Дэлхийн орнууд нүүдэлчдийн жимээр “ЖИН ТЭЭНЭ”
2016.10.14

Дэлхийн орнууд нүүдэлчдийн жимээр “ЖИН ТЭЭНЭ”

Монголын аялал жуулчлалын салбарт шинэ эргэлт авчирч мэдэх, нэгэн чухал арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо, БОАЖЯ, нийслэлийн ЗД1Т хамтран Улаанбаатарт зохион байгуулж буй “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил" сэдэвт Торгоны замын олон улсын анхдугаар бага хурал аялал жуулчлалын салбарын унтаа байдлыг сэрээнэ гэдэгт итгэж буйгаа зочид, төлөөлөгчид онцолж байлаа.

Эртний төрт улсуудын нийгэм, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн харилцаанд гол үүрэг гүйцэтгэж, холбогч гүүр нь болж байсан гэгддэг торгоны замыг аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлснээр жуулчдыг татаж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг 33 орон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын торгоны зам хөтөлбөрт нэгдээд буй. Эдгээр улсын 300 гаруй төлөөллийг хамруулсан анхдугаар хурлыг Монголд зохион байгуулж буй нь торгоны замын хөгжилд монголчууд тэр дундаа, нүүдэлчин ахуй ямар онцгой үүрэг гүйцэтгэсний илрэл юм.

Жилд 400 мянгаас хэтрэхээ байсан жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлж, ажлын байр нэмэгдүүлэн, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг урагшлуулах том зорилгоо биелүүлэхэд уг хурлын үр дүнд нэг алхам ойртоно гэж салбарынхан үзэж буй. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай ч уг хурлыг зохион байгуулах орныг тийм ч хялбар сонгодоггүй гэдгийг онцлов. 

Тэрбээр ‘Торгоны замын орнуудын хурлыг Монголд зохион байгуулах болсон нь аялал жуулчлалын салбарт манлайлах орон байж чадна гэж үзсэнтэй холбоотой. Ялангуяа нүүдлийн болоод торгоны замд үндэслэсэн аялал жуулчлал хөгжүүлэхэд Монгол зайлшгүй манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой. Эдийн засагт учирч буй бэрхшээл, сорилтуудыг даван туулахад аялал жуулчлалын салбар онцгой үүрэг гүйцэтгэж чадна” хэмээв.жилд 400 мянгаас хэтрэхээ байсан жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлж, ажлын байр нэмэгдүүлэн, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг урагшлуулах том зорилгоо биелүүлэхэд уг хурлын үр дүнд нэг алхам ойртоно гэж салбарынхан үзэж буй. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай ч уг хурлыг зохион байгуулах орныг тийм ч хялбар сонгодоггүй гэдгийг онцлов.

Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны дэд ерөнхийлөгч Женни Сиу Фанг Юунг ч түүнтэй адил зүйл хэлж, Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн тулгуур нь нүүдэлчин ахуй, Чингис хааны түүх, төрсөн газар, Монголын нууц товчоотой холбоотой тусгай сонирхлын аялал гэж эрдэмтэн, судлаачид үздэгийг онцлов.

Манай улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 613 тур операторын төлөөлөл, салбарын бодлогыг тодорхойлогчдод түүний үг нэгийг бодогдуулсан болов уу. Учир нь, бид хамгийн ашигтай, хөгжүүлэх боломжтой төрөл гэгддэг тусгай сонирхлын аяллыг “идээшүүлнэ” гэж олон жил ярьж буй ч дорвитой хийсэн зүйл үгүй. Харин ч хөгжлийг нь “чөдөрлөчихдөг” гэмтэй.

Маргааш хүртэл үргэлжлэх

“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” хуралд оролцогч эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүдийн илтгэл торгоны зам дагуух нүүдлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, таатай орчин яаж бүрдүүлэх вэ гэсэн асуудлыг түлхүү хөндөж байсан юм. Дараагийн нэг чухал асуудал нь соёлын өв, нөөцийг хадгалан хамгаалж, тогтвортой хөгжлийг хангах байв.

Яагаад гэвэл, торгоны зам нь аялал жуулчлалын салбарт дэлхийн хамгийн том чиглэл бий болгоход гол үүрэг гүйцэтгэж буйгаараа сайшаалтай ч аялагч, зугаалагч өсөхийн хэрээр байгаль, соёлын өвийг хамгаалахтай холбоотой бэрхшээлүүд ч бий болдог. Иймээс торгоны зам дагуух газрууд, соёлын өв, дурсгалыг хамгаалах нь чухал гэдгийг хэд хэдэн илтгэгч өгүүлэлдээ дурдав.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас ирэх оныг ‘Тогтвортой аялал жуулчлалын жил” хэмээн зарласан. Манай улс ч “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт энэ салбарын ирээдүйг “Нүүдлийн соёлын төв болгоно” гээд “зурчихсан”.

Энэ хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилж, нийслэл, орон нутгийн онцлогт түшиглэсэн аяллын төрлүүдийг хөгжүүлж, ойрын хугацаанд казиногийн болон морины бооцоот уралдааны тухай хууль батлуулж, жилд 3.5 сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай, олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оруулахаар төлөвлөөд буйг Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр тус үеэр хэлэв.

Аялал жуулчлалын салбарт дэвшил авчрах энэ мэтчилэн олон зорилт, мөрөөдлийг биелүүлэх боломж нь “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”- өөс гарах үр дүн, шийдвэр байгаасай. Гагцхүү бид тэр боломжуудыг олж харах нүдтэй, ашиглаж чадах сүйхээтэй байх нь л чухал.