Г.Аким: Насаараа улсад төлсөн мөнгийг “Хишиг” нэрээр өгөх нь доромжилсон үйлдэл
УИХ дахь АН-ын бүлэг
2016.10.12

Г.Аким: Насаараа улсад төлсөн мөнгийг “Хишиг” нэрээр өгөх нь доромжилсон үйлдэл

УИХ дахь АН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Тус хуулийг хүчингүй болгосон нь ахмад настны нийгмийн хамгааллын эрх зүйн байдлыг дордуулж байна. Батлагдсан хүчин төгөлдөр хуулийг дараагийн УИХ гарч ирэнгүүтээ хүчингүй болгож байгаа нь төрийн залгамж хэргийг алдагдуулсан ёс зүйгүй үйлдэл. Мөн өмч, өмчлөх эрхэнд халдсан Үндсэн хуулийн зөрчил гэж бид нар үзэж байна. Ахмадуудын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан" хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэллээ.

Түүнчлэн Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосон талаар Г.Аким гуай өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үндсэн хуулийн 16.3, 16.5, 19.1 дэх зүйл гэсэн гурван заалтыг зөрчиж байгаа учир бид Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Бид насан туршдаа ажиллаж сар бүрийн цалингаасаа улсдаа зээлүүлсэн мөнгөө тэтгэврээр авдаг. Гэтэл Насны хишиг буюу Ахмад настны тухай хууль санаачилж, улсад зээлүүлсэн бидний мөнгийг эргүүлээд өгөхдөө хишиг гэж нэрлэсэн байх юм. “Хишиг” гэдэг чинь өөрөөсөө бэлэг маягаар өгөхийг хэлдэг.

Тарааж байгаа энэ мөнгө чинь бидний нийгмийн даатгал гэж насаараа улсад төлсөн мөнгө. Гэтэл бидний өгсөн мөнгийг буцаагаад өгөхдөө “Хишиг” нэрээр өгч байна. Бид тэнэг улсууд биш шүү. Энэ бол биднийг доромжилсон үйлдэл" гэлээ.