Ж.Батсуурь: Оюутнууд сургалтын зээл авах боломжтой болсон
Засгийн газрын 100 дахь хоног ирэх сарын эхээр тохиож буй. Энэ хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталчихлаа. МАН-ыг амлалтаасаа ухарсан мөрийн хөтөлбөр боловсруулсан гэж шүүмжилж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
Засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөрөө баталчихлаа. Мөрийн хөтөлбөрт үндсэндээ манай намын сонгуульд оролцохдоо гаргаж тавьсан мөрийн хөтөлбөр 100 хувь тусгагдсан гэж хэлж болно. Энэ удаад манай мөрийн хөтөлбөрт цаг үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад, “Эдийн засгийг сайжруулах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах” нэг том бүлэг оруулж ирлээ.
Учир нь ойрын 1-2 жилийн дотор эдийн засгийн асуудлыг тод томруунаар авч үзэхгүй бол нөхцөл байдал хүнд байна. Түүнчлэн бүх салбаруудын хийж хэрэгжүүлэх ажлын үр дүнгийн талаар тодорхой заалтууд орсон. Энэхүү Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол мэдээж 2016 онд МАН-аас УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр үндсэндээ агуулгаараа тусгагдаж чадсан гэж бодож байгаа.
Ард иргэд манай намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, санал өгсөн. Тэгэхээр дөрвөн жилийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан тавихад сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжсэн байх зорилго, зорилтоо бүтэн агуулж чадсан.
-БСШУС-ын сайдын ажлыг аваад багагүй хугацаа өнгөрлөө. Хэдхэн хоногийн дараа Засгийн газрын 100 хоног болох гэж байна. Энэ хугацаанд танай яам нэлээд ажил амжуулчихсан байх?
Мэдээж манай боловсролын салбар түүн дотроо сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, их дээд сургуулиуд, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд гээд бүх салбарын асуудал мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын тухайд бүх хүүхдийг цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлнэ гэдгийг заачихсан байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог 12609-өөр нэмэгдүүллээ.
Үүнд шинээр барьж буй, засвар хийж байгаа цэцэрлэгийн барилгын ажлыг шуурхайлж, дуусгаснаар 21 цэцэрлэгийг шинээр ашиглалтад өгч, 123 бүлэгт 2970, есөн цэцэрлэгийг өргөтгөн 38 бүлэгт 1135, нэг цэцэрлэгийг давхарлаж 12 бүлэгт 300, төрийн өмчийн цэцэрлэг байгуулах хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, нийслэлийн хэмжээнд 72 хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулагдаж 4307, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжиж, зохицуулалт хийснээр хоёр байгууллагын дэргэд таван бүлэг нээж 100 хүүхдийг тус тус цэцэрлэгт хамруулсан.
Гэхдээ л цэцэрлэгийн асуудал ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд нэлээд хүндрэлтэй байгаа. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн ямар ч цэцэрлэг байхгүй 10 хороо, төрийн өмчийн цэцэрлэг байхгүй 10 гаруй хороо байна. Энэ мэтээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхэд олон байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдэхийн зэрэгцээ хөдөө, орон нутгаас шилжилт хөдөлгөөн тасрахгүй байгаа.
Тиймээс ч бид цэцэрлэгийн орны тоог нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөөд байна. Тухайлбал, төсвийн эх үүсвэрээс гадна гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллахаар төлөвлөөд байна. Донор орнууд, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгө, Япон улсын хандив тусламж, урт хугацааны зээл, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гээд олон байгууллагуудын эх үүсвэрийг ашиглан цэцэрлэгийн тоог нэмнэ.
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тусгагдсан. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа бол?
Ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлтийн тухайд маш хүндрэлтэй. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуульд анги дүүргэлт нийслэлд дунджаар 30, хөдөөд 25.8 хувьтай байна.
