Татвар нэмэхийг дэмжихгүй
УИX-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай төсвийн тодотголын хүрээнд орж ирээд буй татвар нэмэх асуудлаар ярилцлаа.
-Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. МАН мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан зүйлсийг оруулж ирлээ гэх юм. МАН-ын Засгийн газар эдийн засаг ийм хүнд байгаа үед татвар нэмэх асуудал оруулж ирсэн нь бухимдап дагуулж байна. Та татвар нэмэхийг эсэргүүцэж байгаа талаараа чуулган дээр байр сууриа илэрхийллээ...
Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг хэн хэнгүй мэдэж байгаа. Хоёр жилийн өмнө эдийн засгийн асуудлыг бид ярьдагбайсан. Монгол Улсын эдийн засаг агшиж байна. Үүний зэрэгцээ улсын төсөв бүрдэхгүй байна. Манай орны валютын нөөц хомс байна. Ийм нөхцөлд бид ямар бодлого явуулах вэ гэдгээ олон талаас нь авч үзэх ёстой. Эдийн засаг өсч, тэлж байгаа үед татвар нэмэхэд ямар ч асуудал байхгүй. Учир нь эдийн засгийн хэт халалт бий болохоос сэргийлж татвар нэмэх арга хэмжээг авдаг.
Харин эдийн засаг хумигдаад, унаж яваа энэ үед хөрөнгө оруулагчид хүнд байдалтай байгаа нь үнэн. Энэ мэтчилэн иргэдийн орлого буурчихсан нөхцөлд татвар нэмнэ гэдэг нь цаашид эдийн засгийн агшилтыг хурдасгах эрсдэлтэй. Тиймээс татвар нэмэх энэ асуудлыг дэмжих боломжгүй. Тэр утгаараа Төсвийн байнгыгт хорооны хуралдаан дээр татвар нэмэх хуулиудыг хойшлуулбал яасан юм бэ гэдэг санал гаргасан.
-Цалингийн хэмжээнээс үл хамаараад Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмнэ гэж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа сэдвийн нэг боллоо. Та ямар байр суурьтай байгаа вэ?
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудал төсвийн тодотголд байна лээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх явцад бид ярина. Одоо Монгол Улсад төлж буй Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ бусад орнуудтай харьцуулахад өндөр.
Бусад орноос өндөр байхад нь дахиад нэмнэ гэж байгаа бол үндсэндээ хувийн хэвшлийнхэн ажиллагсдынхаа цалинг бууруулах, худлаа тайлан гаргах зэрэг бидний өнгөрсөн хугацаанд засч залруулахаар хичээж байсан бүх ажилд ухралт гарна. Тиймээс одоогийн түвшинд хангалттай өндөр байгаа шимтгэлийг нэмэгдүүлэх нь далд эдийн засгийгбий болгох эрсдэлийг үүсгэнэ.
-150 метр квадратаас дээш орон сууцны татварыг нэмнэ гэдэг зүйлийг ярьж байна. Энэ нь дундаж орлоготой иргэдэд нөлөөлөх үү?
150 метр квадратаас дээш орон сууцтай холбоотой асуудлыг судлах шаардлагатай Өндөр орлоготой иргэд энэ байранд байгаа тохиолдолд татвар авах нь тийм ч буруу биш гэж бодож байгаа.
-Автомашины татварыг мөн нэмнэ гээд байгаа шүү дээ?
Дэмжих боломжгүй. Эсрэг саналтай байна. Эдийн засаг хямарчихсан байгаа үед ямар нэгэн татварыг нэмнэ гэдэг сигналыг зах зээлд өгөх нь буруу байдаг юм.
-МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж байна уу?
Хэрэгжүүлэхийн төлөө хичээж, чармайж ажиллана. Гэхдээ Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд 26.9 их наяд төгрөг шаардагдана гэж ярихыг сонссон байх. Үүнийг төр өөрөө хийх гэж оролдох юм бол хэрэгжихгүй. Аль болох хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг татах замаар оруулах юм бол хэрэгжихэд болохгүй гэх газаргүй.
-Татвар нэмэхгүйгээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар гарц байна вэ?
Татварынхаа суурийг нэмэгдүүлж, эдийн засгаа өсгөх боломжтой. Одоо байгаа татварын жижиг суурин дээр татвар нэмэх бодлого явуулна гэж байгаа бол буруу.
-Сангийн сайд 20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэж байна. Энэ хүмүүс чинь цалингийн зээл, ипотекийн зээл, лизингтэй гээд асуудал тулгарна шүү дээ?
Энэ тухай сая чуулган дээр сонслоо. Төрийн алба данхайсан уу гэвэл данхайсан. Үүнийг оновчтой, бодитой, зөв болгох тал дээр Засгийн газар ажиллах ёстой.