Олимпийн медальтнуудад “Хангарьд” одон гардууллаа
Бразил улсын Рио Де Жанейро хотод болж өнгөрсөн зуны олимпын 31-р наадмаас манай улсын тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль, паралимпийн 15 дахь удаагийн наадмаас хоёр хүрэл медаль хүртсэн.
Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, төрийн далбаагаа олимпын тэнгэрт дөрвөнтөө мандуулсан тамирчдад өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хангарьд” одон гардууллаа. Шагналыг НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өгсөн юм. Нийслэлийн хамгийн том шагнал болох “Хангарьд” одонгоор нийт 80 гаруй хүн шагнагджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хангарьд” одонгоор шагнагдсан тамирчиддаа баяр хүргээд цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хангарьд одонг бид тухайн жилийн хамгийн их амжилт гаргасан, хүндтэй хүмүүст гардуулдаг. Тамирчдаас анх 2008 оны Бээжингийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад гардуулж байсан. Мөн 2012 оны Лондонгийн олимпын медальт тамирчдад олгосон. Саяхан Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа ч спортын салбар, тамирчдыг дэмжих тал дээр анхаарсан” гэлээ.
РИО-2016 зуны олимпын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай “Би 2014 оны Инчоны Азийн наадамд түрүүлээд ирэхдээ “Нийслэлийн хүндэт тэмдэг”-ээр шагнуулж байсан. Өнөөдөр энэхүү хүндтэй одонгоор шагнагдсандаа баяртай байна. Мөн 2009, 2010 онд нийслэлийн оюутны шигшээ багт хамрагдаж байсан.
НИТХ болон НЗДТГ-ын хамт олонд баярласнаа илэрхийлье” гэсэн юм. Мөн Паралимпийн наадмын хүрэл медальт тамирчин Э.Содномпилжээ “Нийслэлийн хүндтэй шагналаар шагнуулсанлаа баяртай байна. Тамирчин бидэнд их урам зориг өглөө. Хөдөлмөр зүтгэл, амжилтыг маань өндрөөр үнэлсэн нийслэлийн удирдлагуудад баярлалаа” хэмээн сэтгэлээ хуваалцлаа.
Паралимпийн наадмын хүрэл медальт тамирчин Б.Ууганхүү хэлэхдээ “Юуны өмнө нийслэлийн удирдлагуудад баярласнаа илэрхийлье. Тамирчин бидний хувьд төр засгийн дэмжлэг хамгийн их хэрэгтэй байдаг. Бидний амжилтын ард маш том баг, хамт олны хүч хөдөлмөр байдаг. Нийслэлийн удирдлагууд тэдний хөдөлмөрийг давхар үнэлж байна гэж ойлгож байна.”