Түрээсийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд олгохоор квот заасан
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016.02.24

Түрээсийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд олгохоор квот заасан

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Салбарын сайдтай уулзсаны хувьд иргэдэд хүлээлт үүсгээд буй Түрээсийн орон сууцны талаарх мэдээллийг авмаар байна. Энэ хөтөлбөр хэдийгээр Засгийн газраар батлагдсан ч хэрэгжүүлэх журам нь дөнгөж бэлэн болсон. Яг ямар шаардлагуудыг багтаасан журам боловсруулав?

-Засгийн газраас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоол гарсан. Үүний дагуу Засгийн газар дээр Барилга хот байгуулалтын яамнаас баримталж буй бодлогын дагуу хөтөлбөртөө өөрчлөлт оруулаад төрийн өмчийн хөрөнгөөр орон нутаг болон нийслэлд баригдсан ТОСК-ийн харьяаны барилгууддаа Түрээсийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлье гээд cap шинийн дараагийн хурлаар баталсан. Тиймээс энэ хөтөлбөртөө Барилга хот байгуулалтын сайд бодлогын хэмжээнд баримталж ажиллах журмыг боловсруулж гаргах ёстой. Мэдээж найман хувийн зээлээр орон сууцанд орох хүсэлтэй иргэд хангалттай орчихсон.

Харин урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй буюу хуримтлалгүй өрх, залуу гэр бүлүүд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутагт төрийн албанд томилогдон ажиллаж буй албан хаагчид, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд нэг хашаанд олуулаа амьдарч байгаа өрхүүдийн нийгмийн асуудал үлдчихээд байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд Түрээсийн орон сууц хөтөлбөрийнхөө журмыг боловсруулах зайлшгүй шаардлага гарч ирсэн. 

Маш өргөн хүрээг хамарсан хөтөлбөр маань иргэдэд хүлээлт үүсгэчихсэн байгаа. Тэгэхээр бид ч гэсэн энэ ажлаа шоу болгочихгүйн тулд хөрсөн дээр буулгаж, амьдралд хэрэгжүүлэхээр анхаарал хандуулан нэлээд тооцоо, судалгаа хийж, хэрэгжүүлэгч байгууллагуудынхаа санал дүгнэлт, орон нутгийн Засаг дарга, ИТХ, аж ахуйн нэгжүүдээс саналыг нь эцэслэж аваад өнөөдөр эцсийн байдлаар Түрээсийн орон сууцны журмаа баталж, гаргалаа. Журам батлагдсан учраас иргэд ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ гэдгийг хүлээн авах хэрэгтэй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт ямар барилгууд багтаж, хэн амьдрах боломжтой вэ. Зорилтот гэр бүлийг түлхүү хамруулах уу?

-Мэдээж одоогийн байдлаар нийслэлд Буянт-Ухаа-2, орон нутгийн найман аймагт баригдсан 1,000 айлын орон сууц хөтөлбөрөөсөө эхлүүлнэ. Өөрийн тань хэлснээр хөтөлбөрийн орон сууцнаас зорилтот гэр бүл буюу залуу гэр бүлд 20, ахмадуудад 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 5, орон нутагт томилогдсон болон сэлгэгдэн ажиллаж буй төрийн албан хаагчдад 20 гэсэн байдлаар хувиа тогтоосон байгаа.

-Мэдээж ямар ч тохиолдолд үнийн асуудал чухал байдаг. Түрээсийн сууцны ханш нь мар байх бол. Ер нь хэдэн метр кв байрнууд байгаа вэ?

Би дээр хэлсэн манай яамныхан маш тооцоо, судалгаа хийсний эцэст журмаа боловсруулсан. Тэгэхээр нэлээд үр дүнтэй байх болов уу гэж харж байгаа. Жишээ нь орон сууцны талбай нь 30-50 м.кв, нэг м.кв-ын үнэ нь нийслэлд 5,600 төгрөг бол орон нутагт 4,500 байхаар тогтсон.

Энэ нь орон сууцны зээлийн урьдчилгаагаа хуримтлуулж чадахгүй байгаа залуу гэр бүлүүд, ах дүүгийнхээ хашаанд амьдардаг ахмадуудад маш их ашигтай. Өөрөөр хэлбэл тухайн өрх нэгнийхээ цалин, тэтгэврээр түрээс, ашиглалтын төлбөрөө хийгээд, нөгөөгийнхөөрөө амьжиргаагаа залгуулаад явах боломжтой гэсэн үг.

-Иргэдийн хувьд энэ хөтөлбөрт хамрагдсанаар түрээсийн мөнгөө төлөөд, мөн орон сууцны зээлийнхээ урьдчилгаа төлбөрийг хуримтлуулах хэлбэрээр хоёр төлбөр төлөх юм байна гэсэн ойлголттой байгаа шүү дээ?

-Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Түрээсийн орон сууц хөтөлбөртөө дахин өөрчлөлт оруулна. Гэхдээ эхний ээлжинд хөдөөд 579, нийслэлд 329 орон сууцыг л хөтөлбөртөө багтааж байна.Цаашлаад 30 хувийн урьдчилгаагаа төлөх боломжгүй иргэд өөрсдийн эдийн засгийн бодит чадамжаасаа хамаараад Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан тухайн жишиг үнээс илүү өртгөөр байрныхаа түрээсийг тасралтгүй урт хугацаанд төлж явсан тохиолдолд шууд ипотекийн зээл рүү шилжүүлэх бүрэн боломжтой. 

Гэхдээ энэ алхам, хувилбарыг бид бодлогын хүрээнд явуулахаар ТОСК-тай харилцан санал солилцож, тооцоо судалгаа хийж байгаа. Аливаа асуудлыг үе шаттайгаар явуулахгүй бол эцсийн дүндээ бүх асуудлыг нэг уутанд хийж байгаа сэгсэрчихсэн мэт бантан болгочихож болохгүй. Тиймээс хөтөлбөрөө эх үүсвэр, хөрөнгө мөнгөтэй нь уялдуулан бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай.

-Гуймхай байж голомтгой гэгчээр энэ Түрээсийн орон сууцны хэмжээ нь арай бага юм биш үү гэх хүн гарна шүү дээ. Иргэд бол яваандаа ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа. Тэгэхээр нэгэнтээ 10-20 жилийн өртэй болох гэж байж бас 50 м.кв-ын голох юм биш үү?

-Түрээсийн орон сууцны м.кв-ын үнэ бага байгаа нь ганц манайд ч бус олон улсад хэрэгжүүлдэг зарчим. Бид энэ хязгаарлалтыг хийж өгөх ёстой Яагаад гэвэл хүний хүсэл хязгааргүй. Мэдээж бид судалгаа, тооцооныхоо явцад урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүйгээс үү, эргэн төлөлтөө хийж боломжгүйгээс орон сууцанд орохгүй байна уу гэдгийг харах ёстой. Иргэд ч өөрсдөө эдийн засгийн чадамждаа тулгуурлан бодох хэрэгтэй.

Тэгэхгүйгээр шууд л Түрээсийн орон сууцад амьдарч байснаа өөрийн болгоод авна гэж өр олон байна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Аливаа асуудлыг бодит тооцоонд тулгуурлан ярин уу болохоос хүмүүсийн хийсвэр санаархах хүслээр болох зүйл биш. Дээр хэлсэнчлэн үе шаттайгаар явуулахын тулд Түрээсийн орон сууцны м.кв нь 50-иас дээшгүй байх зайлшгүй шаардлагатай. Цаашдаа 30 хувийн урьдчилгааг бүрдүүлэх өрхүүдээ хамааруулахын тулд журмандаа өөрчлөлт оруулж, арай өөр зарчмаар зохицуулна. Ер нь 50 м.кв-ыг ямар ч хүн урт, удаан хугацааны төлөлт хийж өөрийн болгохыг хүсэхгүй, арай ахиухан төлөлт хийхийг бодно. Түүнийхээ хэрээр эдийн засгийн чадамждаа суурилах хэрэгтэй.

-Өмнө нь Ипотекийн зээлийн хөтөлбөрийг дагаад гарсан журмын дагуу шаардлага хангасан өрхүүд банкны эдийн засагч дээр очоод сөхөрдөг байсан. Тэгвэл Түрээсийн орон сууц болон түүнийгээ өөрийн болгохын тулд урьдчилгаа бүрдүүлсэн бол банканд хандах бүх асуудлыг ТОСК шийдэх юм байна гэж ойлгож болох уу?

-Түрээсийн орон сууц бол банктай ямар ч холбоогүй. Төр Чингис бондын хөрөнгөөс мөнгө гаргаад бариулчихсан. Төрийн өмчийн орон сууцны асуудал. Үүнийг хэрэгжүүлэх байгууллага нь ТОСК. Тус байгууллага яамнаас гаргасан журмыг баримталж, тухайн аймаг, нийслэлийн удирдлагуудтай гэрээ байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр оролцоно.

Ингээд харахаар арилжааны банкнаас авч буй зээлийн асуудал биш учраас тэднийг оролцуулах шаардлагагүй. Хэрвээ дараагийн журам гараад тухайн иргэн амьдарч буй орон сууцныхаа түрээсийн үнээс өндөр төлж, тэр нь урьдчилгаа төлбөрийн 30 хувьд дүйцэхүйц болсон тохиолдолд ТОСК тэднийг шууд ипотекийн зээлд оруулах гэрээг банктай байгуулсан байх шаардлагатай. Тэгэхээр энэ бүхнийг салбар яам ТОСК-тай хамтарч цогцоор нь шийдэх асуудал.

