Ардын нам сэлмээ хуйндаа хийгээд, мориноосоо буух цаг нь болсон
УИX - ын гишүүн Д.Эрдэнэбаттай УИХ- ын ээлжит бус чуулган хаасан болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын Ээлжит бус чуулган өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар улсын төсвийн тодотголын тухай хэлэлцсэн нь эерэг, сөрөг олон асуудлыг бий болголоо. Сөрөг хүчний болон хувь гишүүнийхээ хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
“МАН ямар зүйл хийчихэв" гэдэг нь олон нийтэд хангалттай хүрчихлээ. Хүн бүр өөр, өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Төсвийн тодотголоор далимдуулж эрх баригчид юуг хүссэн гэхээр бүх зардлыг нэг тал руу нь хумиад, үндсэндээ санхүү, эдийн засгийн “эргэлт” хийхийг л хүссэн.
Өөрөөр хэлбэл, хуучин явж ирсэн төсөвтэй холбоотой бүх эрхзүйн орчинг тэр чигээр нь өөрчлөх процесс явагдсан. Үүнийхээ шалтгааныг тэд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед төсвийн сахилга баттай байх ёстой гэж тайлбарлаж байгаа юм. Харамсалтай нь өөрчилж оруулж байгаа тэр зүйл нь нийгмийн болоод сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Гэхдээ бид сүйрсэн хэмжээнд очоогүй.
-Монгол Улсын төсөв нэг байх ёстой. Ардчилсан намын үед таван төсөвтэй шүүмжилж байсан?
Монгол Улс хэзээ ч таван төсөвтэй байгаагүй. Монгол Улс нэг төсөвтэй байсан. Энэ төсвийг хянадаг, зарцуулдаг, орлого олдог, баримталдаг хуультай. Ардчилсан намын үед бодлого өөр байсан. Монгол Улс нэг төсөвтэй гэхдээ эдийн засгийн хүндрэлийн үед хүн амын дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалж үлдэх зэрэг олон талын арга хэмжээ авсан нь төсвөөс гадуурх хийсэн зохицуулалтууд. Энэ бүхэн буруу байгаагүй гэдгийг тодорхой харж байна.
Төсвийн орлогын гадуур явж байгаа өрхийн орлогын зээл, хөрөнгө оруулалтын банкны зээл энэ бүх зүйлийг төсөв рүү оруулчихаад хэд дахин нэмэгдсэн тоо хэлж нийгмийг цочролд оруулж, эдийн засгийн “шок” руу хүчээр түлхэж байгааг буруу гэж үзэж байна. Үүнээс болж Монголын эдийн засагт учирч байгаа хохирол. эрсдэл өндөр байна. Хэдэн тоог дураараа хасч нэмдэг.
Түүнийгээ нийгэмд мэдээлдэг, олон улсын зах зээл дээр ойлгомжгүй байдал үүсгэдэг ийм зах замбараагүй байдал руу бид их хурдан яваад орчихлоо. Төсвийг хэрхэн бүрдүүлэх вэ гэхээсээ илүү зарлагыг яаж танах тухайд анхаарсан хуучны социалист арга барил руу эрх баригчид шууд орсон. Төсвийн тодотголын тухайд бол ярих ч юм алга. Олон ч зүйлс нь уналаа.
-Ардчилсан намын үед Чингис бондын мөнгө, түүнтэй холбоотойгоор өнөөдрийн улсын төсөв хүндэрсэн гэх дүгнэлтийг Сангийн сайд мэдэгдэж байсан. Та харин өөр байр суурьтай байгаа харагдсан?
Ардчилсан намын үед 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан. Эрх баригчид янз бүрээр л ярьж байна. Идсэн, уусан гээд л. 1.5 тэрбум ам.долларыг идэж, уудаг Ардчилсан нам ч гэж хаа байхав. Харин энэ бондын мөнгө зээл хэлбэрээр үйлдвэрлэгчдэд очсон юм.
