Аж үйлдвэрийн яамыг татан буулгах нь ухралт огтхон ч биш
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
2016.07.22

Аж үйлдвэрийн яамыг татан буулгах нь ухралт огтхон ч биш

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын шинэ бүтцийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай цөөн хором ярилцаж, шинэ бүтэцтэй холбоотойгоор өрнөөд буй зарим шүүмжлэлийн талаар эрх баригч намын гал тогоог удирдаж ирсэн түүний байр суурийг нь сонслоо.

-МАН Засгийн газрын шинэ бүтцийг зураглахдаа ямар чиглэл баримталсан бэ. Өмнөх Засгийн газруудаас ялгагдахааргүй данхар бүтэцтэй болох нь гэх хүн ч байна л даа?

МАН Засгийн газрын бүтцийг төлөвлөхдөө орон тоог бууруулах, яамдын тоог цөөлөх ёстой гэж үзсэн. Сайд нарын тоог ч мөн цөөрүүлэх ёстой гэсэн зарчмын байр суурь баримталсан. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар 19 сайд, 16 яамтай байсан бол МАН-ын оруулж ирсэн саналаар яамдын тоог гурваар цөөрүүллээ.

Сайд нарын тоог ч мөн цөөлсөн бүтцийг оруулж ирсэн. Нэгдүгээрт, МАН өөрөө зүүн чигийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Тийм учраас манай нам хүн рүүгээ чиглэсэн, нийгмийн чиг баримжаатай буюу хүнээ бодлогын гол цөм болгосон мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энэ утгаараа өрөнхий чиг үүргийн зарим яамыг нэгтгэж байгаа асуудал бий.

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг бий болгож байгаа нь ажлын байр болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах гэсэн үндсэн зорилготой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн үзэл санааг ч тусгасан. МАН-ынмөрийн хөтөлбөрт ажилгүйдэл,ядуурлыг бууруулж, ажлын байрыгнэмэгдүүлнэ гэсэнтэй энэ зарчим нийцэж байгаа.

-Зарим агентлагийг татан буулгаснаар олон хүн ажилгүй болох нь гээд байна. Ямар үндэслэлээр агентлагуудад хөдөлгөөн оруулсан бэ?

2012 оны сонгуулийн дараа байгуулсан Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд агентлаг, газруудын нэрийг өөрчлөхөөс гадна тэс ондоо үйл ажиллагаа явуулдаг хоёр газрыг нэгтгэсэн, эсвэл нэг байх ёстой газрыг хоёр салгасан гэх мэтээр зохимжгүй бүтэц, зохион байгуулалтыг нэлээд хийсэн. Тиймээс бид энэ бүхнийг байранд нь оруулах буюу нэгтгэхийг нь нэгтгээд, салгахыг нь салгаж байгаа юм.Өөрөөр хэлбэл, байх ёстой байранд нь аваачиж, үндсэн зарчмаар нь ажиллуулах үүднээс зарим зохицуулалтыг хийсэн.

-Хэдийгээр Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болоогүй ч МАН “давхар дээл”-тэй сайд олныг төрүүлэх нь гээд байна л даа. Ер нь МАН-ын үед давхар албан тушаалтай гишүүн хэр олон байх бол?

“Давхар дээл”-ний хувьд та бүхэн санаж байгаа бол дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны сонгуулийн дүнд бий болсон шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтай байсан. Энэ сайд нар бараг л 100 хувь “давхар дээл’’-тэй байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр МАН энэ байдлыг эрс бууруулах зарчмыг барьж ажиллалаа. Үндсэн чиг үүргийн яамны сайд нарыг давхар байж болох гэдэг хувилбарыг хаана ч ярьдаг. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамд 5-6 л байгаа шүү дээ.

“Давхар дээл”-тэй 19 сайдын дэргэд МАН энэ удаад Засгийн газрынхаа гуравны нэгийг буюу 50-аас доош хувийг нь давхар албан тушаалтай байлгах бодлого барьж байна. Энэ бол дэвшил. -Засгийн газарт хуучин хүмүүсээ түлхүү томилох нь гэх шүүмжлэл яваад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ? -МАН-ынмөрийн хөтөлбөрийн бас нэг онцлог нь мэргэжпийн Засгийн газар байгуулах юм. Энэ ч үүднээс тухайн салбарынхаа бодлогыг мэддэг, ачааны хүндийг үүрч ирсэн, зовлон жаргалыг нь ойлгодог хүмүүсийг л сайдаар томилох зарчмын байр суурийг барьж байгаа.