-Зарим хүний үзэж буйгаар урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцтай болох иргэд бараг дууссан гэж байгаа?

-Нийгэмд байгаа өрхүүдийг бид давхаргын хувьд авч үзсэн. Тэгэхэд ипотекийн зээлд 30 хувиа төлөөд хармагдах иргэд нь өнгөрсөн хугацаанд хангалттай орчихсон. Одоо 30 хувиа төлөх хуримтлалгүйгээс орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй байгаа өрх байна.  

Мөн урьдчилгаа болон эргэн төлөлтөө хийх боломжгүй хэрнээ өөрийн гэсэн орон байргүй Түрээсийн орон сууцанд орох сонирхолтой зорилтот бүлгийн иргэд байгаа. Өөрөөр хэлбэл 30 хувийн урьдчилгаа төлөх боломжит өрх зах зээлийг хангалттай дүүргэчихсэн. Харин үлдсэн хуримтлалгүй буюу Түрээсийн орон сууцны асуудалд төр оролцохоос аргагүй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт зөвхөн ТОСК-ийн байрнуудыг “шахаж” байгаа дүр зураг ажиглагдах байх. Яг энэ хөтөлбөрт хувийн аж ахуйн нэгжүүд хамтарч оролцох сонирхол хэр байна вэ. Хүсэлт, санал байгаа болов уу?

-Энэ хөтөлбөр төрийн өмчөөр баригдсан барилгууд багтаж байгаа учраас ТОСК хариуцан ажиллаж байгаа. Зөвхөн 1,029 байраар Түрээсийн орон сууц хөтөлбөр хангагдаад болчихно гэсэн үг биш. 

2017 оноос эхлэн Төрийн өмчөөр Түрээсийн орон сууц хөтөлбөрөө цаашид хэрэгжүүлэх хөрөнгө болох 17 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Тэгэхээр зөвхөн төрийн барьж, бариулсан гэхээс гадна хувийн аж ахуйн нэгжүүдийн барьсан барилгыг төрийн өмчөөр худалдаж аваад, менежметийг нь хийж, бодлогын дагуу хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжтой. 

Гэхдээ хувийн өмчийг үнэгүйдүүлж, төрийн хөрөнгийг салхинд хийсгэхгүйн тулд борлуулагдаагүй орон сууцыг ТОСК худалдан авахдаа м.кв-ын үнэ, чанар гэх мэт бүх асуудлыг харгалзан үзэж өөр хоорондоо тохиролцсоны үндсэн дээр, үнийг нь төрийн бодлогод нийцүүлэн буулгаж чадах компанитай хамтарч ажиллана гэж ойлгож болно. Түүнээс 2.2 сая төгрөгийн үнэтэй орон сууцыгтөр худалдаж авах боломжгүй.

Түрээсийн орон сууц гэдэг асуудал аль эрт иргэдийн дунд хэрэгжээд эхэлчихсэн. Гэр хорооллын айлууд хүртэл нийтийн байр барьчихаад оюутнууд болон залуу гэр бүлүүдэд түрээслэн орлого олдог. Тэгэхээр энэ зарчмыг ч бас төр, засгаас зохицуулалтыг нь хийж өгөх шаардлагатай.

-Өрхүүд зээлээр орон сууцтай болох, болсон нь нурууныхаа ачааг бага ч атугай хөнгөлөх гэсэн дараагийн хүлээлт бол хүүний асуудал. Ипотекийн зээлийн хүү найман хувиас тав болж буурлаа гэсэн. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй ээ?

-Салбар хариуцсан сайдын хувьд хэлэхэд ипотекийн зээлийн найман хувийг 100 м.кв хүртэл тав, 100-гаас дээш м.кв-тайг нь найман хувь байлгах саналаа Засгийн газарт оруулсан. Батлагдчихсан. Одоо хэрэгжүүлэх чиг үүрэг нь Монголбанк болон Сангийн яамны хүрээнд эдийн засгийн тооцоо судалгаандаа үндэслэгдээд гарах учиртай. Бодлогын хувьд Засгийн газрын хуралдаанаар салбар хариуцсан яамнаас боломж нь байна гэдгийг шийдвэрлүүлсэн. Цэцийн даргын асуудлаар горимын санал гаргаж, завсарлага авах гэсэн ч УИХ-ын дарга хүч түрсэн

-Өнгөрсөн Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй МАХН-ынхан завсарлага гэж байсан. Гэтэл гэнэт яагаад больчихсон юм. Ер нь даваа болон пүрэв гарагт ээлжит бус чуулганд оролцохгүй байсан хэрнээ гэнэт сүүлийн өдөр ордог нь ямар нэг тохироотой холбоотой байв уу.