Энэ хэдэн замыг холбохоос эхлээд дулааны шугам, сүлжээг засч, сайжруулах, дулааны станцыг барих, эрчим хүчийг нэмэгдүүлэх үйлдвэр үйл ажиллагааны өргөтгөл гээд бүх тооцоолол нь ойлгомжтой, хүний нүдэнд харагдах хийсэн ажилтай. Хүн бүрийн амьдралд бодитой мэдрэгдсэн зүйлийг зүгээр улстөржүүлээд үгүйсгэж чадах ч үгүй. Ардчилсан нам юу хийснийг тэртэй тэргүй ард түмэн мэднэ.
-Бондын зарцуулалт дээр АН буруу бодлого явуулсан талаар эрх баригчид ярьж байгаатай санал нийлэх үү?
Энэ бүхнийг Ардчилсан нам идэж, уугаад өрөнд оруулсан гэДэг зарын шинжтэй зүйл явуулаад түүнийхээ халхавчин дор ийм явуургүй зүйл хийж байгаа юм. 1.5 тэрбум ам.долларын зээлийг олон улсын захаас тухайн үед 4.5 хувийн хүүтэй авч байлаа.
Гэтэл өнөөдрийн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хариуцлагагүй мэдэгдлийн дараа энэ хүү найман хувь болж өсч, валютын ханш хүртэл саваад гадаад зах зээл дээр сөрөг савлагаа үүсгэж байна. Өнгөрсөн сонгуулиар МАН тултал нь шоудсан. Ардчилсан нам баахан зээл аваад өөрсдөө идэж, уугаад дууссан. Өр нь ард түмний нуруун дээр бууна.
Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй. Манай нам энэ өрийг байхгүй болгоно гэдэг амлалт өгөөд сонгогдсон. Орсон айл, очсон сум бүхэндээ үүнийгээ л ярьж явсан. Өнөөдөр бодит байдлыг эргээд харъя. Энэ зээлийг ихэнх нь жижиг, дунд үйлдвэрийнхэн, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, уул уурхайнхан өөрсдийнхөө бизнесийг өөд нь татахын тулд авсан.
Тухайн үед 4.5 хувийн хүүтэй авсан зээл тэдэнд найман хувийн хүүтэй олгогдож байсан бол өнөөдрийн эдийн засгийн энэ олон хариуцлагагүй үйл явцаас болоод 10 гараад “давхичихлаа”. Найман хувьтай байсан зээлийн эрсдэл үйлдвэр эрхлэгчдэд өнөөдөр 15-16 хувьтай. Дээрээс нь Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр бизнес эрхлэгчдээ асар том эрсдэл рүү чирээд оруулчихлаа.
Энэ улс орны амьдралыг зөвхөн татвар төлөгч эсхүл нэг татвараар оруулсан мөнгийг зарлагадагчдын хэмжээнд ойлгож болохгүй. Улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь ажил олгогчид болон ажил эрхэлж байгаа хүмүүс. Энэ чинь зөвхөн төсвийн тухай ойлголт биш. Тиймээс ч Ардчилсан намын бодлого хатуу байсан юм.
-Яагаад энэ бүхнээ нэг төсвийн хүрээнд хийчихэж болоогүй юм бэ. Үүнээс гадна Ардчилсан намын “Сайн” хөтөлбөрүүд ч гэсэн өнөөдрийн төсөвт дарамт болоод байгаа юм биш үү?
Нэгдүгээрт, төсвийн бодлого байх ёстой. Төсөв бол төсвийнхөө хүрээнд л явна. Төрийн байгууллагууд төрийн хөрөнгө оруулалттай холбоотой илүү юм руу битгий ороорой, байж болохгүй. Төсвийн эрх мэдлийг, Монголын бүх мөнгийг төрийн уутанд цуглуулаад буцаан тараах хэлбэр нь авлигыг л өөгшүүлдэг, тиймээс буруу гэж. Монголбанк анх удаа мөнгөний бодлогыг өрхийн орлоготой зохицуулах хэлбэр рүү орсон.