Тэр дундаа нийслэл болон аймгийн төвийн хэмжээнд анги дүүргэлт улсын дунджаас хоёр дахин их байгаа юм. Тиймээс бид анги дүүргэлт хэт их сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжийнх болгохыг зорьж байгаа. Улаанбаатар хотод гэхэд л энэ хичээлийн жилд 36 сургууль гурав буюу түүнээс дээш ээлжээр өндөр ачаалалтай ажиллаж байна.
Тиймээс ч бид ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч бүрэн хэмжээнд зохион байгуулах болно.Тухайлбал, энэ онд 60 гаруй объект ашиглалтад оруулахаар тооцож байна. Манай салбарт өнгөрсөн хугацаанд нэлээд их хэмжээний өр хуримтлагдсан байсан.
Тиймээс өнгөрсөн 100 хоногийн хугацаанд сургуулийн өмнөх болоод ерөнхий боловсролын сургуулийн төвшинд хуримтлагдаад байсан өрийг барагдуулсан. Тодруулбал, бүх аймаг, нийслэлийн боловсролын газруудын өрийг судалж үзээд, төсвийн тодотголд суулгуулаад нийтдээ 17 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж, салбараа өргүй болгож чадлаа.
-Энэ сарын 01-ээс ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байлгах тушаал гаргасан байсан. Энэхүү шийдвэрийг эцэг, эхчүүд нэлээд талархан хүлээж авч байна?
Ерөнхий боловсролын сургуулийн болон их, дээд сургуулийн сургалтын чанарт онцгойлон анхаарал хандуулж байгаа. Мэдээж сургалтын чанар гэдэг зүйл олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, багш, сурагчийн хичээл дээрх идэвхитэй ажиллагаа буюу хоёр талын оролцооноос шууд шалтгаалдаг. Тиймээс ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагч, багш нар хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх сайдын тушаал гаргасан. Энэ нь хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж, сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай.
-Жил бүрийн намар их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэх асуудал эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог байлаа. Энэ жилийн тухайд та эерэг байдлаар шийдэж чадсан. Энэ хүрээнд одоо сургалтын төлбөрйн зээлийн санг бий болгож байгаа гэсэн үү?
Мэдээж энэ жилийн тухайд улс орны эдийн засгийн байдал хүнд, иргэд орлого тааруухан байгаа. Тиймээс ч бид их, дээд сургуулиудын удирдлагуудтай тохироод, сургалтын талбөрийг нэмэхгүй байх асуудлыг шийдэж чадсан. Манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан их, дээд сургуультай холбоотой нэг гол асуудал нь “Боловсролын зээлийн сан” байгуулах асуудал байсан. Үүнийг бид шийдэж чадсан.
Одоо их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудад маш бага хүүтэй, хөнгөлөлттэй, урт хугацааны зээл олгох нөхцлийг бүрдүүлээд байна. Энэхүү зээлээр дамжуулан өрхийн зардлыг бууруулахаас гадна их, дээд сургуулиудын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж үзэж байгаа юм. Оюутны зээлийг “Боловсролын зээлийн сан” арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлнэ. Ингэхдээ тухайн оюутан банкнаас зээлээ аваад шууд сургуулийнхаа данс руу шижлүүлэх юм.
Зээлийг дотор нь хүү бууруулах болон богино, урт хугацаатай гэж ангилж байгаа. Хүү бууруулах гэдэг өмнө нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч сургалтын төлбөрөө төлсөн бол үүнийг оюутны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломж бүрдэж байна гэж ойлгох хэрэгтэй.
Харин богино гэдэг нь нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй байх юм. Өөрөөр хэлбэл, тухайн оюутан нэг жилийн хугацаатай зээл авбал таван хувийн хүүтэй байна гэсэн үг. Мөн ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй. Урт хугацаатай зээл байж болно. Сургалтын төлбөрийн зориулалтын зээлээ арав хүртэлх жилийн хугацаанд эргэн төлнө. Өөрөөр хэлбэл, сургуулиа төгссөнөөс хойш 4-6 жилийн хугацаанд ажил хийж байж зээлээ буцааж төлнө гэсэн үг. Энэ хугацаанд таван хувийн хүүгээ жил бүр төлнө. Тэгэхээр сард найм орчим мянган төгрөг төлөхөөр байгаа юм.
