Мэндчилгээ
БСШУ-ны сайд Ж.Батсуурь
2016.10.05

Мэндчилгээ

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, тэдний мянга мянган шавь нар, Монголын боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бидэнтэй хамтран ажиллаж байгаа дотоод, гадаадын байгууллага, боловсролыг эрхэмлэгч нийт иргэд ээ!

Та бүхэнд Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа ажил хөдөлмөрийн амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Монголын үе үеийн багш нар нийгмийн өмнө хүлээсэн мэргэжлийн үүргээ нэр төртэй биелүүлж, хүн ардаа соён гэгээрүүлэх үйлсдээ үнэнчээр зүтгэн, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, ард түмнээ хөгжлийн замд хөтөлсөөр ирсэн билээ.

Монголчууд бид “Багш дор мөргөе. Ном дор мөргөе” хэмээн багшийг шүтэн дээдэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Багшаар эрдэм заалгаагүй хүмүүн гэж үндсэндээ байхгүй бөгөөд хүн бүр "БАГШ АА" гэж суу алдрыг нь дуурсан эрхэмлэн хүндэтгэж явдаг. Тиймээс энэ өдөр эрдмийг эрхэмлэдэг, багшийнхаа ач тусыг санаж явдаг хүн бүрийн баяр юм.

Багш нар олны тусын тулд ирээдүйн үйл хэргийн төлөө бахдам үйл бүтээж яваа хөтөч төдийгүй бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг гавьяатан болохыг энэ өдөр бахархан хэлэхэд таатай байна.

Нийгмийн үндсэн баялаг болох хүний хөгжил багш Таны итгэл, сэтгэл, зүтгэл шингэсэн их хөдөлмөрийн үр дүн билээ. Та бүхний минь сургаж, хүмүүжүүлсэн шавь нар Монгол Улсаа хөгжүүлэх үйл хэргийг бүтээн байгуулагч, удирдан чиглүүлэгч төдийгүй эх орноо тив дэлхийд алдаршуулсан, бүтээлч хөдөлмөрөөрөө монгол хүний суу билэг, сэтгэлийн хат, оюуны чадавхийн гайхамшгийг мэдрүүлж чадсан гавьяа ч үе үеийн багш нарынх.

Эрхэт хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ!

Монгол Улсын Засгийн газраас боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар, багшийг хүний хөгжлийн тулгуур хүч гэж үзэж, багш, албан хаагчдын хөгжил, нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн бөгөөд цаашид ч бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл, зорилт болгосоор байх болно.

Шинэ зууны хөгжлийн түүхийг бүтээлцэх, боловсролын шинэчлэлийн түүчээ болсон Багш нартаа дахин баяр хүргэж, Та бүхний алдар суу, амжилт бүтээл өөдрөг байхыг ерөөе.

Номын цагаан буян дэлгэрч, эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай!

БСШУ-ны сайд Ж.Батсуурь