ХААИС-ийн 10 оюутанд 10 мянган ам.долларын тэтгэлэг өглөө
2016.10.03

ХААИС-ийн 10 оюутанд 10 мянган ам.долларын тэтгэлэг өглөө

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хай Минь тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзан, оюутан залууст хоёр орны боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар илтгэл тавив.

Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вэйтэй тэтгэлэг гардуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Хятадын соёлын танхимыг нээсэн юм.

Элчин сайд ноён Шин Хай Минь илтгэлдээ хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. БНХАУ-ын их, дээд сургуульд 10 мянга гаруй Монгол оюутан суралцдагаас 7 мянга орчим нь тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагджээ.

Мөн ХААИС-ийн 10 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр болох нийт 10 мянган ам.долларын тэтгэлэг гардуулсан юм. Арга хэмжээнд БСШУСЯ-ыг төлөөлж БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар оролцлоо.