БСШУС-ын сайд Ж.Батсуурь 10 сарын 07-10-ны өдрүүдэд Говьсүмбэр Дорноговь аймагт ажиллалаа
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.10.10

БСШУС-ын сайд Ж.Батсуурь 10 сарын 07-10-ны өдрүүдэд Говьсүмбэр Дорноговь аймагт ажиллалаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь 10 сарын 07-10-ны өдрүүдэд Говьсүмбэр Дорноговь аймагт ажиллалаа.  

Томилолтын үеэр салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзаж засгийн газрын үйл ажиллагааг танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд, орон нутагт салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг сонсож танилцсан юм.

Мөн сургууль, цэцэрлэг, соёлын төв, биеийн тамир спортын газар, боловсролын газар, музей, спорт цогцолбор, хүүхдийн ордон зэрэг салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар зочилж тэдний үйл ажиллагаа барилга байгууламжтай биечлэн танилцлаа.

БСШУСЯ-д харьяалалтай асуудлын нэг хэсэг нь сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт цогцолбор, музей, номын сан гээд барилга байгууламжийн засвар шинэчлэл хийх, шинээр барьж байгуулах шаардлага үүсчээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс төсөвлөсөн хөрөнгийг тэнцүү хуваарилахаас гадна олон улсын зээл тусламжийн аргаар шийдвэрлэхээ салбарын сайд онцлов.

Учир нь нэг суманд 10 барилга байгаа гэж тооцоход 7 нь сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал гээд салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг учир засвар хийх, шинээр барих зэрэгт зарцуулахад төсвийн мөнгө хүрэлцэхгүй гэдгийг учирлаж байлаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр байгууллагынхаа хашаанд гэр цэцэрлэг ажиллуулж байна

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүрээнд хүүхдүүдээ бүртгэн авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч цэцэрлэгийн багтаамжаас шалтгаалан хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж чадаагүй байна. Тиймээс байгууллагынхаа хажууд 2 гэр барин хүүхэд элсүүлжээ. Цэцэрлэгийн эрхлэгч нь аавынхаа гэрийг авчран барьж энэ үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. Харин салбарын сайд БСШУЯ-аас тэдэнд үйл ажиллагаагаа явуулахад нь зориулсан цэцэрлэгийн зориулалт бүхий гэр олгохоор боллоо. 

Зарим сургууль, соёлын төвд их засвар хийх, шинээр барих шаардлага үүсчээ

Дорноговь, Говьсүмбэр аймгийн хэмжээнд он удаан жил болсон 40-50 жилийн настай сургуулийн барилга, соёлын төв, театрын барилга байна.

Тэдгээрт жил бүр урсгал засвар хийгддэг ч хуучирч муудсан хана, дээвэр, шал зэргийг бүрэн засварлаж чаддаггүй учир зарим байгууллагын дээврээс дусаал гоождог, шал нь цөмөрсөн, хана нь цуурч мөөгөнцөрдсөн гээд асуудлууд байгааг байгууллага дарга, захиралууд нь учирлаж байв.

Харин салбарын сайдын зүгээс ийм асуудалтай сургууль, цэцэрлэгүүд улсын хэмжээнд аймаг, сум, дүүрэг, хороо бүрт байгаа учир төсвийг үр ашигтай тэнцвэртэй хуваарилж дээрээс нь олон улсын зээл тусламж, төсөл хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө босгож шийдвэрлэх арга зам хайна гэдгийг онцоллоо. 

Говийн хүүхдүүд уснаас “айдаг” гэдэг яриа ард хоцорчээ

Говьсүмбэр, Дорноговь аймагт станрдын дагуу баригдсан усан спорт сургалтын төв бий. Тус төвөөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуваарийн дагуу үйлчлүүлж, суралцдаг.

Мөн тэдгээр хүүхдүүдээс усанд сэлэх чадвартай сурагчдыг сонгон бэлтгэж улсын хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд оролцуулж амжилт гаргадаг байна.

Тус төв нь чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн, саунтай. Ажилтан албан хаагчид чөлөөт цагаараа үйлчлүүлэх боломжтой. Тэдний үйлчлүүлсэн зардлаар зарлагаа нөхөх байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.