Монтгомерийн Аудит” номын нээлт боллоо
2016.05.30

Монтгомерийн Аудит” номын нээлт боллоо

 ММНБИ-ээс зохион байгуулсан гишүүн байгууллагын уулзалтын үеэр “Монтгомерийн Аудит” шинэ номын нээлт боллоо.

Номын нээлтийн ёслолоор ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн, дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн нар тус номыг эх хэлнээ орчуулсан “Севилла Аудит” ХХК-ийн захирал Ч.Даваасүрэнд тус бүтээлийн дээжийг гардуулан өгч баяр хүргэлээ.   

Номын орчуулагч Ч.Даваасүрэн: “Монтгомерийн аудит” хэмээх дэлхийн шилдэг бүтээлийг  орчуулж нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлсэн ММНБИ-ийн удирдлагад баярлалаа. Би аудитын салбарт ажилладаг хүний хувьд томоохон үйлс бүтээж хувь нэмрээ оруулахыг хүсч байсан. Түүнийгээ биелүүллээ.” гэсэн бол ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн түүнийг үнэлж, “Мэргэшсэн нягтлан бодогчдын нэг бахархал бол манай Ч.Даваасүрэн. Өмнө нь Зөвлөх үйлчилгээний шилдэг бүтээл гаргаж байсан. Энэ удаад дэлхийн аудитын сурах бичгийн хамгийн сүүлийн хувилбарыг орчуулж гаргасанд талархаж байна”  гэв.

Энэхүү бүтээл нь Роберт Х.Монтгомерийн 1912 онд бичсэн аудитын анхны ном бөгөөд өнөөг хүртэл шинэчлэгдэн хэвлэгдсээр, дэлхийд нийтлэг хэрэглэгддэг сурах бичиг болжээ. Сурах бичиг үндсэн 4 хэсэг бүхий 49 бүлэгтэй, нийт 1200 гаруй нүүр томоохон бүтээл юм. Номонд аудитын түүхэн хөгжлийн тойм, аудитын мэргэжлийн зохион байгуулалт, баримтлах стандарт ба ёс зүй, мэргэжлийн үүрэг хариуцлага, аудиторуудын төрөл, тэдгээрийн эрхлэх үйл ажиллагааны цар хүрээ зэргийг тодорхой тусгажээ.