-Төлбөрийн зээлийг хэчнээн оюутанд олгох тооцоо гарсан бэ. Түүнчлэн гурав буюу түүнээс дээш оюутантай бол нэгийг нь төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд хэчнээн оюутан төлбөрөөсөө чөлөөлүүлэхээр байгаа бол?
Гурав буюу түүнээс олон хүүхэд их, дээд сургуульд зэрэг суралцдаг бол нэг хүүхдэд нь сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Улсын хэмжээнд төлбөрөөсөө чөлөөлөгдөх 1500 орчим оюутан байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Харин төлбөрийн зээлийн тухайд 70 орчим мянган оюутанд олгох болможтой гэж тооцож байгаа.
Энэ нь үндсэндээ сургалтын төлбөрийн зээл шаардлагатай оюутнуудыг бараг 100 хувь хамруулна гэж ойлгож болно. Хамгийн чухал нь зээл хүсэгч оюутан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх ёстой.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй их, дээд сургуулиас 75 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн байна. Мөн суралцагчийн голч дүн 2.0-оос дээш гэж зааж өгсөн. Энэ бол дундаж үзүүлэлт учраас хамрах хүрээ өргөн байх болно. Дашрамд дуулгахад, энэ удаад бакалавраар сурч байгаа хүмүүсийг оюутны зээлд хамруулахаар заасан.
Магистр, докторантурт сурдаг хүмүүс нэгдүгээрт, харьцангуй цөөн. Хоёрдугаарт, тэд ямар нэгэн мэргэжил эзэмшчихсэн буюу мэргэжлээ ахиулах гэж байгаа учраас санхүүгийн чадавхитай болсон байна гэж тооцож байгаа юм. Тэгэхээр бид суурь мэргэжил эзэмших хэсэгт нь дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.
-Уг зээлийг хэрэгжүүлэхийн тулд хэчнээн төгрөг шаардлагатай бэ. Жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээгээр мөнгө авч байна гэсэн үг үү ?
Энэ оны төсвийн тодотголын хүрээнд 90 тэрбумыг суулгасан. Тэгэхээр журам бэлэн болонгуут оюутнууд зээлээ аваад явах боломжтой болсон. Хөрөнгөө төвлөрүүлсэн, бэлэн байгаа гэж ойлгож болно. Харин ирэх оны төсөвт 100 тэрбумыг суулгахаар Засгийн газарт саналаа өгчихөөд байна. Энэ мөнгө бол ирэх онд зээлээр суралцах оюутнуудын хүсэлтийг хангахад хүрэлцээтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар иргэд хүүхдээ сургахын тулд жилд 25-30 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас авч байна. Тиймээс энэ байдлыг бид аль болох уян хатан байдлаар шийдэхээр зорьж байгаа нь энэ.
“Боловсролын зээлийн сан”-д улсын төсвөөс эхний 2-3 жилд мөнгө төвлөрүүлнэ. Үүнээс цааш зээлийн эргэн төлөлт явах учраас эргэлтийн сан үүснэ гэж үзэж байгаа. Цаашдаа энэ сан улсын төсвөөс татаас авахгүйгээр бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой гэж харж байгаа. Одоо Засгийн газрын тогтоол гарсны дагуу манай яамнаас журам батална. Энэ журам бэлэн болсны дараагаар албажуулах тодорхой хугацаа байдаг.
Үүний дараагаар энэ үйл ажиллагааг зохион байгулахтай холбоотой Сангийн сайд, БСШУСын сайд нарын шийдвэр гарна. Үүний зэрэгцээ арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар ямар банк оюутны хөгжлийн зээл олгох вэ гэдэг нь тодорхой болох юм. Ингэснээр бэлтгэл ажил бүрэн дуусч, энэ сардаа багтаад оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авч эхлэх боломж бүрдэнэ.
