Ардын нам ахмадуудын хувийн өмчид халдаж байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.10.11

Ардын нам ахмадуудын хувийн өмчид халдаж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-“Хамтын тэтгэврийн тухай” хуулийг МАН Засгийн эрхэнд гарч ирэнгүүтээ хүчингүй болголоо. Тус хуулийг нийгмийн хамгааллын салбарыг хариуцаж байхдаа санаачлан батлуулсан хүний хувьд та үүнд ямар байр суурьтай байгааг эхлээд сонирхмоор байна?

Ахмад настны нийгмийн хамгааллын хууль болох Хамтын тэтгэврийн тухай хуулийг сая хүчингүй болголоо. Батлагдаад хэрэгжиж амжаагүй хуулийг хүчингүй болгож байсан тохиолдол цөөхөн. Төрөөс өгч байгаа мөнгийг ахмадуудад өгөх, өгөхгүй тухай яриад байгаа юм.

Гэтэл энэ бол Хамтын тэтгэврийн тухай хуулиар насан туршдаа хамт амьдарсан хоёр ахмадын үлдсэн нь ханийнхаа авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн авах эрх зүйн зохицуулалт. Тэтгэврийн шимтгэлээр бий болсон хуримтлалын мөнгө чинь төрийн мөнгө биш.

Энэ бол төсвийн мөнгө биш, татварын мөнгө ч биш. Насан туршдаа өөртөө бий болгосон ирээдүйд хэрэгцээ гарвал эргүүлж авна гэсэн нөхцөлтэйгөөр төрд хадгалуулж байсан мөнгө. Үндсэн хуулиар хувь хүний халдашгүй байдал, эрх чөлөө, хувийн өмчид хамаарах асуудал.

МАН-ын Засгийн газраас “насны хишиг" гэх зүйлийг санаачилж байна л даа. Гэхдээ Үндсэн хууль зөрчиж байна. 90 наснаас дээш бол төд, 80 бол төчнөөн гэхчилэн насаар нь ялгаварлан гадуурхаж байна.

-Сангийн сайдын тайлбарласнаар ахмадууд хорвоог орхисон хүний тэтгэврийг авмааргүй байна гэсэн хүсэлт ирүүлсэн гэх юм. Энэ нь Ардчилсан нам ахмадуудыг хүсээгүй байхад нь мөнгө өгөхөөр хуульчилсан мэт ойлголтыг нийгэмд төрүүлж байна л даа?

Хуулийн үзэл санаа бол ахмадуудаас өөрсдөөс нь гарсан. Бид насан туршдаа тэтгэврийн хуримтлалыг бий болгочоод үр шимийг нь үзэж чадахгүй өөд болчихвол ар гэр, үр хүүхдэд маань өгч болдоггүй юм уу гэдэг.

“Миний аав 60 нас хүртлээ улсад хөдөлмөрлөж татвар төлчихөөд ганцхан жил тэтгэвэр аваад өөд болчихлоо, тэр насан туршдаа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн хуримтлалаас яагаад үр хүүхдэд нь өгч болдоггүй юм бэ” гэх гомдол үр хүүхдүүдээс нь ч олон ирдэг байсан.

Ахмадуудад маш том дэмжлэг болох хууль байлаа. Наслах ёстой насаа насалж чадалгүй хорвоогоос хальдаг нь түгээмэл. МАН энэ хуулийг хүчингүй болгосноор ахмадуудын хувийн өмчид халдаж байна.

-Нийгэмд бас нэг шүүмжлэл дагуулсан зүйл бол багш, эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг үгүй болголоо. Эрх баригчдын энэ шийдвэрт та ямар бодолтой байна?

Төсвийн болон төрийн албан хаагчдын хувьд төрөөс горьдож хардаг ганц, хоёрхон л зүйл байдаг. Нэгдүгээрт, төрийн сангаас хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр авдаг. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж. Төрийн албаны тухай хуулийн 38.2-т зааснаар 36 сар хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гээд шууд утгаар нь заасан байдаг. Гэтэл үүнийг хүчингүй болгосон.