-Үндсэн хуулийн Цэцийн даргыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг манай бүлгийнхэн намрын чуулган завсарлахаас өмнө ярилцсан. Гишүүд өөр өөр саналтай байсан учраас нэлээд нухацтайгаар дахин эргэж ярилцахаар болсон. Тухайн үед хууль зүйн Байнгын хорооны ахлах зөвлөхөөс асуусан төдийгүй цаашлаад холбогдох газруудаас асууж тодруулахаар тогтсон.

Тэр үед МАН-ын бүлгийнхэн завсарлагын тав хоногоо үргэлжлүүлэн нэмж, гурав хоног сунгасан учраас бидний хувьд хэлэлцэж амжаагүй, чуулган завсарласан. Мөн ээлжит бус чуулган зарлахтай холбоотой асуудалд бүлгийн хэлэлцэх асуудлын тоонд багтсан 26 асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа эсэх, бодлогын хэмжээний гол, гол хуулиудыг буюу ээлжит чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ээлжит бус чуулган зарлан байж хуралдуулахдаа нам, эвслийн бүлгүүдийн саналыг авч зөвшилцөн оруулах ёстой гэдэг саналуудыг гаргаж байсан бөгөөд манай бүлгийн гишүүдийн ирц ч хангалтгүй байсан.

Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг өөрчлөхтэй холбоотой асуудал байсан. Гэхдээ бодлогын шинжтэй шинэ концефци дэвшүүлэн оруулж ирж буи томоохон суурь хуулиудыг сонгуулийн өмнө яаран сандран хэлэлцүүлэх нь зөв эсэх талаар ч ярьж байсан.

Зарчмын хувьд сонгууль болохоос гуравхан сарын өмнө буюу дараагийн парламент, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр өөрсдийн бодлогоо хэрэгжүүлээд явах хуулиудыг энэ удаагийн УИХ-аар оруулж ирж буй нь ёс зүйн хувьд болохгүй гэдгийг ярилцсан.

Мэдээж нийгэмд улстөрийн уур амьсгалыг идэвхижүүлсэн асуудал бол Цэцийн даргын суудал. Манай бүлгийнхэн ч энэ асуудлыг эцэслэн шийдээгүй, эргээд санал солилцъё хэмээгээд, зарим гишүүн маань завсарлага авч байгаад нухацтай яръя гэдэг саналыг бүлгийн дарга бид хоёрт өгсөн байсан. Тиймээс бид тухайн асуудлыг ярилцахаар үлдээсэн байлаа. Гэвч ээлжит бус чуулган зарлагдсан. Үүнийг зарлахдаа УИХ-ын дарга гишүүдийн ирц болон бусад хүчин зүйлийг харж товлов уу хэмээн эргэлзээ төрсөн.

Орон нутаг болон гадагш явсан гишүүдийг хүртэл яаралтай дуудуулан, сонгууль дөхчихсөн үед хэт улстөржсөн дээрх асуудлыг хурцатган хэлэлцэх нь оновчтой шийдэл гэж харагдахгүй байсан. Бид ч ирцэндээ анхаарал хандуулж, анхаарсан. Харамсалтай нь дээрх байдлуудаас шалтгаалан чуулганы танхимд ороогүйг АН-ын бүлгийн гишүүд “МАХН-ын намын даргыг нь Шадар сайд болгоогүйн төлөө чуулганд орохгүй байна” хэмээн сумны бай болгож эхэлсэн.

Асуудлын гол нь хаанаа байна гэхээсээ илүү бусдаас бурууг хайж муйхарлан зүтгэж, хүч түрж хэлэлцэх нь буруу байсан. Өөрөөр хэлбэл парламентаар хэлэлцэж буй бодлогын шинжтэй асуудлуудыг ярилцаж, зөвшилцөх, санал солилцох гэдэг улс төрийн ойлголцол, зөвшилцөл, улс төрийн соёл байхгүй болчихсоны тод жишээ сая харагдлаа.

-Гэхдээ таны хувьд завсарлага авах гэж байгаа тухай яригдаж байсан. Гэтэл тэгээгүй?

-Бүлэг хуралдаж амжахгүй байсан шүү дээ. Бүлгийн ирц ч бүрдэхгүй байсныг ээлжит бус чуулганы бүртгэлээс харж болно. Тэр ч утгаараа бид хуралдаж, санал бодлоо нэгтгэх шаардлагатай байсан. Гэвч Тэрбишдагва дарга, Улаан гишүүн нар гадаадад эмчилгээтэй, заримтай нь холбогдож чадахгүй байсан.

Бүлэг хуралдаж чадаагүй учраас асуудлыг нягталж амжилгүй ирцэнд орж, 39 гишүүнтэйгээр хуралдаан эхэлсэн.

