Монголын бизнесменүүд чадавхтай
Тэрээр их энгийн, хөгжилтэй нэгэн санагдсан. 1970-аад оноос эхлэн АНУ-д хэд, хэдэн хөрөнгө оруулалтын банкинд мэргэжилтнээр ажиллаж байсан түүний хувьд 2001 онд Монголд хөл тавьжээ.
Монголд амьдрах нөхцөл тааруу байна гээд зарим нэг нь эх орноо орхиж, харийн орныг зорьж байхад тэрээр салбартаа мэргэшсэн туршлагатай нэгэн атлаа яагаад Монголыг орхиж, өөр улсад ажиллаж, амьдрахгүй байгаа нь миний сонирхлыг татсан. Энэ асуултандаа ч хариулт авсан шүү.
Тэрээр үе үе инээмсэглэн, тодорхой асуудлаар өөрийн хэлэхийг хүссэнээ илэн далангүй ярьж байсан юм.
Танд Монголд амьдрахад хэр тааламжтай орон гэж санагддаг вэ?
Би энд амьдрах маш их дуртай. Анх 2001 онд нэг жилийн хугацаанд ажиллахаар ирээд, маш их таалагдсан учраас эндээ үлдэж, 15 жил болж байна.
Монгол улсын яг юунд татагдав?
Монгол хүмүүс. Ази тив тэр дундаа Монгол улсад амьдрахад хамгийн найрсаг, дотно санагддаг.
Чөлөөт зах зээл хөгжсөн, ардчилсан орон. Монгол залуучууд англи хэлний мэдлэг сайтай. Би Монгол хэл сайн мэдэхгүй учраас англиар сайн ярьдаг хүмүүсийн дунд ажиллахад хялбар байдаг.
Та 40 гаруй жил санхүү, бизнесийн чиглэлээр ажиллаж мэргэшсэн, туршлагатай хүн. Энэ мэдлэг, туршлагаа ашиглаад өөр боломж нөхцөл сайтай улсад яагаад амьдарч болохгүй гэж? Яагаад Монголыг орхиж явахгүй байгаа юм бэ?
Хямралаас зугтаана гэдэг утгагүй зүйл. Хямрал хаа сайгүй, дэлхийн ямар ч улс хямарч л байдаг. АНУ л гэхэд л дотооддоо олон удаа хямарч байсан. Европ, Ази гээд тив, улс алгасалгүй хямрал нүүрлэдэг. Хятад ч бас хямралыг их, бага хэмжээгээр амсаад л явж буй улс. Хямрал бол байдаг л, энгийн үзэгдэл.
Монгол улс одоо хямралтай байгаа хэдий ч хэтдээ сайн ирээдүй харагдаж байна. Миний хувьд олон хямралтай нүүр тулгарсан учраас хямралыг даван туулах аргуудыг мэднэ. Энэ арга, туршлагаасаа хуваалцаж, Монголыг хямралаас гаргамаар байна.
Мэдээж хямралгүй нөхцөлд компани удирдана гэдэг хялбархан. Гэхдээ хямралтай үед удирдаж, бэрхшээлийг даван туулна гэдэг их сонирхолтой ажил. Монгол бол маш их баялагтай улс.
2017 ОН ГЭХЭД ХЯМРАЛ ДУУСЧ, НӨХЦӨЛ БАЙДАЛ САЙЖИРНА ГЭЖ ХАРЖ БАЙНА.
Жижиг эдийн засагтай улсын хувьд уналтаас маш түргэн хугацаанд гарах боломжтой. Хэрвээ зөв бодлого баримтлаад явбал 2-3 жилд алдагдлаа нөхдөг.
Танд "Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах ямар байна? Цаашид хэр хугацаанд энэ байгууллагаа удирдах бол?
Манай зөвлөл албан ёсоор 2007 онд 35 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Одоо 250 гаруй гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, компаниудыг эгнээндээ нэгтгэж чадсан том байгууллагыг удирдаж буйдаа сэтгэл хангалуун байдаг.
Ойрын 2,3 жилдээ эндээ бүтэн цагаар ажиллаж, энэ хямралыг дуусгамаар байна. Гишүүн байгууллагууддаа хөрөнгө оруулалтын таатай, найрсаг, сайхан орчин бүрдүүлж, инээж буй хүмүүсийн царайг хармаар байна шүү дээ. Мэдээж аажмаар энд ажиллах цаг багасах байх.
Энэ зөвлөлийг удирдах нь хувь хүн талаас ямар ашигтай вэ?
Өөрийн гэсэн оффистой байна, сар бүр цалин авч байгаа нь юм болов уу. Хамгийн гол нь манай зөвлөл гишүүддээ үйлчилдэг. Тэд бизнесээ эрхлэхэд хамгийн тохиромжтой нөхцөл юу байна, тэр бүгдийг бид өөрсдийн боломжийн хэрээр энэ орчныг бүрдүүлж, энэ хэрээр үр шимээ хүртэж байгаа нь надад сайхан санагддаг.
