Дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах буудайн нөөц бүрдүүлнэ
2016.09.05

Дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах буудайн нөөц бүрдүүлнэ

Улсын хэмжээнд гангийн улмаас 21 мянган га талбайд ургац алдсан талаар өнөөдөр ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Тус яамны ургацын комисс өнөөдөр хуралдаж, газар тариалангийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Энэ онд улсын хэмжээнд 495.9 мянга га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан. Урьдчилсан балансаар 501 мянган тонн ургац авах төлөвтэй байгаа аж. Үүнээс 482.1 мянган тонн буудай, 174,7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32,5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээл байна.

Тариалангийн үндсэн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг долоон аймагт зуншлага сайн байсан нь ургацад эерэгээр нөлөөлсөн бөгөөд нэгж тус бүрээс 13-17 цн хураан авах боломжтой болж байгаа юм.

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай үтрэм дээр бууна. Үүнээс 2017 оны тариалалтанд зориулан 45.6 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.5 мянган тонн, тэжээлд 22.8 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.3 мянган тонныг тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Ингээд гурилын үйлдвэрлэлд нийтдээ 375.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх юм. Монгол Улс жилд 320 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудайгаар гурилын хэрэгцээгээ хангадаг. Дээрх үзүүлэлтээс харахад энэ хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах нөөц бүрдэх юм.

Намрын ургац хураалтад үр тариа хураах 1153 комбайн, 533-н ангилан хадагч, төмс хүнсний ногоо хураагч 507, үтрэмийн техник, тоног төхөөрөмж 744 ажиллуулахаар төлөвлөсөн. Одоогоор техникийн бэлэн байдал 85 хувьтай байгаа. Ургац хураалтын ажилд зургаан мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гараад байна. Энэ шатахууныг тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох аж.