БСШУС-ын сайд Ж.Батсуурь Налайх дүүрэгт ажиллалаа
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.10.17

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Налайх дүүрэгт ажиллалаа

Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг гэгддэг Налайх дүүргийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, коллежууд үйл ажиллагаа явуулдаг.

Салбарын сайд нэг өдрийн томилолтын хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, боловсрол соёл, спортын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ажилтай танилцав. 

Нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд үүсээд байгаа асуудал болох сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, засвар шинэчлэл хийх, шинээр барьж байгуулах зэрэг асуудал Налайх дүүрэгт мөн л байна. Үүнээс гадна санхүүжилт дутуугаас үүдсэн Налайх дүүргийн Биеийн тамир спортын ордны барилгын гүйцэтгэл, одоо байгаа нөхцөл байдалтай танилцлаа.

Тус барилгын ажлын явц 60 хувьтай байгаа гэв. Харин салбарын сайд яам, Засгийн газраас гаргасан төсөв, хөтөлбөрийн дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц хайж байгаа талаар салбарын мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгчтэй уулзах үеэрээ онцолж байлаа.

Тэрбээр 5 сургууль 2 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Налайх дүүргийн Биеийн тамир спортын газар, соёлын газрынхантай уулзсан юм. БСШУС-ын сайд Ж.Батсуурь дараагийн удаа Сүхбаатар дүүрэг дэх  салбарын  байгууллагын үйл ажиллагаа, ажилтан, албан хаагчидтай уулзаж танилцана.