Бүлэг хуралдаж чадаагүй учраас асуудлыг нягталж амжилгүй ирцэнд орж, 39 гишүүнтэйгээр хуралдаан эхэлсэн. Бүлгийн дарга Батцэрэгийн хувьд ар гэрийн гачигдалтай байсан тул би бүлгийн гишүүдийн саналыг үндэслээд хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах горимын санал гаргасан боловч УИХ-ын дарга хүлээж авалгүй, шууд хүч түрэн, санал хураалт явуулсан. Үндсэндээ горимын саналыг маань хүлээж аваагүй.

-Ээлжит бус чуулганы гол үүрэг нь Цэцийн даргыг эгүүлэн татах байсан юм биш үү. Эрх баригчид сонгуулиас өмнө Цэцийн даргаар өөрийн гэсэн найдвартай хүнээ тавих гээд байна гэж ойлгогдож байгаа шүү дээ?

-Сонгуулийн өмнө Цэцийн даргатай холбоотой асуудлыг яаран шийдвэрлэх нь зарчмын хувьд буруу. Мөн УИХ-ын бүтцийн байгууллага, хамтарч буй улстөрийн хүчин нь “үүнд анхаарал хандуулъя” гээд горимын санал гаргаж байхад хүлээж аваагүй нь З.Энхболд даргын хувьд хууль зөрчсөн хэрэг юм. Түүгээр ч зогсохгүй Цэцийн даргыг сонгуулийн өмнө сольж байгаа нь эрх ашиг нь хаана, юунд байна вэ гэдэгт байгаа бололтой. Бидний хувьд Цэцийн дарга хэн байх нь чухал биш. Ж.Амарсанаад хайртайдаа бус, өөр хэн нэгэн байсан ч дургүйдээ биш. Ердөө л сонгуулийн өмнө ингэж байгаа нь эцэс, төгсгөлгүй маргаан руу оруулчихаж байгаа юмаа.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэсэн Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийн төслийг тухайн үед би дэмжиж байсан. Хуульд өөрчлөлт оруулах асуудал, хууль зөрчсөн тухай асуудал хоёр зарчмын хувьд хоёр өөр асуудал гэдгийг ялгаж салган ойлгох хэрэгтэй. Ер нь УИХ-аас томилогддог ганц, хоёр байгууллагын даргыг сольсноор асуудлыг шийдчихнэ гэж үзвэл өрөөсгөл шүү дээ. Энэ нь зүгээр л өнгө будгийн л засвар гэсэн үг.

-МАХН, МАН-тай нэгдэх гэж сууриа цутгаад ээлжит бус чуулганы үеэр нууцхан хамтарч ажиллан, саналаа нэгтгээд байсан юм биш үү?

-МАН-тай нэгдэх тухай асуудал яригдаад  ирэхээр нэгдэх вий гэж эмээж нэгдүүлэхгүй байхыг эрмэлздэг эсвэл өөрсдөдөө нэгтгэн уусгах гэсэн бодолтой улстөрийн нам хүчний нийгэмд цацдаг мессеж юм. Угаасаа энэ асуудал улстөрийн өрөг дээрх шатар болчихсон. Гэхдээ эцсийн дүндээ бидний байр суурь, үзэл баримтлал, болоод явуулж буй намын бодлогыг аль нэг намтай хамаатуулж, цаашлаад эвсэх асуудалтай хутгаж ойлгох хэрэггүй юм. MAH, МАХН хоёр социал демократ үзэлтэй, 95 жилийн түүхтэй угшил нэгтэй намууд.

Өнгөрсөн 95 жилийн түүхэнд амьдарч байсан Монголын ард түмний түүхийг булаах эрх хэнд ч байхгүй. Тиймээс эв нэгдлээ эрхэмлэн, намын гишүүд, ард түмний хүлээлт, шаардлагын дагуу ирэх сарын 1-нд Эх орончдын баярт өдрийг манай хоёр нам хамт тэмдэглэхээр шийдсэн. Энэ шийдвэрийг сонсоод олон нийт ч баярлаж л байгаа. Харин энэ баяр тэмдэглэх явцыг буруутгаж, нэгдэн, нийлэх нь хэмээн хардаж, дунд нь яс хаяж, том ангал үүсгэх гэж байгаа бол уучлаарай. Энэ бол нийгмийн захиалга. Улстөрчид шатраа нүүн, хардлагаа явуулж л байг.

СОНГУУЛЬД НАМАА УДИРДАН ОРОХООС АЙСАНДАА ШАДАР САЙД БОЛГОХГҮЙ БАЙГАА

-Үнэхээр намын даргыг чинь Шадар сайд болгоогүйд шаралхаад байсан юм биш үү?

