Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг илүү чамбайруулж батална
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хойшлогдсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Билэгтээс тодруулга авлаа.
-Эрүүгийн болон Зөрчлийн хуу-лийг хойшлуулсантай холбоотой-гоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль УИХ-аар дэмжигдсэнгүй. Олон нийтийн хамгийн их хүлээж байгаа энэ хуулийг ямар шалтгаанаар унагачихсан юм бол?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль унасан юм биш. Энэ хууль бол Эрүүгийн, Зөрчлийн хуультай уялдаж байгаа учраас хамт хойшилсон юм. Харин Засгийн газар бусад хуулиудтайгаа уялдах хэсгүүдийг нь засч оруулаад ойрын хэдэн сарын хугацаанд багтаан УИX-д оруулж ирж богино хугацаанд, яаралтай батлах зорилготой байгаа.
-Засгийн газар удахгүй оруулж ирнэ гэлээ. Хэрвээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдвал одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар хэрэгжинэ гэсэн үг үү?
Уг хуулийг оруулж ирээд хэлэлцэж, батлах үед холбоотой зохицуу-лалтуудыг жич ярилцах байх.
-Гол нь иргэдийн хамгийн их хүлээж, чих тавьж байгаа хуулийг яаралтай батлах байтал эсрэгээрээ хойшлуулаад байгаа нь нийгэмд нэлээд эсэргүүцэл дагуулаад байна...
Гэр бүлийн харилцааны маш чухал асуудлуудыг хөндсөн тус хуулийг шинэ бүрдсэн УИХ-аар хэлэлцээгүй учраас шууд батлах нь учир дутагдалтай гэж үзсэн. Тийм учраас дахин өргөн барих үед нь тодорхой өөрчлөлтүүдийг хийж, тодорхой хэсгүүдийг нь одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд зохицуулах байдлаар хэлэлцэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маш хэрэгтэй байгаа.
Яагаад гэхээр, гэр бүлийн хүчирхийлэл гэж чухам юуг хэлдэг юм, тухайн хүн гэр бүлийн хүчирхийлэлд автаж байгаа юу гэдэг талаар мэдлэг дутмаг байдаг. Би ингэж загнуулж л байх ёстой, эсвэл манай гэр бүл хэрэлдэж л байдаг гэсэн гүндүүгүй ойлголтгой байна. Хөгжингүй орнуудад жишээлбэл, хүүхэд эцэг, эхдээ загнуулбал хаана, хэнд мэдэгдэх, ямар шаардлага тавихаа мэддэг боловсролтой байдаг.
Дунд сургуулиас нь энэ боловсрол, мэдлэгийг суулгаж өгдөг юм. Тэгэхээр одоо өргөн баригдах хуулиар гэр бүл болон хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй, ямар нэгэн дарамтгүй өсөх хүмүүжих, амьдрах боломж бүрдэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталснаар иргэд илүү тайван, амгалан, аз жаргалтай амьдрах эхлэл болно гэж үзэж байгаа.
-Гэр бүл, хүүхэд, эцэг эхийн харилцаа, аюулгүй байдал зэрэг асуудалд УИХ-ын эмэгтэй гишүүд илүүтэй анхаарал хандуулсаар ирсэн. Гэтэл энэ хуулийг хойшлуулах санал хураахад УИХ дахь МАН-ын бүлгийн нэгээс бусад эмэгтэй гишүүн хойшлуулахыг дэмжсэн байдаг. Бүлэг дээрээ та бүхцийг тохироод санал өгсөн гэх яриа ч гарч байна?
Бусад таван хуультайгаа хамт хойшлохоос аргагүй нөхцөл байдал үүссэн. Эхний ээлжинд хойшлуулаад богино хугацаанд илүү чамбай, боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэж байна.
-Дахин өргөн барихад дэмжинэ биз дээ?
Тэгэлгүй яахав. Дэмжинэ.