Түрээсийн байраа зээлээр авах боломжтой
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016.02.29

Түрээсийн байраа зээлээр авах боломжтой

Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түрээсийн орон сууцны журмын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийг тус яамны сайд З.Баянсэлэнгэ газрын дарга нарынхаа хамтаар өгөв. З.Баянсэлэнгэ сайд  Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаар хэлэхдээ “Уг хуулиар барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг 56 өдрийн дотор 36 гарын үсгээр нэг цэгийн үйлчилгээгээр олгодог болж байна.

Барилгын салбарт ажиллаж буй иргэд даатгалд хамрагдахаас эхлээд олон шинэчлэл уг хуулиар хийгдэж байгаа. Мөн гэр хороололд хашаандаа орон сууц барих гэж байгаа айлууд зөвшөөрөл авах шаардлагагүй” гэлээ. Түрээсийн орон сууцны хувьд, Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой аж. Мөн 1000 айлын орон сууц баригдсан 8 аймагт уг хөтөлбөр хэрэгжих юм байна. Гэхдээ зөвхөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд зориулж орон сууц түрээслүүлнэ. Улаанбаатар хотод 350 хөдөө орон нутагт 559 орон сууцыг эхний ээлжинд түрээслүүлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.

Журмыг баталсан бөгөөд ТОСК дотооддоо илүү нарийн зохицуулалтыг хийж байж хэрэгжүүлж эхлэх юм байна. Эдгээрээс гадна байраа урт хугацаанд түрээслэсэн иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох аж. Түрээсийн орон сууцандаа орохдоо барьцаа болгож гурван сарын мөнгийг өгөх ёстойгоос гадна төлбөрийг сар, сардаа төлөх боломжтой юм..