-Шадар сайдын асуудлыг манай намаас зарчмын хувьд тавьсан. Үүнийг нуугаад байх шаардлагагүй. Гэхдээ энэ асуудал энэ удаа бус, аль эрт оны өмнө ярьж байсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн Газрыг байгуулах үед "Шударга ёс эвсэл"-ийн тэргүүн нь Шадар сайд байна гэдгийг гэрээнд хүлээж авсан байсан. Тухайн үед МАХН-ын дарга, эвслийн тэргүүн энэ албан тушаал дээр очих боломжгүй, хилс хэргээр хоригдож байсан.

Харин намын дэд дарга Тэрбишдагва шадар сайд болсон. Хамтарсан Засгийн газрын үед хамтарч буй намууд харилцан хүндэтгэлтэй хандах ёстой байдаг. Тиймдээ ч хамтарч буй намын дарга нь Шадар сайд болдог жишиг бий. Парламентад суудалтай намууд хамтарч шийдлийн Засгийн Газрыг байгуулахдаа энэ зарчмын дагуу МАН-ын дарга Шадар сайд болоход бидний хувьд хүндэтгэлтэй хандан ойлгож хүлээж авсан. Харин өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр л Шадар сайд байж болохгүй гэдэг зарчим үйлчлээд байгаа нь хачирхалтай санагдахгүй байна гэж үү.

Үнэндээ бол 2016 онд МАХН-ын даргыг сонгуульд намаа удирдан оролцуулахгүй байх бодлого явж байгаа хэрэг. Үүнийг өнөөгийн эрх барьж буй бүлэглэл эрх ашигтаа нийцүүлэн тоглож байгаа. Олон нийт асуудлын гол нь Шадар сайдын суудал гэж ойлгоод байгаа бололтой.

Үнэндээ бидний хувьд энэ бол зарчим. Нөгөөтэйгүүр өнөөдөр 2009 оны Өршөөлийн хуулиар хэрэг нь хэрэгсэх болчихсон байхад АТГ аас ялтайн тухай асуудал бичиж өгч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газар АТГ-аас тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхол байгаа эсэхийг тодруулж, урьдчилсан хөрөнгө орлогын мэдүүлгийг явуулдаг.

Тодруулбал Н.Энхбаяр гэдэг хүн тэр албанд томилогдох ойрын ах, дүү амраг, садан нь эрх мэдлийн өндөр албан тушаал хашиж буй эсэх ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг АТГ тодорхойлох ёстой. Гэтэл цагдаагийн байгууллагад хандаж, ялтай эсэх тухай албан бичиг явуулж, түүнийг АТГ Засгийн газар илгээсэн гэдэг чинь хууль зөрчиж, үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллахгүй байна гэсэн хэрэг.

Ер нь бол Н.Энхбаяр даргын ялтай эсэх асуудлыг он дамнаж ярьж, Шадар сайд болгохгүйн тулд бүхий л арга хэрэгслийг ашиглаж, үүндээ хууль хүчний байгууллагыг татан оролцуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Ялгүй гээд эцэслэн шийдчихээр байхад нь өнөөдөр ялтай гээд гаргаад ирж байгаа юм. Худлаа зүйлийг 1,000 давтахаар үнэн болдогтой л адил зүйл болоод байна шүү дээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр гэдэг хүн Шадар сайдын суудлын төлөө л яваад байна гэж олон нийтэд буруу ойлголт төрүүлэх бүхий л аргыг ашиглаж байна даа.

-УИХ-ын дарга Ерөнхий сайдыг авч үлдэхийн тулд МАХН-ын даргыг Шадар сайд болгоно гэсэн амлалтдаа хүрэхгүй болохоор та нар гэдийсэн гэж ойлгогдож байгаа?

-МАХН-ын мянга, мянган гишүүн, дэмжигч, улс орны хөгжлийн төлөө санаа зовнин суугаа жирийн иргэдийн хувьд Н.Энхбаяр даргыг Шадар сайд болоод хөдөө, орон нутгаар явж малчдын ахуй амьдралтай танилцан, өвөлжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засгийн хүнд байдлыг улстөр дэх өөрийн карьер, нэр хүнд нь дуусаагүй байгаа энэ боломжийг ашиглаасай гэсэн хүмүүсийн итгэлд тулгуурлан бид өнөөг хүртэл тууштай яваа. Тэр ч утгаараа эртнээс яригдсан энэ асуудлыг Засгийн газрын хувь заяатай холбох шаардлагагүй.

Бид сонгогч, иргэдийнхээ төлөө хийж чадаж байгаа зүйл бол Засгийн газрыг л тогтвортой байлгаж байна. МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг ганц, хоёр хүн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсныг эс тооцвол жанжин шугамдаа бат зогсон, засгийн тогтвортой байдлын төлөө дийлэнх нь кнопдоод явж байгаа. Энэ нь өөрсдийн гэхээсээ илүү иргэд, олон нийтийн эрх ашгийг л төлөө хийж буй үйлдэл.

