Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно
Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд өнгөрсөн онд оюутнуудын амьдрах орчинтой танилцаж, 1000 оюутны байр бариулах 4.5 тэрбум төгрөгөөс 2010 оны улсын төсөвт нэг тэрбумыг суулгуулсан. Гэвч бүтэн жил өнгөрөөд байхад дотуур байр босох битгий хэл ганц тоосго ч тавиагүй тул УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.БатЭрдэнэ, Ц.Сэдванчиг нар уг ажлыг хариуцаж буй БСШУЯ-ны Барилга зохицуулалтын албаны дарга Б.Цэрэнтэй өчигдөр уулзаж, газар дээр нь очиж танилцлаа. Мянган оюутны байранд зориулж хотын төвд газар авчээ.
Өөрөөр хэлбэл оюутны хотхон дахь МУБИС, СЭЗДС-ийн дотуур байруудын дунд нэгийг нь, нөгөөг нь МУБИС-ийн II дотуур байр, ЭМШУИС-ийн дотуур байрны дунд барихаар болсон байна. 10 давхар энэхүү хоёр байрны хонгилд нь фитнес, спортын, нэгдүгээр давхартаа үйлчилгээний танхимтай байх аж. Нэг өрөөнд гурван оюутан амьдрах гэнэ. Хоёр өрөө болгоны дунд тус бүр нэг бие засах, гал тогооны өрөө, шүршүүртэй байхаар зургийг гаргажээ.
Оюутны байрны ажил яагаад ийнхүү удааширсан талаар БСШУЯ-ны Барилга зохи цуу лалтын албаны дарга Б.Цэрэнгээс тодруулахад “Хоёр байрыг барихад 6000 ам метр талбай хэрэгтэй байгаа. Улаанбаатар хотод ийм хэмжээний газар олж, техникийн нөхцөлөө батлуулахад ихээхэн хугацаа алдлаа. Тухайлбал, ду лааны шугам сүлжээнийхэн 10 давхар хоёр байрыг халаахын тулд энэ хэсгийн шугамаа бүхэлд нь өргөтгөх шаардлагатай гэсэн.
Гурван сарын турш ярилцаж, УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авч байж наймдугаар сарын сүүлчээр техникийн нөхцөлөө авсан. Ингээд цахилгаан, холбооны техникийн нөхцөлийг авах гэсээр өдий хүрлээ. Ирэх долоо хоногт тендерээ зарлана. Төсөвт суулгасан нэг тэрбум төгрөгөө буцаахгүйн тулд энэ ондоо багтаан газар шорооны ажлаа хийж, материалаа татаад 2011 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа” гэв. Өнөөдрийн байдлаар нийслэлд 160 гаруй мянган оюутан сурч байгаагийн 100 орчим мянга нь орон нутгийнх. Энэ жил гэхэд 43 мянган оюутан их, дээд сургуульд шинээр элсэн орж буй бөгөөд жил бүр 25 мянган оюутанд дотуур байрны хэрэгцээ гардаг байна.
Тиймээс “Тэргүүний оюутны байр” хэмээн нэрлэсэн 1000 оюутны байр ашиглалтад орсноор сургууль бүрийн авьяаслаг, шилдэг су рагчид энд амьдрах боломжтой болох юм.