2020 оны Засгийн газарт өр үлдээж болохгүй
УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон ирэх жилүүдийн төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн. Энэ үеэр өрийн босгыг нэмэгдүүлэх тухай хөндсөн юм. Өрийн босгыг нэмэх нь оновчтой бодлого байж чадах эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонирхлоо.
-Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж 2017 онд өрийн таазыг 88 хувь, 2019 онд 105 хувьд хүргэх асуудлыг ярьсан. Өрийн босгыг нэмснээр гаднаас авах зээлийн хэмжээ улам нэмэгдэх сөрөг талтай гэсэн шүүмжлэлийг зарим хүн хэлж байгаа. Тэгэхээр зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна гэж ойлгож болох уу?
Найман жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн тухай хуульд өөрчлөлт оруулах цаашлаад өрийн босгыг нэмэх тухай асуудал байж болохгүй. 2020 онд өөр Засгийн газар ажиллана шүү дээ.
Өөрөөр хэлбэл, нөгөө Засгийн газартаа өрөө хүлээлгэж өгнө гэдэг байдлаар ажиллаж болохгүй. Магадгүй хямралтай, онцгой нөхцөл байдал үүссэн ийм үед өрийн босгыг төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд гурван жилийн хугацаанд байж болох юм.
Түүнээс найман жил байж болохгүй. Хэрэв найман жилийн хугацаатай өрийн босгыг нэмнэ гэвэл дээрх хуулиудын учир, утга алдагдана. Мөн дараагийн Засгийн газраа зээл авч амьдраарай гэсэн чиглэлийг өгч болохгүй шүү дээ. Товчхондоо, 2020 оны сонгуулиар бий болох Засгийн газрын өмнөөс бид өнөөдөр шийдвэр гаргаж болохгүй.
Харин үүнийг хариуцлагатай байлгахын тулд тогтвортой байдал, төсвийн хариуцлагыг чангатгасан хуулиа үлдээх ёстой. Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд гурван жилийн хугацаанд өрийн босгод тодорхой өөрчлөлтүүд байж болох юм гэж үзэж байна. Түүнээс бид найман жил өр нэмэх тухай ярьж хариуцлагагүй хандаж болохгүй.
-Ер нь хэдий хэмжээний зээл авах боломжтой юм бол. Ирэх жилүүдэд эдийн засаг сайжирч магадгүй. Тэгэхээр өрийн босгыг нэмэгдүүлэхдээ үүнийг тооцож үзсэн байх?
Төсвийн алдагдлыг 4.3 их наяд гэсэн. Тэр алдагдлыг зээлээр санхүүжүүлдэг. Энэ нь өөрөө өр гэсэн үг. Мөн жил бүр хэд хэдэн их наядаар зээл авна гэсэн хууль болчих гээд байна.
Тэр утгаараа ийм зүйл хийж болохгүй гэж хэлээд байгаа юм. Магадгүй 2017 оноос уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч болно. 2018 онд эдийн засаг сайжирч болно.
Энэ мэтээр бодож төлөвлөх ёстой. Түүнээс өнөөдөр хэтэрхий гутранги байдлаар хандаж, зээл авч, өрөө нэмж амьдарч болохгүй. Жил бүр 2-3 их наядаар өрөө нэмээд байвал өрийн хэмжээ буухгүй гэсэн үг. Эцэстээ өр нэмэгдсэн асуудал л тулгарна.
-Тухайлбал, Засгийн газар орлого нэмэх эх үүсвэрүүдээ хэрхэн төлөвлөж, ямар бодлого барьж байгаа вэ?
Энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд орлогын хэмжээг аргагүй бууруулах нөхцөл байдал харагдаж байгаа. Хэдийгээр коксжсон нүүрсний үнэ өсч байгаа ч одоогийн байдлаар 2-3 сарын хугацаанд эдийн засагт мэдэгдэхүйц орлого оруулах найдвар харагдахгүй.
Мэдээж төсвийн тодотголын хүрээнд орлогоо бууруулж оруулж ирэх нөхцөл үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ орлогын бааз суурийг өргөтгөх, бизнесээ идэвхжүүлэх, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх, орлогоо нэмэхийн төлөө энэ Засгийн газрууд ажиллах ёстой.
-Хувьчлалаас хэр хэмжээний мөнгө төсөвт орж ирэх тооцоо байгаа вэ. Хэд хэдэн банкны хувьчлалын асуудал яригдаж байсан ч сураггүй болчихлоо?
Хувьчлалаар орж ирэх мөнгө бол нэг их айхтар эдийн засгийн хямралаас гаргачих зам биш. Хэдэн арван тэрбум төгрөгийн л асуудал. Харин одоо яриад байгаа тэр их дутаад байгаа мөнгө бол хэдэн их наядаар яригдаж байгаа асуудал. Гэхдээ 2017 оны төсвийг төлөвлөхдөө орлогын эх үүсвэрийг бүрдүүлж болох бүхий л зүйлийг харах хэрэгтэй.
Түүнчлэн татварын бус орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байгааг тооцох ёстой. Өнөөдөр төсвийн алдагдлыг нэлээд өсгөж байгаа зүйл нь татварын бус буюу хувьчлалаас орох орлого, тусламжийн шинж чанартай орлогууд багассантай холбоотой. Тиймээс энэ онд багтаж хувьчлалын асуудлыг шийдэх байх.