Паралимпийн тамирчдаа бодлогоор дэмжинэ гэв
2016.09.27

Паралимпийн тамирчдаа бодлогоор дэмжинэ гэв

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Рио 2016” Зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. 

Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин оролцсоноос хоёр хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал,жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл  медаль хүртэж, байт харвааны холимог баг болох Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэллээ.

Мөн хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж, Азийн рекорд амжилтыг тогтоосон гээд ганзага дүүрэн Риогийн наадмыг өндөрлүүлсэн байна. Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Паралимпийн наадамд амжилт гаргаж, эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсан тамирчиддаа баяр хүргэе.

Та бүхэн өөрсдийн нөөц, бололцоогоо дайчлан оролцож, амжилт үзүүлсэнд баяртай байна. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Энэ удаагийн зуны олимпийн наадам бидэнд том сургамж боллоо. Дараагийн олимпийн наадам хаяанд ирснийг үргэлж санаж, маргааш эхлэх юм шиг бэлтгэл сургуулилалтаа базаагаарай. Бидний зүгээс боломжит бүх дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллах төдийгүй спортод илүү шинжлэх ухаанчаар хандаж, бодлогоор дэмжих болно” гэв.