Гамшгийн даатгалын тухай хуультай болно
2016.09.28

Гамшгийн даатгалын тухай хуультай болно

Манай орны хэмжээнд байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол, гамшгийн тоо, давтамж, түүнээс учирсан хохирлын хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.

Нөгөөтэйгүүр манай улсад гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо бүрдээгүйн улмаас гамшгийн хохирлыг төр хариуцах, улсын төсөвт дарамт учруулах асуудал тулгарсаар байгаа юм.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар, НҮБХХ-ийн Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” МОН/13/301 төслөөс хамтран “Гамшгийн даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулж иргэд, олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгах зорилгоор Гамшгийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.

УИХ-ын 2012 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэлийн 2.3-т “Гамшгийн нэр томьёоны ойлголт, төрийн болон хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрхзүйн орчныг боловсронгуй болгох” гэж заасан нь энэхүү хуулийн төслийг боловсруулах эрхзүйн үндэслэл болж байгааг хуулийг санаачлагчид тайлбарлаж байна.

Гамшгийн даатгалын тухай хууль батлагдан гарснаар гамшигт үзэгдлийн улмаас төрийн, орон нутгийн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөд учирсан хохирлын дийлэнх хэсгийг даатгалын хөрөнгөөр нөхөн төлөх боломж бий болох бөгөөд ингэснээр гамшгийн хор хохирлыг богино хугацаанд, улс эх орны нийгэм, эдийн засагт хохирол багатайгаар арилгах, гамшгийн үр дагаврыг даван туулах боломж бүрдэх юм.