Бидний энэхүү байдлыг хүсэл, сонирхол, үнэт зүйлтэй маань холбон тайлбарлаж байгаа бол буруу шүү. Харин ч өөрсдийн үнэт зүйлээ хойш нь тавьснаар АН өнөөдрийг хүртэл бидний итгэлийг хугалж байгаа. Бид тэвчээртэй л байгаа. Бидний итгэл хугалсан АН-ынханы буруу юу, ард нийтийн төлөө итгэлээ ч болсон хөсөр хаяад, бүхий л бололцоогоороо зүтгэж яваа бидний буруу юу. Ямар ч тохиолдолд засаг, төрийн тогтворгүй байдлыг тэд өөрсдөө л эхлүүлдэг.

-АН-ынхан намын даргыг чинь Шадар болгосонгүй, төдийгөөс өдий хүртэл та бүхний итгэлийг алдлаа. Мэдээж та бүхэн байнга дуугүй байхгүй л байлгүй. Дуугарахын тулд дараагийн алхам нь юу вэ?

-МАХН “Шударга ёс эвсэл"-д байгаа цөөн гишүүний итгэлийг эвдэж, ашиглаж байна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Бидэнтэй байгаа мянга, мянга гишүүд дэмжигч, олон нийт, иргэдийн итгэлийг эвдэж буй хэрэг.

Тоглоом тоотой нь дээр гэдэг шиг энэ дөрвөн жилийн хугацаа дуусч байна. Бидний хувьд сонгогчиддоо хэлэх үг, хийсэн ажилтай буцаж байгаа. Гэхдээ бодит үнэн зүйл бол ард түмэн улстөрчдөд дүн тавьдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд бид хэнтэй, хэрхэн, яаж хамтарсан, юу бүтээсэн гэх зэргээр бодож, эргэцүүлэх зүйл олон бий.

-АТГ-аас дэлгэсэн албан бичигт намын дарга тань энэ есдүгээр cap буюу сонгууль өнгөртөл ялтайд тооцогдон, сонгуульд оролцох эрхгүй болчихоод байх шиг байна. Та өмнө нь “Би Намбарын Энхбаяр гэдэг хүнийг цээжээрээ хамгаална” гэж байсан. Яг энэ асуудал намынхан тань ямар байр суурьтай байгаа вэ?

-Дахиад хэлэхэд би даргыг ганцаараа цээжээрээ хамгаалаад байгаа юм биш. Би МАХН-ын гишүүд, дэмжигчдийн өмнөөс  парламентад суудалтай намын гишүүний  хувьд бид хамгаалж яваа. Магадгүй боломж нь таараад одоогийнхоос олон гишүүтэй байсан  бол мөн л цээжээрээ хамгаалах л байсан. Яагаад намынхаа даргыг хэлмэгдүүлчихээд бид дуугүй суух ёстой гэж. АН-ын нэгийг нь шоронд бариад хорьчихоор яаж бөөн асуудал үүсгэдэг билээ дээ.

Хаалга үүдийг нь эвдэж, цагдаа, шүүх рүү дайран, хууль дүрэм зөрчдөг.Тэгвэл манай намын даргыг бол  сайтар найруулсан жүжгийн зохиолын дагуу ялтайд тооцох хугацааг нь хүртэл биччихсэн байгаа. Ингэж манай намын дарга шиг бусдын зохиосон жүжгийн гол дүрд орчихсон , хэлмэгдэж яваа аль намын дарга байна вэ гэдгийг асуумаар байна. Харамсалтай нь  байхгүй л дээ.

Сонгуульд оролцох эрхийг нь хасч байгаа нь цаагуураа тэд хэнээс, юунаас айгаад  байна вэ. Яагаад Энхбаяр дарга оролцож болохгүй гэж. Ард түмэн л шийднэ шүү дээ. Түүнээс цөөн хэдэн хүн, ашиг сонирхол нэгдсэн бүлэглэлүүд шийддэггүй юм. Ингэж хууль, хүчний байгууллагыг өөрсдийнхөө талд ашиглаж, үзэгнийхээ үзүүрээр хүнийг хэлмэгдүүлж болохгүй биз дээ.

Бид адаглаад энэ хүний карьерийг улс орныхоо хөгжилд ашиглах хэрэгтэй. Энхбаяр даргыг огт алдаа гаргаагүй гэж хэлээгүй. Мэдээж ажил хийж л байгаа бол алдаа гаргана. Харин суудал дээр зүгээр л суугаад байгаа хүн нойрмоглож байгаад унаж алдана уу болохоос өөрөөр хэзээ ч алдаа гаргахгүй. Харин тухайн алдаа үнэхээр алдаа байж уу, алдаа болгож уу гэдэг чинь өөр, өөр асуудал л даа.