Энэ нь сайн малчны зээл Монголын 60 мянган малчин өрх энэ зээлд хамрагдсан шүү. Өрхийн орлого, хэрэглээгээ зөв, зохистой зохицуулдаг, зээл аваад хариуцлага хүлээдэг хэлбэрт шилжсэн юм. Түүнээс биш зээл төсөвтэй уялдах ёсгүй.
Төсвөөс зээл олгох ойлголт байж болно. Гэтэл төсөв рүү төвлөрүүлээд буцаагаад зээл олгоно гэдгийг огт ойлгохгүй байна. Яавч тэгж болохгүй. Ипотекийн зээл ч ялгаагүй. Монголбанкны мөнгөний бодлогоор дөрвөн хувийн зээлийг арилжааны банкуудад өгч, арилжааны банкууд найман хувийн зээлийг бий болгосон.
“Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа” яг тэр хэлбэрээр явах байсан. Энэ чинь эргэн төлөгдөх нөхцөлтэй. Иргэн хүн өөрийнхөө орлого, хөрөнгөөрөө баталгаажуулж зээл авч байна. Энэ төсөвт ямар хамаатай юм. Буруутгахын тулд хэдэн тоо нэмж, хасч зарлахын тулд төсөв рүү хийж байгаа бол туйлын хариуцлагагүй үйлдэл.
-Хөгжлийн банкны зээл ч гэсэн улсын төсөвт дарамт болоод байна гэх юм?
Хөгжлийн банкны зээлийн тухай бас л ярьж байна. Энэ зээлийг олон арван үндэсний үйлдвэрлэгчид, уул уурхайнхан авсан. Энд танай, манай намын ялгаа байсан гэж би огт харахгүй байгаа. Хэн хэдийг авсан тоо нь тодорхой.
Тухайлбал, экспортын үйлдвэрлэл эрхлэхээр 131 аж ахуйн нэгж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл 210, 714 жижиг, дунд үйлдвэрлэгч энэ зээлд хамрагдсан байна. Ямар олон аж ахуйн нэгж зээлд хамрагдаа вэ. Эдийн засгийн энэ бүх хариуцлагагүй үйлдлээс болоод энэ зээлийн үнэ цэнэ өндөр болсон.
Энэ бүхэн хэнд ашигтай юм. Хэнд ч ашиггүй. Тиймээс ч зээлтэй холбоотой асуудлыг төсөв рүү оруулж, улстөржиж, нийгэмд зарлаад л. Бүх мөнгөн дүнг төсөвтэй нийлүүлж, нийгмийг шоконд оруулаад л. Энэ бүхний цаана Ардчилсан нам ийм их мөнгийг идэж байсан юм байна шүү гэж ойлгуулах гэсэн далд санаа л агуулагдсан.
-Татвар нэмнэ, тэтгэвэр тэтгэмж хасна, хасахгүй гээд эргэж буцсан олон шийдэл ард түмнийг нэлээд цочирдуулаад авлаа?
Татваруудыг нэмнэ, хөрөнгө оруулалтаа танана, орон тооны зардлаа цомхотгоно. Өнөөдрийн эдийн засгийн орчин үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь Монголын эдийн засаг маш өргөн цар хүрээнд тэлчихсэн. Энэ тэлэлт зөвхөн төсвийн хүрээнд биш.
Хөрөнгө оруулалт, хувийн бизнес, худалдаа үйлчилгээ, хүний хэрэглээ гэх мэт. Харин үүнийг нийгмийг цочролд оруулж хүчээр "агшааж" болдоггүй. Эрх баригчдыг их бУРУУ хөл дээрээ босч дээ. Өнөөдрийнхөө хэрэгцээнд чадан, ядан амьдарч байгаа иргэдийнхээ халаас руу төр хуулиар далайлган дайрч болохгүй гэж.