Эдгээр гишүүн байгууллага дотор Монголын томоохон компаниуд багтдаг. Тэдэнд Монголд бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийхэд ямар асуудал тулгардаг бол?
Гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орчихлоо. Нэн ялангуяа 2012 оноос хойш тогтмол буурсаар, одоо бараг зогссон. Зөвлөлийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагаа тогтворжсон тохиолдолд бизнесүүдээ дэмжээд, хөрөнгө оруулалтын татахад бүрэн бэлтгэлтэй байна.
Хөрөнгө оруулалтын хэмжээ багахад дагаад олон сөрөг үр дагавартай. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлд маш мэдрэг хүлээж авдаг. Бодит жишээ гэвэл, манай томоохон гишүүний нэг 1400 ажилтантай байснаа 500 болтлоо бууруулсан. Тэд бүгд Монгол ажилчид.
УИХ-ын 76 гишүүний үзэл бодол, байр суурь тогтвортой байж, бодлогоо тогтвортой явуулбал эдийн засагт маш эерэг өөрчлөлт гарна. Томоохон төслүүдийг маш хурдацтай хөдөлгөөнд оруулбал орлого огцом өснө. Оюутолгой, Тавантолгойн төсөл зогсонги байдалтай 6 жил, 5-р цахилгаан станц яригдсаар 5 жил болж байна. Гацууртын ордыг ажиллагаанд оруулбал Сэлэнгэ аймгийн 250 хүн шууд ажилтай болно. Засгийн газар өөрөө бизнес рүү оролцохгүйгээр таатай орчин бүрдүүлээд өгчих.
Ерөнхий сайд өөрөө маш олон илтгэлдээ хэлж байсан. Бизнес эрхлэхэд нээлттэй орчин бүрдүүлнэ гэж. Бид энэ уриаг дэмжин ажилладаг. Одоо энэ уриагаа ажил хэрэг болгох хэрэгтэй.
Монголд бизнес эрхлэхэд боломжтой, нээлттэй гэдгийг бусад орны хүмүүст батал, нотол.
Монгол улс шууд болон шууд бус хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай. Хэрвээ энэ байдал даамжирвал ямар аюултай бол? Монгол улс дампуурчих юм биш биз?
Монгол улс жилд 60-70 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж чадвал хэрэгцээ хангана гэсэн тооцоо бий. Үүний 6-7 тэрбум ам.долларын орлого татвараас орж ирдэг. 20 орчим тэрбум ам.доллар гадаадаас орж ирдэг гэж үзье. Тэгвэл үлдсэн санхүүжилтийг хаанаас болгох вэ? гэдэг асуулт гарч ирнэ.
Оюутолгой төсөл жигдэрвэл 2016-2020 онд жилд дунджаар 8-9 тэрбум ам.доллар, Тавантолгойгоос 4 сая ам.долларын орлого олох боломжтой. 5-р цахилгаан станц ашиглалтад орвол жилдээ 1.2 тэрбум ам.долларын орлого төсөвд оруулах магадлалтай. Цаана нь ахиад 10 орчим тэрбум ам.доллар хэрэгтэй болж байна. Үүнийг нөхөхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд бодлого явуулах хэрэгтэй. Би хоёр асуудлыг хөндөн тавимаар байна.
Жим Двайер, "Монголын Бизнесийн зөвлөл"-ийн байранд
Нэгдүгээрт, дэд бүтэц. Өндөр зардалтай байна. Тэр дундаа төмөр зам. Австралиас Хятадын боомт хүрэх тээврийн зардлаас Монголын дотооддоо автомашинаар 200 км явж, Хятадын боомт хүрэх зардал өндөр байна. Тиймээс томоохон уурхайнуудаас урд хил, далайн боомт хүртэл төмөр зам тавичихвал, түүнээс цааш далайд гарах боломж бүрэн бий.
Таны хөндөж буй хоёр асуудлыг сонсоё?
Хоёрдугаар, ХАА. Ашигт малтмал шавхагддаг баялаг. Тэгвэл ХАА тэр дундаа махны экспорт. Хүн ам, малын тоо толгойгоороо Монголтой ойролцоо Шинэ Зеланд 2014 онд 350 мянган тонн хонины махыг дэлхийн бусад орон руу экспортолсон. Гэтэл Монгол улс өнгөрсөн жил 1800 тонн мах экспортолсон байх юм. Маш том зөрүү харагдаж байна.
Монгол улсын Засгийн газар мах экспортлох эрхийг холбогдох газруудаас нь авч чадахгүй байна. Дотооддоо гэхэд мэргэжлийн хяналтын газар, ХАА-н яам нь тусдаа бүтэц, бодлоготой. Гэтэл бусад оронд энэ хоёр байгууллага нэгдмэл шинжтэй байдаг. Энэ нь тогтолцооны маш том сул тал.
