Сүүлийн 7 хоногийн эдийн засгийн онцлох үйл явдлууд
2016.03.11

Сүүлийн 7 хоногийн эдийн засгийн онцлох үйл явдлууд

Хөрөнгийн зах зээлийн мэдээ: 

Татварын буцаан олголтод 40 гаруй тэрбум төгрөг зарцуулна

Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төсөлд хөрөнгийн зах зээлийн оролцогчид зах зээлд дэмжлэг болох заалтуудыг нэмж тусгуулахаар саналын төсөл боловсруулж байна. Өөрөөр хэлбэл Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран хувьцааны ханшийн зөрүүнээс олох орлого, ногдол ашгаас олох орлого зэргийг татвараас чөлөөлүүлэх тухай санал боловсруулж байгаа ажээ.

Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц тооцож эхэлсэн хугацаанаас хойш 2015 оныг дуустал өссөн дүнгээр 24.5 тэрбум ам.долларын цэвэр богино үлдэгдэлтэй байна. Цэвэр богино позицийн үлдэгдэл өмнөх оноос өссөн байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан байгааг илтгэж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн 2015 онд 49 хувиар буурч, 195.1 сая ам.долларт хүрсэн байна.

Энэ жил татварын буцаан олголтод 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар байгааг Гааль, Татварын Ерөнхий газраас мэдээллээ. Өмнө нь татварын буцаан олголтын хэмжээ жилд дунджаар 8 тэрбум төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ жил татварын буцаан олголтын хэмжээ нэг тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 75.3 мянган иргэн хүн амын орлогын албан татвараа тайлагнаж, 44.8 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоор болжээ.

... Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг БНХАУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлвийг тогтвортой түвшнээс буулган "сөрөг" гэж үнэллээ ...

Хөдөө Аж Ахуйн биржийн нэмэлт хувьцааны арилжаанд 41 хуулийн этгээд оролцож нийт 106 сая 350 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ.

Уул уурхайн мэдээ:

“Эрдэнэт үйлдвэр”-ийн орлого 79,9 тэрбум төгрөгөөр тасарчээ

Канадын Торонто хотод болж байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улс "Уул уурхайн форум" зохион байгууллаа. Форумд Засгийн газрыг Сангийн сайд, Ашигт малтмалын газрын дарга, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал нар төлөөлсөн байна. Сангийн сайд Б.Болор уулзалтын үеэр олон улсад 500 сая ам.долларын бонд гаргаж магадгүй талаар мэдээллээ. Тэрбээр "Энэ асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт Вашингтон болон Торонто хотноо уулзалт зохион байгуулсан. Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана" гэж онцолжээ.

... Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын болон орон нутгийн төсөвт 22,9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн өнгөрсөн онд тус компани нэг их наяд 54 тэрбум төгрөгийн орлого олсон ч 79,9 тэрбум төгрөгөөр орлого нь тасарчээ ...

“Khan Resources” компани Канадын Засгийн газарт хандан "Монголын Засгийн газар арбитрын торгуулиа төлөх хүртэл" Монголд үзүүлж байгаа зээл, тусламжаа зогсоох хүсэлт гаргасан байна. Канадын Засгийн газар Монгол Улсад жилд 4 сая канад долларын тусламж үзүүлдэг гэж тус улсын хэвлэлд онцолжээ. Монгол Улсын Засгийн газар, компаниудын төлөөлөл Торонтод болох олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт PDAC-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Тус компанийн хүсэлт энэхүү үйл явдлын өмнө гарч байгаагаараа анхаарал татаж байна.

Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Компанийн бүтцээ шинэчлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын зээл авахаар болсон” гэж мэдээллээ.

Бусад мэдээ: 

Түрээсийн орон сууцны журмыг батлав

Түрээсийн орон сууцны журмыг баталсан болохоо Төрийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ.

.. Улаанбаатар хотод "Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн 350 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-нээс эхлүүлэхээр болжээ. Сугалааны товыг дөрөвдүгээр сарын 1-нд бүртгэл дууссаны дараа зарлах юм аж ...

Ази-Европын Дээд түвшний уулзалт буюу АSЕМ-ийн хуралд зориулсан бүтээн байгуулалтын ажлууд энэ сарын 15-наас эхлэхээр байгааг Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Хуралд зориулж "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хөөрч, буух зурвасыг өргөтгөх, нийслэл хотод 13 гудамжийг шинэлэг хэлбэрээр тохижуулахаар төлөвлөж, зураг төслийг гаргасан байна.

Улаанбаатар Төмөр зам Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг транзит тээврийн ачааг нэмэгдүүлэх гэрээ байгуулсан талаар мэдээллээ. Гэрээний нийт үнийн дүнг 64 сая ам. доллараар үнэлж байна. ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэх транзит ачааг Монгол Улсаар дамжуулах гэрээг пүрэв гарагт ОХУ-д үзэглэсэн талаар “Улаанбаатар Төмөр зам”-аас мэдээллээ.

Улсын хэмжээнд сонгуулийн 2091 хэсэг байгуулж, сонгогчдын нэрийн жагсаалтыг burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан гэж Улсын, Бүртгэл Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ.

... Нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөг байхаар Үндэсний Аудитын Газраас тогтоожээ. "Хоѐрдугаар сарын 1-ний байдлаар 2,004,048 сонгуулийн насны иргэн бүртгэгджээ ...

Энэ оны эхний хоѐр сарын эцсийн байдлаар Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 8.3 хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй, ажил хайгч иргэдийн тоо 48 мянга байгаа аж. Түүнчлэн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй ажлын байрны тоо 7000-д хүрчээ. Харин уул уурхайн салбарт хамгийн их ажлын байр бий болгож, үзүүлэлт нь жил бүр өсөлттэй байсан бол 2015 оноос жилийн дүнгээр буурч, өнөөдрийн байдлаар энэ салбарт 41 мянган ажилтан байгаа ажээ. Уул уурхайн салбараас ажилгүй болсон иргэдийн тоо 9.3 мянга болжээ.