-Та нар хүссэн, хүсээгүй Ардчилсан намын туулсан зовлонг туулна шүү гээд чуулганы танхимд хэлээд байсан чинь ийм учиртай юм уу?
Тийм. Өнөөдрийн эрх баригчид хүссэн, хүсээгүй Ардчилсан намын туулсан зовлонг адилхан туулна. Хамгийн гол нь дахин хэлэхэд, эдийн засгийг улстөржүүлж болдоггүй зүйл. Эдийн засгийн энэ хүндрэлийн үед Засгийн газрын гишүүн, төрийн сайд болчихоод асуудалд улс төрийн хандлагаар хандаж байгаа нь буруу.
Чи хэрэв төрийн сайд болсон бол асуудлыг эдийн засгийн үр өгөөж, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг талаас нь урагш харах ёстой. Түүнээс биш хэн нэгэн дайсантай тэмцэх талаас нь харж болохгүй. Асуудалд ингэж хандсан нь эрх баригчдын том алдаа болсон. Харин яаж энэ орлогыг нь тогтвортой байлгах уу, орлогоо нэмэгдүүлэх үү, зөв зохистой хэрэглээ рүү орох уу гэдэгт ухаанаа уралдуулах цаг үед эсрэгээрээ хийсэн.
-Татвартай холбоотой асуудлуудаа эрх баригчид буцаагаад татчихлаа. Эрх баригчид гаргах гэж байсан алдаагаа засчихлаа гэж ойлгож болох уу?
Хэдийгээр татвартай холбоотой асуудлаа сөрөг хүчний шахалтаар больсон ч намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байгаа. Энэ нь дахиад л татвараа нэмэх гэж оролдоно гэсэн үг. Тэтгэмж, тэтгэлэг хасах асуудлуудыг хэвээр нь үлдээчихсэн байгаа гээд олон асуудал намрын чуулганаар яригдах байх.
-Төрийн албаны тухай хуультай холбоотой өөрчлөлтүүдийг та их эсэргүүцэж байсан даа...
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсанд эмзэглэж байна. Төрийн албанд ажиллахыг хуулиар баталгаагүй болгочихсон. Анхнаас нь шүүмжилсэн боловч энэ хуулийг баталчихлаа. Төрийн албаны тухай хуульд гурван чухал зүйлийг өөрчилж хөндсөн нь бүгдээрээ буруу.
Нэгдүгээрт, эрх барьж байгаа байгууллага хэрэв бүтцийн өөрчлөлт хийх юм бол төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон нь төрийн тогтвортой үйл ажиллагаа, төрийн залгамж халааг үгүй болголоо. Энэ бол ноцтой заалт. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг цагаар цалинжуулж болно гээд заачихлаа. Төрийн албаны ажлыг цагаар хэмждэг ажил биш.
Тэдний ажлыг яаж цагаар үнэлэх гээд байгаа юм бэ. Чиний авдаг 800 мянган төгрөгийн цалин чинь баталгаагүй боллоо гэсэн үг. Гуравдугаарт, төрийн албан хаагчийн авах шагнал, урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиас ихгүй байх заалтыг оруулчихлаа. Нөгөө асуудал нь 36 сарын тэтгэлэг нь 12 сар болчихлоо.
Багш, эмч нарын 36 сарын тэтгэлэг байхгүй болсон. Бид аливаа нэгэн зүйлийг өөрчилж, хасч, танаж болно. Гэхдээ өнөөгийн амьдралын дундаж түвшин ямар хэмжээнд байгааг үргэлж анхаарч, харж байх ёстой. Миний хувьд өнөөдөр төрийн албан хаагчийн 800 мянган төгрөгийн цалинг амьдралын баталгаа гэж харахгүй байна.