Монгол улс дотоодын хэрэгцээгээ хангахад жилд 10 сая тоо толгой мал хэрэгтэй гэсэн тооцоо бий. Энэ хэрэгцээгээ хангахаас гадна 5 сая тоо толгой малыг хөлөөр нь гаргалаа гэхэд 300 сая ам.долларын орлого олж, түүний 60 хувь нь малчдын гар дээр очно гэсэн үг.
Боловсруулсан тохиолдолд энэ тоо 500 сая ам.доллар хүртэл өсөх боломжтой.
Боломжтой байхад яагаад бодит ажил болохгүй байгаа юм бол?
Бизнесийн зөвшилцлийг төрийн хүмүүс хийгээд ирэхээрээ асуудалтай болдог. Төрийн хүн бизнесийн зөвшилцөл хийнэ гэхээр цаанаа өөр ашиг сонирхолтой байж болох талтай. Тиймээс л дээр дурдсан ажлууд явахгүй байгаа юм. Бодит жишээг харья л даа.
Хэдэн жил гацсан төслийг "Эрдэнэс Монгол" компаниар толгойлуулсан 5 том компани консорциум аваад явахад гэрээ хэлэлцээрийн үйл явц маш хурдацтай өрнөж байна. Энэ бол бизнесийнхэн бизнесээ хийж чаддаг гэдгийн тод илрэл.
Монголд төрийн өмчит байгууллага, компаниуд их байна. Хувьчлах хэрэгтэй. Агаарын тээвэр, санхүү, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хувьчилсан тохиолдолд илүү үр ашигтай ажиллана. Ингэвэл татвар нэмэгдэнэ.
Төр бодлогын түвшинд зангиддаг ажлаа хийж, зохицуулагчийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй.
Төрийн зүгээс хувийн бизнесийнхэнд 100 хувь итгэхэд хэцүү, эрсдэлтэй, чадавхигүй байна гэж үздэг. Тэгвэл жишээ нь, Оюутолгойн төслийг гардан хариуцах бизнесийнхэн хангалттай чадавхитай юу?
Ур чадвартай боловсон хүчин хангалттай байна. "Оюутолгой" төсөл эхлэхэд өөрийн зардлаар чиглэл, чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнээ бэлдсэн. Гэтэл одоо тэднээс 2000 орчим хүн ажилгүй болгочихоод байна. Шийдвэр гаргагчид том төслүүдээ явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгчих. Тэгвэл аяндаа төсөл хурцадтай явна, уул уурхайн ханган нийлүүлэгчид ч дагаад хөгжинө, боломж нээгдэнэ.
Том төслүүд гацсан учраас хөрөнгө оруулагчид дайжив уу?
Энэ үнэн. Тогтворгүй байдал итгэлцэл эвддэг. Ялангуяа ерөнхий сайд гэрээний хүчин төгөлдөр байдал, итгэлцэл гэдгийг хэлээд байна. Итгэлээ алдсан олон хөрөнгө оруулагчид дахиж Монголд ирэхгүй ч байх магадлалтай. Яагаад гэвэл дэлхийн хэмжээний томоохон компаниуд Монголтой гэрээ хэлэлцээр байгуулж чадахгүй байхад бидэнд ямар ч найдвар алга гэсэн нэг хэсэг хөрөнгө оруулагч компаниуд байна.
Тэгвэл та хувийн бизнес эрхэлдэг үү эсвэл Монголын аль нэг компанид хөрөнгө оруулдаг уу?
Надад хувийн бизнес байхгүй. Би 4 компанийн удирдах зөвлөлд байдаг, хувийн хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын захирлаар ажилладаг. Өмнө нь уул уурхайн компанийн хувьцаанд хөрөнгө оруулж, алдсан тохиолдол бий.
Монгол улсыг хөгжүүлэх "Мөрөөдлийн баг" бүрдүүлье гэвэл та багийн бүрэлдэхүүнд багтах болов уу?
Би "Мөрөөдлийн баг"-ийн дасгалжуулагч, зөвлөх нь байж болох юм.
Үндсэн бүрэлдэхүүнд улс төрийн нэг зүтгэлтэн (ерөнхий сайдын түвшний), салбар салбарын мэргэшсэн бизнесийн төлөөлөл байгаасай.
Нэр дурд гэвэл, "Тавантолгой"-н зөвлөхөөр ажиллаж байсан, Оюутолгой ХХК-д 3 жил орчим ажилласан, уул уурхайн чиглэлээр "Монголд номер нэг" хүн гэж хэлж болох Камерон Мкрай, "Хаан" банкны гүйцэтгэх захирлаар 10 жил ажиллаж байсан, одоо Монгол-Америкийн Их сургуулийг үүсгэн байгуулагч Питер Морроу, Оюутолгойн хэлэлцээрт оролцож байсан туршлагатай "Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн ТУЗ-ын дарга, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг багтах болов уу гэж бодож байна.
Ярилцахад таатай байлаа. Таны ажилд амжилт хүсье.
Г.Мөнхтуяа