Өөрөөр хэлбэл, тухайн салбараа аваад явах чадвар, боломжтой, мэргэжлийн буюу туршлагатай хүн байх нь л чухал гэж үзэж байгаа юм. Гэхдээ одоогоор бүрэлдэхүүнийтухай ярихад эрт байна. Ер нь сүүлийн өдрүүдэд Засгийн газрын бүтцийг батлаагүй байхад бүрэлдэхүүний талаар маш олон янзын таамаг гарч эхэллээ л дээ. Бүх зүйл тодорхойгүй байхад янз бүрийн хүний нэр ярьж, түүндээ шүүмжлэлтэй хандах, нийгмийн анхаарлыг бодитой бус мэдээлэл рүү татаж, гуйвуулах гэсэн хандлага их гарч байна. Сайд нарын нэр тодроогүй байна шүү дээ.

-Аж үйлдвэрийн яамыг татан буулгах нь буруу гэдэг шүүмжлэл их өрнөж байна. Ерөнхийлөгч ч мөн энэ талаар дурдсан байгаа. Гэхдээ энэ яамыг татан буулгаснаар үндсэн чиг үүргийг нь бүр байхгүй болгочихгүй биз дээ?

Аж үйлдвэрийн яамыг татан буулгах нь ухралт огтхон ч биш. Энэ яамны үндсэн чиг үүргийг цааш нь үргэлжлүүлээд л явна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд байгаа хүнд үйлдвэрүүд бүгд уул уурхайгаа дагадаг. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр бүгд л хүнд үйлдвэрт багтана. Бүгд л уул уурхайгаа дагаж хөгждөг. Тийм ч учраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэж оруулж ирсэн. Харин хүнсний болон жижиг дунд үйлдвэрүүд хуучин Хүнс, хөдөө аж ахуйн яаманд харьяалагдаад явж байсан.

Энэ ч утгаар нь Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яам руу нэгтгэсэн юм. Үүнээс гадна манай нам аж үйлдвэрийн бодлогыг дэмжинэ гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд бүх яамны чиг үүрэг дээр үйлдвэржилтийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн чиг үүргийг нэмж тусгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, яам бүр ажлын, байрыг нэмэгдүүлэх болон тухайн салбар бүртээ үйлдвэржилтийг нэмэгдүүлэх бодлогыг үндсэн чиг үүрэгтээ суулгана гэсэн үг.

Энэ бол харин ч үйлдвэржилт, жижиг дунд болон хүнд үйлдвэрлэлийг дэмжсэн алхам. Ганцхан Аж үйлдвэрийн яам гэж байх нь учир дутагдалтай байсан л даа. Ганц яам явахаар зарим чиглэл нь орхигддог сул тал байсан. Тийм учраас энэ байдлыг цэгцэлж өгсөн л бодлого шүү дээ. Яахав энэ бол танкыг шүүмжлэх гэж ядахдаа “Уг нь их сайхан эд юм, даанч хадаас нь ихэдчихжээ” гэдэг шиг л юм болж байна л даа. Шүүмжлэл гарч байгаа ч ажил явдгаараа л явна. Сөрөг хүчний зүгээс улс төр хийх нь хаана ч байдаг л зүйл. Гэхдээ юманд багцаа баримжаатай, бодитоор улс төр хийгээсэй л гэж хүсч байна

-АН-ын зүгээс Засгийн газрын бүтцийг батлахдаа хууль зөрчлөө гэдэг зүйл яриад байна лээ?

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх процесс ямар нэгэн хууль зөрчөөгүйг албан ёсоор хэлье. Бүх зүйл Дэгийн тухай хуулийнхаа дагуу явж байна.

-Ерөнхий сайдын өргөн барьсан бүтцийг Ерөнхийлөгч таатай хүлээж аваагүй учраас масс танай намыг шүүмжлэх өнгө аястай болчих шиг боллоо. Ер нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэдгийг олон нийт зөвшөөрүүлэхийн нэр гэж ойлгоод байх шиг байна. Ер нь төрийн тэргүүнтэй зөвшилцөнө гэдэг нь ямар процесс юм бэ?

Хуульдзааснаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэдэг нь Ерөнхий сайд албан бичгээр саналаа хүргүүлэхийг хэлнэ л гэсэн байгаа. Саналаа хүргүүлсэн л бол зөвшилцсөн гэсэн үг л дээ.