Тэр ч утгаараа би нам, иргэдийг төлөөлж парламентад байгаагийн хувьд тэднийхээ өмнөөс дуугарна, өмөөрнө.Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө хэнээс ч айхгүй. Тиймээс намын дарга  төдийгүй хууль бус үйлдлүүдийн золиос болж буй хэн ч байлаа гэсэн би өмөөрч, хамгаалах болно. АН-ынхан намынхаа даргаа бусадтай нийлж унагаж байсан тэр үед би намын даргыг нь өмгөөлөн үгээ хэлж л байсан. Бусдыг нь ч өмгөөлж л байсан.

-Та бүхэн даргыгаа бол өмөөрөөд байдаг юм байж. Харин генсек аснаа яах вэ. Анх , бас Г.Шийлэгдамбад итгэж байна л гэж байсан санагдах юм?

-Генсек асан биш, одоо ч байгаа. Би анх өгч . байсан ярилцлага болон тухайн үед хэлж байсан үг, байр сууриндаа одоо ч хэвээрээ , байгаа. Итгэсээр л байна. Шийлэгдамбын өгсөн ярилцлагыг би өөрийнх нь болоод МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргынх гэж бодохгүй байгаа. Бид найзууд хэвээр байгаа гэж би ойлгож байгаа.

Хүнд хэцүү цаг үе бидэнд байсан. Тэр бол даваа. Давааг хүн туулж гарна уу гэхээс хүнд үүрүүлж гарч болохгүй.Бид өнөөдрийг хүртэл өмгөөлж, хамгаалж байгаа гэж ойлгож байгаа. Бидний хооронд болон намын даргатай маргалдсан зүйл огтхон ч .байхгүй ээ. Тиймд яригдсан зүйлүүдээс үнэнд ойрхон зүйл их ховор байсан даа.

Хууль хүчний байгууллагынхан мэдүүлэг авах зорилгоор айлган сүрдүүлдэг, дарамталдаг, тулгадаг гээд олон л аргатай.
Би түүний оролцсон нэвтрүүлгийг үзээд “Манай хүнийг барьцаалж, дарамтлан, ийм мэдүүлэг өг гэж шаардаж дээ, намын даргатай нь холбогдуулах гэж их л зүтгэж дээ” гэж харсан, бодсон. Бүр “Сарангэрэлдүүлчихлээ” дээ гэж бодсон.

Угтаа хэрэгт шалгагдаж байгаа намын генсекээр мөрдөн байцаах ажиллагааны үйл ажиллагааг зөрчүүлэн, олны анхаарал татахуйц нэвтрүүлэгт оролцуулж "мэдүүлэг өгүүлсэн" байгаа нь хэний ашиг сонирхол үйлчилж байна вэ. Тэр ч байтугай нэлээд хэдэн жилийн өмнөх Баатар даргын үеийн асуудлыг бэлдээд, түүнд нь түгдэрч, ээрэхгүй хариулж, бидний төлөө санаа зовсон хүн болж харагдаж буй зэрэг нь манай Шийлэгдамба биш. Ердөө л барьцаанд орсон л хүн байна лээ.

-Байн, байн авлига аваад байдаг байсан юм уу?

-Манай Шийлэгдамбын шалгагдаж буй хэрэг авлигын хэрэг биш шүү. Төрснөөс дутахгүй ах дүү хоёр нэг нь нөгөөгөөсөө мөнгө зээлсэн л явдал. Хүн хэнээс юу гээд ч мөнгө зээлдэг шүү дээ. Гагцхүү хүний итгэлийг алдахгүй хугацаанд нь өгдөг л байх хэрэгтэй. Монголд хүнээс мөнгө зээлээгүй хүн олоод ир гэвэл байхгүй л болов уу. Юунд зарцуулах нь асуудлын гол биш. Юу гэж хэлж авсанд л байгаа. Харин манай хууль шүүхийнхэн эсрэгээр намын ямар нэг албан тушаалтан тэр тусмаа манай намын хүмүүс хүнээс мөнгө авсан л бол авилга гэж үздэг бололтой.

Үүнийг авлига болгон харагдуулж, барьж, хориод, бүр намынх нь даргатай холбогдуулах гэж хичээж байна. Нэртэйгээр нь МАХН-ынхан хүнээс мөнгө зээлж болохгүй гээд хориглочих хэрэгтэй.Тэгэхээр энэ ч гэсэн тодорхой сценарийн дагуу явж байгаа нь хэнд ч харагдана даа. Миний хувьд Г.Шийлэгдамбыг авлига авдаг гэхэд одоо ч итгэхгүй. Намын генсекийн хувьд бусад намын генсекүүдийн нэгэн адил намын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, зохион байгуулах, хандив босгох, гишүүдээс татвар хураамжаа авах гээд бишгүй ажил байдаг нь түүний хүлээсэн чиг үүрэг.