Завханы 11000 хүүхэд Дэлхийн шатрын холбоонд элслээ
Шатрын спортын гавьяат тамирчин Завхан нутгаас төрсөн нь оюунлаг Завханчуудын бахархал. Тиймээс энэ амжилтыг ахиулахын төлөө цаашид анхаарлаа хандуулж ажиллахаа Засаг дарга Д.Батсайхан хэлж байсан.
Завхан аймгийн 11 мянган хүүхэд Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элслээ. Ингэснээр дэлхийн 600 сая хүнтэй цахим орчноор дамжуулан шатар тоглох боломж нээгдэж байна. Тус холбоонд 30 мянган хүнийг нэгэн зэрэг элсүүлсэн амжилтаар Энэтхэг улс тэргүүлдэг бол Монгол Улс хоёрдугаарт бичигдэх ажээ.
Ийм түүхэн үйл явдал болж байгааг албаныхан онцоллоо. Энэ тэмдэглэлт үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, Шатрын холбооны дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Дэлхийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, гавьяат дасгалжуулагч, шатрын спортын мастер П.Жигжидсүрэн болон бусад албаныхан оролцлоо.
Өсвөрийн шатарчдын блиц тоглолт болов
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав 2008 онд Завхан аймгийн Засаг дарга байхдаа гурван тулгуурт бодлого хэрэгжүүлж эхэлсний нэг нь шатрын спорт юм. Энэ хугацаанд нийт 14 мянган хүүхдийн11 мянга нь шатар тоглож сурчээ.
Тус аймагт 24 сумтай 29 сургуультай бөгөөд бага дунд сургуулийн хичээлийн хуваарьт шатрын сургалтыг оруулснаар олон хүүхдийг хамруулах боломж бүрдсэн хэмээн Б.Элдэв- Очирын нэрэмжит “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн захирал Д.Баянмөнх хэлж байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Завхан аймагт өсвөрийн шатарчдын блиц тоглолт болсон бөгөөд уг тоглолтыг тус сургуулиас оролцсон баг тэргүүлжээ.
Энэ үеэр Дэлхийн шатрын холбооны гишүүний батламжийг гардуулсан юм. Өнгөрсөн жил болсон өсвөрийн шатарчдын тэмцээний үеэр Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “Монголчууд шатрын спортоор дэлхийн хэмжээнд өрсөлдөх бололцоотой болжээ. Завхан аймагт 10 мянган хүүхэд зэрэг шатар тоглож байхыг хараад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Энэ нь танай улсад шатрын спорт эрчимтэй хөгжиж байгааг харлаа. Бахархаж байна” гэж хэлсэн байдаг. Тэрээр дэлхийн шатрын холбоонд элсүүлэхээ амласан нь ийнхүү биеллээ олжээ.
Гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Мөн энэ үеэр Дэлхийн шатрын холбоо, монголын шатрын холбоо, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт жил бүрийн гишүүнчлэлийн татварыг 50 хувь хөнгөлөх, жил бүр 1500-аас доошгүй хүүхдийг Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсүүлэх талаар дурджээ.
Мөн дунд болон урт хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна. Тухайлбал, гурван байгууллагын зүгээс шатрын спортын мэргэжлийн бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх. Завхан аймагт мэргэжлийн багш, дасгалжуулагчдыг бэлтгэх сургалт, семинар зохион байгуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Хүүхэд хөгжүүлэх хөшүүрэг
Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элссэн хүүхдүүд таван тивийн хүмүүстэй шатар тоглох болсноор хэлний бэлтгэл сайжирна хэмээн Дэлхийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр хэллээ. Шатрын спортоор хичээллэх нь хувь хүний төлөвшилд эергээр нөлөөлөхөөс гадна ирээдүйд эх орноо авч явах чадвартай боловсон хүчин болох учиртайг тэрээр хэлсэн юм.
Шатрын спортын гавьяат тамирчин Завхан нутгаас төрсөн нь оюунлаг Завханчуудын бахархал. Тиймээс энэ амжилтыг ахиулахын төлөө цаашид анхаарлаа хандуулж ажиллахаа Засаг дарга Д.Батсайхан хэлж байсан. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болж 16 алт, 18 мөнгө, 20 хүрэл медаль авч Азийн аварга болсон нь тэдний амжилт гэдгийг Монголын шатрын анхны эрэгтэй мастер, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн онцолсон. Түүний 53 жилийн' хөдөлмөр, мөрөөдөл биеллээ олж дэлхийн шатрын холбоонд гишүү- нээр элссэн 11 мянган хүүхдэд амжилт хүссэн юм.
Шатрын спортоор хичээллэснээр хүүхдийн сурлага болон төлөвшил дээшилж байгааг сургуулийн багш нар хэлж байсан. Хүүхдүүд шатар тоглож сурснаар нэг биш нэлээд хэдэн нүүдлийн цаадхыг харж байгаа нь сурлага сайжрах шалтгаан болж байгааг “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн багш, шатрын спортын мастер П.Түмэнжаргал ярьсан.
Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элссэн 11 мянган хүүхдэд ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел баяр хүргэсэн юм. Тэрээр өмнөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээс гадна шатрын холбоонд шинээр элссэн хүүхдүүдтэй шатар тоглохыг хүсч буйгаа илэрхийлсэн. Шатар тоглох нь олон улсын хэл эзэмших боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр гадаад орныг зорилгүй цахим орчноор аль ч улсын шатарчидтай тоглох боломжтой юм. Энэ нь хэл сурах таатай боломж бөгөөд дэлхийн дэвжээнд зэрэг, цол нэмэх гарц хэмээн Элчин сайд Штефан Дуппел цохон тэмдэглэлээ. Завхан аймгийн 11 мянган шатарчин хүүхдийн 2179 нь оюутан болсон байна.