УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2016.10.14

УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв

/Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээнд оролцогчдод/

Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярыг тохиолдуулан энэ салбарт мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, ажиллагсад Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Миний бие ажил хөдөлмөрийн гараагаа Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбараас эхэлж байсны хувьд ард иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх эрхэм хариуцлагатай үүрэг хүлээдэг энэ салбар миний сэтгэлд дотно, хүндтэй байр суурь эзэлдэг төдийгүй, миний амьдралд олон сайхан дурсамж үлдээсэн байдаг.

Нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг орчин үеийн шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэж буй салбарын ажилтан ажиллагсад, инженер, техникийн ажилтнууд Та бүхний ажиллах, хөдөлмөрлөх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд үе үеийн Улсын Их Хурал анхаарал хандуулж ирсэн билээ.

Хүн амыг орон сууцжуулах таатай нөхцлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн унд ахуйн баталгаат усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэршүүлэн, эргүүлэн ашиглах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь төр, засгийн тулгуур бодлого, үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад онцгой үүрэгтэй чухал асуудлуудын нэг байсаар байх болно.

Энэ салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлогыг батлуулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх тал дээр Улсын Их Хурлаас цаашид ч анхаарч ажиллана гэдэгт Та бүхэн итгэлтэй байж болно.

Цаашид нийтийн аж ахуйн салбарт шинэ дэвшилтэт техник, технологийг өргөн нэвтрүүлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах таатай орчинг бvрдүүлэх, салбарын ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн сургаж бэлтгэхэд шинэчлэлт хийж, ажил үйлчилгээнийхээ чанарт онцгой өөрчлөлт гарган ажиллахыг Та бүхнээс хүсье.

Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдацыг хангах бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд Та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Улаанбаатар хот

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр