Х.Баттулгыг Улсын баатар, Д.Сумъяаг Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлжээ
Өнгөрөгч бямба гаригт Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө.
Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.
Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулсан.
Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдлээ.
Үүнд, Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар цолонд тодорхойлохоор Удирдах зөвлөлийнхөн санал нэгджээ.
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжинням 2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, 3 хүрэл медальтнуудыг төрүүлсэн амжилтаар Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлохоор болжээ.
"Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий хүрэл, дэлхийн шилдгүүдийн тулаан "World Masters" тэмцээнд гурав дараалан түрүүлсэн анхны жүдоч, "Их дуулга", Гран При ангилалын тэмцээний 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медалийн амжилтаар нь Хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо.
Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/ болон "Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ.
Д.Сумъяагийн багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од, анхны багш Чиёондоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнуулах хүсэлтийг Удирдах зөвлөлийнхөн гаргасан байна.