Хэдэн төгрөгийг нь нэг эрх мэдэлтэй дарга нь өөрийн дураар хасч, шагнал, урамшууллыг нь 40 хувиас илүү нэмэх эрхгүй болгочихлоо. Ингэхээр чинь төрд ажиллахын утга нь хаанаа байгаа юм. Авлигад өртөхгүй байх нөхцөл хаана байна гээд олон асуудлыг энд хөндөж болно.
-Тэгвэл таныхаар яана гэж?
Энэ бүхнийг эсрэгээр нь хийсэн бол бид дэмжиж болох нэмээд хоёр сая болгочихье гэсэн бол өөр хэрэг. Харин ажилдаа хариуцлагатай байх гэх мэт дараагийн асуудал яригдана. Харамсалтай нь төрийн албан хаагч явж, явж төсвийн тодотголоор хохирчихлоо.
Төсвийн тодотголыг бүхэлд нь авч үзвэл хүн бүрт хамааралтай болчихлоо. Яагаад гэвэл оюутны 70 мянга нь байхгүй, сумын амьдралыг тэтгэдэг орон нутгийн хөгжлийн санг нь хасчихлаа, мөнгөний хатуу бодлого гэдэг нэрийн дор Монголбанк даарин дээр давс гэгчээр бодлогын хүүгээ нэмчихсэн.
Энэ нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулчихлаа. Энд ер нь бүтэж байгаа зүйл гэж байна уу. Бид нэг л зүйлийг сануулж байсан. Төсвийн тодотголоор битгий оролдоо гэж. Одоо байгаа хүрээнд нь төсвийн алдагдал нь нэг их наяд төгрөг байгаа юм бол түүний зөрүүн дээр нь зарлага, орлогоо бодитой тооцоод баталчих л даа. 2017 оноос тэр хийх гээд байгаа шинэчлэлээ бодлоготой хий. Одоо ингэж нийгмийг бужигнуулж болохгүй гэж.
-Ардчилсан намынхан л идэж уугаад тооцооны хуудсаа Ардын намд үлдээчихлээ гээд байгаа шүү дээ?
Ардчилсан намд нуух юм байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хууль санаачилж, батлуулаад бүх зүйл шилэн болсон. Үүнийг ойлгох нэг нь ойлгоод, шүүмжлэх нэг нь шүүмжлээд явж л байсан. Энэ ганц сарын хугацаанд Монгол Улсад ямар их зүйл өөрчлөгдсөн байна.
Гэхдээ энэ бүхнээс өнөөдөр ойлгомжтой нь юу байгаа юм. Ирэх онд амьдрах төсөөлөл энэ хэвээрээ үргэлжлэх юм уу. Энэ улс орныг чинь бизнес эрхлэгчид, үйлдвэрүүд авч явахаас биш төр авч явахгүй. Дөрвөн жилийн дараа байдал ямар байхыг хэн ч таашгүй. Мөрийн хөтөлбөрөө эрх баригчид эхнээсээ л байхгүй болгочихсон.
Засгийн газрын бүтцийг хийхдээ л мөрийн хөтөлбөрөө зөрчсөн. Өнгөрсөн дөрвөн жилд “давхар дээлтэй” байна гэж хангалттай л шоолсон. Манай С.Бямбацогтоос авахуулаад МАН-ын бүлгийн дарга байхдаа давхар дээл гэж мөн ч их хашгирсан даа. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээл өмсчихөөд хээв нэг сууж л байна.
Хүн тэгж хувирч болохгүй. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн нь талаар болсон. Төрд дандаа ах дүү, танил тал, мөнгөтэй хүмүүс нь дүүрчихлээ. Төрийн алба “нянгар”-уудаар дүүрчихлээ шүү дээ гэсэн шүүмжлэл их байна. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулах биз. Амлалтууд бүр байхгүй болсон шүү дээ.
