100 гаруй гишүүн оролцож, хаалттай хуралдсаны эцэст УИХ-ын гишүүн Х. Баттулга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарыг 100 хувийн санал нэгтэйгээр сонгосон юм. УИХ-ын гишүүн Х Баттулгын хувьд тус аймагт өмнө нь гурван удаа нэр дэвшиж байсан. Энэ удаад ч гэсэн намын нөхөд нь түүнийг тойрогтоо дахин сонгож, УИХ-д нэр дэвшүүлэхээр болсон. 

Харин  Д.Ганбат гишүүний тухайд тус аймагт хоёр дахь удаагаа нэр дэвшиж буй бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд анх удаагаа нэр дэвшиж буй юм. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Баянхонгор нутгийнхан сайхан хүлээж авч байна. Би бодохдоо Булган аймгийн хүн хүрээд ирлээ гэх болов уу гэж бодсон. Гэтэл халуун дотно хүлээж авлаа. Миний амжилтууд Баянхонгор аймагтай нягт холбоотой явж байдаг учраас их бэлгэшээлтэй байдаг юм” гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга түүнийг Монголын хүн хэмээн онцолсон. 

Ямартай ч, Баянхонгор аймгийн Ардчилсан намынхан хуулийн хугацаанаас өмнө гурван нэр дэвшигчээ ийнхүү тодруулав. Манай сурвалжлах хэсэг үргэлжлүүлэн Баянхонгор аймагт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалттай танилцлаа. 

Авто зам тавьж, нийтийн тээврийн асуудлыг шийджээ

Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг хүртэл 630 км. Энэ замыг туулах гэж хонон өнжин давхиж, дотор эрхтний байр солигдох нь холгүй энхэл, донхол замыг туулан очдог байсан нь билээ. Гэвч одоо Улаанбаатараас говь, хангай хосолсон Монголын үзэсгэлэнт аймгуудын нэг болох Баянхонгорыг зорих зорчигчид хатуу хучилттай замаар долоон цагийн дотор л давхиад очих болж. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь авто зам.  

Түүний тодорхой нэгэн жишээ нь улсын төсвийн 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтсэн Баянхонгор Арвайхээр чиглэлийн 108.3 км авто зам ажээ. Уг замын ажлыг “Нэйшнл Девелопер” болон “Шинжиан Бэйшн роуд энд бридж констракшн” компаниуд хамтран хийж, 2013 оны наймдугаар сарын 28-нд хүлээлгэн өгснөөр ашиглалтад орсон аж. Мөн аймгийн төвдөө хоёр урсгал бүхий 5.6 км замыг шинэчлэх ажлыг 2013 оноос хийж эхэлсэн байна. Замын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд ус зайлуулах систем, гурван уулзварт гэрлэн дохио, зам дагуу ногоон байгууламж, услалтын системийн ажлыг хийжээ. Түүнчлэн иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тоосжилтын хэмжээг багасгах, аймгаа цэвэр цэмцгэр байлгах зорилгын хүрээнд гэр хорооллын дундуур 10 км хатуу хучилттай авто зам барих ажил эхлүүлсэн байв. 

Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн М.Дэлгэрдалай “Бид улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө заралгүй аймгийнхаа төсвөөр гэр хорооллын дундуур 10 км зам барьж байна. Замын ажил одоогийн байдлаар 90 гаруй хувьтай байгаа. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг шийдэхийн тулд орон нутгийнхаа компанитай гэрээ хийж, гурван чиглэлд  бага оврын 12 микро автобус иргэдэд үйлчилж эхэлсэн” гэсэн юм. Энэ мэтчилэн үр өгөөжээ өгсөн, хийж бүтээсэн, бүтээж буй ажлууд цөөнгүй ажээ.

