Оюутны байр барих ажил удааширч буйд сэтгэл дундуур байлаа
Хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байр хүрэлцдэггүй учир зөвхөн нэг, хоёрдугаар курсынхэн л дотуур байранд ордог. Мөн байрны гадна тохижилт тааруу гэсэн шүүмжлэл бий, Тиймээс төр, засгаас үүнд анхаарал хандуулж өнгөрсөн оны төсөвт 1000 оюутны байр барих дөрвөн тэрбум төгрөг суулгаж өгсөн. Дээрх ажлыг санаачилсан дөрвөн гишүүн Боловсролын Их Сургуулийн оюутны дотуур байранд ажилласан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, С.Бямбацогт нар юм.
БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Б.Цэрэн "1000 оюутны дотуур байр барих ажлын анхны үр дүн гарч эхэлсэн. Дотуур байр барих газрын асуудал шийдэгдсэн байгаа. Мөн дулааны шугам сүлжээний болон цахилгааны нөхцөл, холбооны гэх мэт техникийн талын асуудлуудаа саявтар шийдэж дуусаад байна" гэлээ. Газар авах нь нэлээд бэрхшээлтэй байсан ч олон удаа хөөцөлдсөний дүнд хоёр дотуур байр барих газартай болсон байна. Хэл ам болон байж олж авсан газартаа тус бүр 10 давхар орчин үеийн шийдэлтэй байр барихаар зураг төслөө бэлэн болгожээ. Хавар шийдсэн асуудал өнөө хүртэл удааширч буй шалтгааны талаар түшээд лавлахад хэдийгээр төсөвт хөрөнгө нь суусан ч хүнд суртал, чирэгдэлтэй нөхцөлд ажиллан урьдчилсан ажлуудаа хийсэн хэмээн учирлаж байлаа.