Цалин, тэтгэврийг чинь нэмэгдүүлнэ, Монголыг өргүй болгоно гэх мэт зөвхөн ард түмний саналыг авах гэсэн хөөсөрсөн сүржин амлалтууд өгч болохгүй. Ард түмнийг улстөржсөн хий, хоосон амлалтаар хуураад амьдраад байна гэдэг бол нэг удаагийн арга л даа. Яахав, тэд эцсийн аргаа л хэрэглэсэн нь тэр байх.
Төсвийн тодотгол хэлэлцэхэд л тэдний үнэн нүүр царай гараад ирсэн шүү дээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийг би өдөр бүхэн сануулна аа гэж хэлсэн, сануулна. Угаасаа биелэгдэх боломжгүй, худлаа зүйл, ойлгомжтой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь мөрийн хөтөлбөрийн хүрээнд гэсэн боловч хэт ерөнхий заалттай орж ирсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайд 381 заалттай хэрнээ дэндүү ерөнхий.
-Яагаад ерөнхий гэж?
Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дотоодод болон гадаад ертөнцөд мэдээлэл өгдөг анхны эх үүсвэр байх нөхцөлийг хангаж чадаагүй. Ганц тодорхой жишээ хэлэхэд эрчим хүчний асуудалд дэндүү хөнгөн хуумгай хандсан тэвшийн говь, Шивээ овоо 3 цахилгаан станц дээр түшиглэж дулааны цахилгаан станц барина ч гэх шиг.
Цаасан дээр ширхэг зураас ч зурагдаагүй зүйлийг Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулж болохгүй. Дэргэд нь Эгийн голын усан цахилгаан станц гэж бэлэн болсон төсөл хэрэгжээд явж байна. Багануурын дулааны цахилгаан станцын төслийн ажил нь эхлээд явж байгаа.
Манай улс эрчим хүчний 20 хувийн дутагдалтай. Эрчим хүчийг төлөвлөхдөө дөрөв биш 10 жилээр төлөвлөнө. Өнөөдөр манай хэрэглээ 20 хувь дутуу байгаа боловч ирээдүйн дөрвөн жилийн хэрэглээ дахиад өсөх магадлал асар өндөр байгаа. Хэрэв 10 жилийн дараах Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа бол олон асуудал яригдана.
Гурван улсын хоорон дахь эдийн засгийн коридор, “Талын зам" төслийн хүрээнд хийгдэх асар олон ажил байна. Мөн хүнд үйлдвэрээ хөгжүүлэх, баяжуулах үйлдвэрээ барих, зэс болон нефть боловсруулах үйлдвэрээ барьчихвал бидэнд асар их эрчим хүчний хэрэгцээ үүснэ. Үүнийгээ харж төлөвлөхгүй юм уу, өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлыг таслан, зогсоох нь зөв юм уу.
Энэ төрийн залгамж чанар гэж байх юм уу гэх мэт олон ас.уудал бий. Эдгээр нь зөвхөн Ардчилсан намын тухай асуудал биш. Улс орны нийтлэг эрх ашгийн талаар ярьж байгаа юм. Маш төлөвлөгөөгүй, зах замбараагүй, бодлогогүй асуудлууд орж ирж байгаа нь энэ 60-хан хоногийн хугацаанд тодорхой харагдчихлаа.
Энэ алдаагаа засч, залруулахгүй Ардчилсан нам ийм болгочихсон юм аа, бид буруугүй шүү гээд суух юм уу. Одоо Ардын нам сэлмээ хуйндаа хийгээд, мориноосоо буух цаг нь болсон. Ард түмэн та нарыг ажил хий гэж сонгосноос биш Ардчилсан намынхныг муулаад, сөрөг хүчний байр сууринаас ажилла гэж сонгоогүй юм. Одоохондоо тэд ам авч хадуурч давхидаг омголон адуу шиг л байна.