-Тамирчид маань гялалзсан ажмилт гаргаад олимпоос ганзага дүүрэн ирсэн. Цаашид тамирчдаа дэмжих хүрээнд салбар яамнаас ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
“Рио-2016” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг, тамирчдыг бүгдийг нь хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн. Энэ бол багагүй амжилт. Гэхдээ ард түмэн илүү их үр дүн хүлээж байсан гэдэг нь ойлгомжтой. Одоо тамирчдын дараагийнхаа олимпод бэлтгэх бэлтгэл ажил эхэлсэн байна. Спортын хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан биеийн тамир, спортыг хөгжүүлэх сан байгуулагдаж байгаа.
Энэхүү сангийн төсөв 2017 оны төсөвт багтаж батлагдах болно. Уг сангаар дамжуулан спортыг хөгжүүлэх, багш, дасгалжуулагчдын ур чадварыг сайжруулах, сургалтад хамруулах зэрэг маш олон асуудал тусгагдсан байгаа. Тиймээс цаашдаа тамирчид маань олимпоос олон олон медаль хүртэх байх гэж найдаж байна. 2020 онд Япон улсад олимп болно. Тиймээс бэлтгэл ажил болгож, Япон улсын зарим мужуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд оны сүүлээр тамирчдын бэлтгэлийг хангах гэрээ хэлцэл хийхээр тохиролцоод байгаа. Өөрөөр хэлбэл, бидний хамтарч ажилладаг зарим мужууд манай тамирчдад спорт цогцолбороо үнэ төлбөргүй ашиглуулах, бэлтгэл хийх зарим зардлыг хариуцах зэргээр хамтран ажиллах юм. Тиймээс ирэх 2020 оны олимпийн бэлтгэлийг одооноос хангаж эхлээд байна гэж ойлгож болно.
-Өнгөрсөн сард Шанхай хотноо айлчлал хийх үеэрээ "Шинжлэх ухааны парк" байгуулах асуудлыг ярьсан байсан. Тэр ажил юу болж байгаа вэ?
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Гангийн урилгаар өнгөрсөн есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр талууд хоёр орны шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, энэ салбарт хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрт тусгасан ажлын хэрэгжилтэд анхаарал хандуулах, улам өргөжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн хамтын ажиллааг идэвхижүүлэх талаар ярилцсан.
Түүнчлэн хоёр орны хамтарсан “Технологийн инкубатор”, “Технологи дамжуулах төв”-ийг байгуулан ажиллуулах, хамтарсан лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дадлагажуулахад чиглэж ажиллахаар болсон байгаа. Тун удахгүй ажил хэрэг болоод явна. Мөн энэ үеэр Монгол Улсад анхны “Шинжлэх ухааны парк” барьж байгуулах асуудлыг тэдний тал бүрэн хэмжээгээр дэмжинэ гэсэн.
Энэхүү “Шинжлэх ухааны парк” нь эрдэм, шинжилгээний байгууллагуудын ажлын үр дүнг практикт хэрэгжүүлэх бүрэн боломж нээгдэх юм. Түүчлэн Монголын өндөр технологийн үндэсний компаниудыг олноор бий болгох ажилд маш том түлхэц болно. Энэ нь ганц уул уурхайн эзийн засагт тулгуурлах бус солонгорсон эдийн засагтай болох боломжийг бүрдүүлж өгнө. Мөн шинжлэх ухааны ололтоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломж нээгдэх юм.
Гэхдээ уг паркт дан ганц манай улсын компаниуд биш Хятад улсын томоохон компаниуд орж ирж, үйл ажиллагаагаа явуулах болно. Тэгээд ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаанд зарцуулах зардлыг тав дахин нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Тиймээс энэ салбараас томоохон үр дүн хүлээж байгаа.