“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талбайн хэмжээ 30-50 метр квадрат байна
БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ
2016.03.07

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талбайн хэмжээ 30-50 метр квадрат байна

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Барилгын хуулийг шинэчлэн найруулж баталсан. Өмнөхөөсөө ямар дэвшилт энэ салбарт авчрах вэ?

-Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 9 бүлэг 50 зүйлтэй. Барилга байгууламжийн төлөвлөлтийг газрын харилцааны асуудалтай  нягт уялдууллаа. Өмнө нь барилга барих зөвшөөрөл авахад 505 өдөр, 124 гарын үсэг цуглуулж тусгай зөвшөөрөл олгогддог байсан. Энэ хууль батлагдсанаар 56 өдөр буюу 36 гарын үсгийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан олгодог болж байна. Зураг төслийн магадлалыг хоёр үе шаттай хийж байгаа. Барилгын салбарынхныг хариуцлагажуулж, ажилчдыг даатгалд хамруулахаар хуульд тусгасан. Мөн барилгын зөвшөөрөл шаардагдахгүй барилга байгууламжийг ангилж өгсөн. Гэр хороололд орон сууц барьж байгаа айл өрх заавал зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Үүнийг зохицуулж өгсөн. Мөн угсралтын үеийн аюулгүй байдалд анхаарсан.

-Газар эзэмших, дуудлага худалдаанд оруулах зохицуулалт хуульд хэрхэн туссан бол?

-Нийслэлийг таван бүсэд ангилж байгаа. Өмнө нь нэг бүсэд тогтсон нэг үнэ ханш үйлчилдэг байсан бол одоо бүс дотроо дэд бүсчлэлтэй болж, үнэ ханш нь өөр зохицуулалтай байгаа юм. Мөн аймаг, чөлөөлт бүсүүдийн газрын үнэлгээ хуулиараа өөрчлөгдсөн. Дуудлага худалдаагаар хэт хөөсөрсөн үнэ хэлж, хөөрөгддөг байсныг мөн зохицуулж өгсөн байгаа. Үндэсний бүтээн байгуулалтын томоохон ажлуудын дуудлага худалдааг төслөөр сонгон шалгаруулахаар заасан. Газрын тухай хуульд заасан төмс хүнсний ногоо тариалах зэргээс бусад зүйлд дуудлага худалдаагаар явуулахаар тусгалаа. Өмнөх онуудад аймаг, сумын Засаг дарга нар төсөл сонгон шалгаруулах нэрийдлээр газар олголт хийсэн байсан. Энэ байдлыг зогсоосон.

-Малчдын бэлчээрийн газрыг кадастржуулах ажил ямар явцтай байна вэ?

-Малчдад өвөлжөө хаваржааны газрыг нь өмчлүүлэх ажил эхлүүлсэн. Яамны зүгээс энэ ажлыг идэвхтэй зохион байгуулаад явж байна. Улсын хэмжээнд малчдын 118 мянган өвөлжөө хаваржааны газар бүртгэлтэй байдаг байна. Өвөлжөөний газрыг нь кадастржуулснаар малчдыг банкнаас зээл авч, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж олгож байгаа. Гэхдээ энэ ажлыг эрчимжүүлэхдээ мэдээллийг малчдадаа маш сайн хүргэх хэрэгтэй. Малчид тухайн өвөлжөөний  газартаа байшин барилга барьж, объекттэй байх хэрэгтэй. Ингэснээр  банкны зээлд хамрагдах, мөн үр хүүхдэдээ өвлүүлэх боломжтой болох юм.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжихэд бэлэн үү?

-Аймаг, нийслэлд төсвийн хөрөнгөөр барьсан нийт 929 айлын орон сууцыг зах зээлийн ханшаас хямд үнээр зорилтот иргэдэд түрээслэх хөтөлбөр Засгийн газраас баталсан. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа II” хороололд 350 айлын, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын орон сууцыг түрээслэнэ. Өнөөдрийн хувьд ам.метрийн үнэ нь хөдөө орон нутагт 4000 төгрөг, Улаанбаатар хотод 5500 төгрөг байхаар тооцож оруулсан. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талбайн хэмжээ 30-50 метр квадрат байр хамрагдана.

-Түрээсэлсэн орон сууцаа иргэд өөрсдөө хувьдаа авч болох уу?

-Тухайн байраа урт хугацаанд түрээслэсэн иргэд үндсэн үнийн 30 хувийг төлж дууссан тохиолдолд банкны зээлд хамрагдан Ипотекийн зээлийн зохицуулалтаар явж болно. Үүнд тусгай зохицуулалт хийж, ТОСК бусад арилжааны банкуудтай бас гэрээ хийх юм.

-Түрээсийн төлбөрийг сар сард нь хийх үү?

-Түрээсийн төлбөрийг сар сард нь хийнэ. Болзошгүй эрсдлээс сэргийлж, иргэдээс барьцаа авна.  Барьцаа нь гурван сарын түрээсийн үнэтэй тэнцүү байхаар журамд тусгасан байгаа.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт ямар иргэд хамрагдах вэ?

-Түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн тухайд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүл, төрийн албан хаагч, 0-18 насны дөрөв буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, тэтгэвэрт гарсан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх, хувийн байгууллагад ажилладаг буюу, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байх юм. Орон нутагт түрээсийн байр хөтөлбөрт хамрагдах нийт иргэдийн 30 хувь нь төрийн албан хаагч байх юм. Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөр тасралтгүй үргэлжилнэ.

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт барилгын компаниуд оролцох санал оруулж байна уу?

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг төр бодлогоороо зорилтот бүлгийнхээ иргэдэд чиглэсэн, тэднийг дэмжин хэрэгжүүлдэг жишиг зөвхөн манай улс төдийгүй олон улсад байдаг. Өнөөдөр зөвхөн төрийн өмчийн орон сууцаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэвэл учир дутагдалтай. Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр энэ хөтөлбөр үргэлжилнэ. Хувийн хэвшлийнхэн зах зээлийнхээ зарчмаар түрээслүүлээд явж байгаа. Гагцхүү манай бодлогын хүрээнд зорилтот бүлэг рүү чиглээд бидний санал болгож байгаа үнийг санг авах тухай асуудал л байна. Хэрвээ энэ үнийн санг хүлээж авбал бид дэмжээд явна.