“Нүүдлийн аялал жуулчлалын  төв нь Монгол байх болно”
2016.10.25

“Нүүдлийн аялал жуулчлалын төв нь Монгол байх болно”

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өчигдөр мэдээлэл хийж, “Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын төв байх болно” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр “Өнгөрсөн гурван сарын хугацаанд хийсэн гол ажлын нэг бол Торгоны замын олон улсын бага хурлыг энэ сарын 13-15-д Улаанбаатар хотноо зохион байгуулсан явдал юм. Хурлын хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг нүүдлийн аялал жуулчлалын төв байх, нөгөө талаас манлайлагч нь байж бүс нутагтаа ажиллах нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан. Нүүдлийн аялал жуулчлалын үндэсний төв барьж байгуулах асуудлыг НҮБ-аас дэмжихээ илэрхийлсэн.

Монгол Улс эдийн засгаа олон тулгуурт болгоё гэж байгаа энэ үед уг салбарын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ салбараас орж байгаа орлого бүр тэгш шударга, иргэн бүрт хүрдэг. Товчхондоо “утаагүй үйлдвэрлэл” гэж нэрлэж болно. Энэхүү утаагүй үйлдвэрлэлд ажиллаж буй ажиллагсдын тоо 50 мянга байна. Иймд энэ тоог ахиулж, 100 мянган ажлын байр бий болгоход анхаарч ажиллана” гэсэн юм.