Ингэснээр ямар үр дагавар гарч байна вэ гэхээр “Энэ мөнгийг амьдралдаа үр дүнтэй, томоохон зүйлд зориулна даа” гэж төлөвлөсөн хүсэл мөрөөдлийг нь үгүй хийж байгаа юм. Амьдралын баталгаа нь алдагдаж байна гэсэн үг. Гэхдээ сая эрх баригчид 2017 оны төсвийн хуульд 36 сарын тэтгэмжийг олгохоор оруулж ирсэн байна билээ. Энэ нь 2017 нэгдүгээр сараас  эхэлж хэрэгжинэ.

-Хэрэв энэ хууль батлагдвал 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш тэтгэвэрт гарсан эмч, багш нар 36 сарын тэтгэмжээ авч эхлэх нь. Харин энэ оны есдүгээр сараас он дуустал тэтгэвэрт гарсан эмч, багш нар ямар ч тэтгэмж авч чадахгүй болно. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?

Тийм ээ, 2016 оны есдүгээр сараас 2017 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тэтгэвэрт гарсан иргэд маань тэтгэмжээ авах эрхзүйн боломжгүй болчихсон. 2017 оноос хэрэгжихдээ 36 сарын дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэж байгаа юм.

Ингэхдээ тухайн салбарын сайд, агентлагийн дарга нарт маш давуу эрхийг олгож байна. Тухайн салбарт ажиллаж байгаа хүнийг тэтгэвэрт гарахад нь тэтгэмж олгохдоо нэг сарын ч тэтгэмж олгож болохоор хуулийн заалт оруулж ирсэн байна. Ийм байдлаар төсвийн болон төрийн албан хаагчдын эрхзүйн байдлыг дордуулж байгаа нь туйлын харамсалтай.

-Засгийн газар дээрх тэтгэвэр, тэтгэмжүүдийг хүчингүй болгосноос гадна Хүүхэд харах үйлчилгээ,оюутны 70 мянга, залуусыг гадагшаа суралцуулах тэтгэлэг зэргийг зогсоосон. Эндээс эдийн засгийг сэргээх хэмжээний мөнгө хэмнэж чадах уу?

Эмч, багш нарын 36 сарын тэтгэмж, гэнэт халагдсаны зургаан сарын тэтгэмж, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болголоо, хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно, оюутны 70 мянган, МСҮТ-ийн тэтгэмжийг хүчингүй болголоо. Энэ бол хүүхдийн ирээдүй инженер техникийн ажилтан болох гэж байсан залуусын ирээдүйг хорлосон үйлдэл болж байна.

Энэ бүхэн ирээдүйн иргэддээ оруулж буй хөрөнгө оруулалтыг бүхэлд нь үгүй хийлээ. МАН гуравхан сарын дотор бүх амлалтаасаа буцлаа. Энэ юу харуулж байна гэхээр МАН ард түмнийг хууран мэхэлсэн юм байна гэдэг гаргалгаа харагдаж байна. Нөгөөтэйгүүр улс орны эдийн засаг ийм болсон гэдгийг бид мэдээгүй байсан гэж ярьж эхэлж байна. Тэгвэл 2012-2016 онд АН-ын тэргүүлсэн эвслийн Засгийн газарт МАН хамтарч ажилласан. Энэ дөрвен жилийн хугацаанд Сангийн сайдаар хэн ажилласан бэ.

2012-2014 онд енөегийн МАН- ын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан ажилласан. 2014-2015 онд өнөөдрийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Үлдсэн хугацаанд нь Б.Болор ажилласан. Дөрвөн жилийн гурван жилд нь МАН-ынхан Сангийн сайдаар ажиллав. Тэд санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан.

Үүнээс гадна УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар өнөөдрийн МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр одоогийн УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажиллаж байсан. Төсвийн ажлын хэсэгт гурван жилийн хугацаанд өнөөгийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажиллаж байсан.

Гэтэл өнөөдөр мэдээлэлгүй байсан мэтээр ард түмнийг хуурч, төөрөгдүүлж байгаа нь ямар увайгүй хүмүүс вэ гэдгийг л харуулж байна. МАН энэ байдлаар амлалтаасаа буцах юм бол ард түмнээс уучлал гуйх ёстой, хуулийн хариуцлага хүлээх ёстой. Бид үүнийг шаардана.