Х.Амгаланбаатар: "Стэнд Бай" хөтөлбөрийн гэрээний нөхцөл, хэрэгжих хугацаа ил тод байх ёстой
2016.10.06

Х.Амгаланбаатар: "Стэнд Бай" хөтөлбөрийн гэрээний нөхцөл, хэрэгжих хугацаа ил тод байх ёстой

"Стэнд Бай" буюу богино хугацааны зээлийн хөтөлбөрийн талаар өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос байр сууриа илэрхийллээ.

"Стэнд Бай" хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд богино хугацаанд эдийн засагт сэргэлт авчирч, эдийн засаг тогтворжсоноор иргэдийн цалин орлого, тэтгэвэр тэтгэмж  нэмэгдэх сайн үр дагаврыг хүлээж байгаа.

Өнөөдрийн байдлаар "Стэнд Бай" хөтөлбөрийг ямар нөхцөлөөр, ямар хугацаанд хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудаас иргэдэд хандан ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Энэ талаар МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар “Монголчууд бид аливаа асуудлыг бэлэн болсон хойно нь, тодорхой түвшинд хэлэлцэх үед нь олон нийтийн анхаарлыг хандуулах буруу хандлагатай байдаг.

"Стэнд Бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бий болчихсон байна гэдгийг сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд хангалттай сонслоо. Сүүлийн нэг сарын байдлаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхэлсэн байна.

ОУВС-ийн түвшинд манай холбогдох албан тушаалтнууд очиж хэлэлцэж байна. Бид 1991, 2009 оны үед энэ хөтөлбөрийг ОУВС-тай хамтарч хэрэгжүүлээд, эдийн засгийн хүндрэлээс гарч байсан туршлагатай.

Гэвч зарим улс орнуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд сөрөг үр дагавар гарсан тохиолдол гарч байсныг харгалзаж, "Стэнд Бай" хөтөлбөрийг буруугаар хэрэгжүүлэхгүй байх ёстой гэдэг байр суурийг өнөөдөр урьдчилан сануулж байна. 

Зөв хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засгийн хүндрэл сэргэж, маш олон асуудлыг шийдвэрлэх боломжийг олгох болно. Зарчмын хувьд бид дэмжиж байгаа. Өөр гарц, арга зам байхгүй бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна” хэмээн тайлбарлалаа.

Монгол Үйлдэврчний Эвлэлийн Холбооноос "Стэнд Бай" зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон тохиолдолд, 

  • Зээлийн гэрээний нөхцөл, хөтөлбөр хэрэгжих хугацаа нь нийт иргэдэд ил тодорхой байх, нийтээр хэлэлцэн зөвшилцсөн байх 
  • ОУВС-тай хийх зээлийн нөхцөлийн гэрээнд эдийн засгийн сэргэлт богино хугацаанд гарах нөхцөлтэйгөөр хийж тохиролцох 
  • Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын өмнө хүрсэн түвшингээс дордуулахгүй байх гэсэн гурван асуудлыг онцгой анхаарах хэрэгтэйг анхаарууллаа.