Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв барина
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн хэлснээр Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид 2008 онд нэгдэн орсон ч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 05-нд шинэчлэн баталж байжээ.
Хуулийг шинэчлэн хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, тэдэнд ажиллаж амьдрах таатай орчинг бий болсон байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалттүй тусламжаар 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтгай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилга барих, тоног төхөөрөмжөөр хангах гэрээ хийжээ. Улмаар барилгын шавыг 2016 оны есдүгээр сард тавьж, хоёр жил таван сарын дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Мөн Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Энэ төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа илтгэл тавилаа.
Ажлын хэсэг ерөнхий боловсролын тусгай 25, 29, 55, 70, 63, 116 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Хараагүй иргэдийн үндэсний төв, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцжээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуульд 1658, цэцэрлэгт 402 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа бөгөөд 285 багш, 507 ажилтан ажиллаж байгаа.
Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хараа сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сэтгэл судлал, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, мэргэжлийн төрөлжсөн сургалт явуулах эрх зүйн орчинг бий болох, мэргэжлийн сургалт явуулах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдхүүний зардлыг төсөвт суулгах, төгсөгчдөд мэргэжлийн болон чадамжийн үнэмлэх олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай хуулийг батлуулах гээд шийдвэрлэх олон асуудлууд байгаа ажээ.
Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хорооны гишүүд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл оролцож мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Сгандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Японы Жайка олон улсын байгууллага, БНХАУ-ын тусламжаар баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв төслийн удирдлагын багийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.