Хүүхдийн баяраа цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэнэ

Зургадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдрөөр тус аймгийн хүүхэд багачууд шинэ цэцэрлэгт хүрээлэндээ баярлах аж. Учир нь 2014 оноос эхэлсэн Гавшгайчдын талбайг төв цэцэрлэгт хүрээлэн болгох ажил ирэх сарын 1-нд дуусч, нээлтээ хийх юм байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд янгир, бар, тэмээ гээд хүүхэд багачуудын анхаарлыг татахуйц нөгөөтэйгүүр өөрийн аймгийн түүхэн онцлогтой холбогдуулан олон хөшөө босгосон байв. 

Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн нь хиймэл нуур, хүрхрээ, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэх аж. 1.8 тэрбум төгрөгийн төсвөөр бүтэж буй уг цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Их модун” компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа талаар тус компанийн инженер Я.Аваандорж хэлсэн. Цэцэрлэгт хүрээлэн нь нутгийн өнгө үзэмжийг нэмэх, жуулчдыг татах зорилготой төдийгүй нутгийн иргэдэд худалдаа үйлчилгээ эрхлэх боломж олгож буйгаараа онцлогтой. 

1050 хүүхдийн цэцэрлэг, 1280 хүүхдийн сургууль шинээр ашиглалтад оржээ

Баянхонгор аймагт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн онцлох бүтээн байгуулалтын нэг нь сургууль, цэцэрлэгийн барилгын ажил. Тэр дундаа 2-6 настнуудад сургуулийн өмнөх боловсрол олгоно гэдэг хамгийн чухал. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд л гэхэд аймгийн хэмжээнд 1050 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. Одоогоор 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил ид хийгдэж байгаа гэнэ. 

Энэ цэцэрлэг ашиглалтад орвол аймгийн хэмжээнд 1300 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа талаар тус аймгийн Боловсролын газрын дарга Д.Байгалмаа тайлбарласан. Харин ерөнхий боловсролын сургуулийн барилгын хувьд 690 хүүхэд сурах боломжтой сургуулийн барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд ашиглалтад орвол нийт 2240 хүүхэд сургуульд хамрагдаж, ерөнхий боловсрол эзэмших юм байна.

Наадмын талбайг өргөтгөж, 3000 суудалтай болгов

УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Уламжлал ёсоор өнгөрсөн жил бага олимп тус аймагт болж, ирсэн зочдыг алмайруулаад амжсан. 

Тэгвэл тус олимпийг зохион байгуулсан наадмын цэнгэлдэх хүрээлэн нь анх 1970 онд байгуулагдсан түүхтэй аж. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх ажлыг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийнхан 2014 онд хийсэн байна. Бүтээн байгуулалт шинэчлэлийн ажил нийт 300 сая төгрөгийн өртгөөр хийгджээ. Уг шинэчлэлийн хүрээнд олон ажил хийгдсэн аж. 

Тухайлбал, 1500 хүний суудал бүхий цэнгэлдэхийн багтаамжийг өргөтгөн 3000 хүний суудалтай болгожээ. Мөн ашиглалтыг сайжруулахын тулд стандартын хөлбөмбөгийн талбай, гар болон сагсан бөмбөгийн талбай, дөрвөн эгнээ гүйлтийн замыг тавьсан байна.

1136 айл орон сууцтай болжээ

Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд орон сууцжуулах бодлого баримтлан ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд 2012-2015 онд нийт 1136 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Тодруулбал, 2012 онд 409 айлын орон сууц, 2014 онд 349 айлын орон сууц, 2015 оны хагас жилийн байдлаар 378 айлын орон сууц ашиглалтад оржээ. 

Мөн аймгийн оршин суугчдын ихэнх хувь нь гэр хороололд оршин суудаг тул тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдсэн байна. Тухайлбал, гэр хорооллын гадна усан хангамжийн 9.2 км магистрал шугам тавьсан аж. Мөн цэвэрлэх байгууламжийн өргөтгөх ажлыг ч хийжээ. Энэ мэтчилэн тус аймагт хийж бүтээсэн ажил олон байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймагт нийт 77.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.