Засгийн газрын 100 хоногт- Хууль зүй, дотоод хэргийн яам
ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ”Тогтвортой, хариуцлагатай, эрхзүйт төрийг төлөвшүүлэх” зорилт туссан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ХЗДХЯ голлох үүрэгтэй ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт ХЗДХЯ нийгэм, эдийн засгийн амьдралтай холбоотой хэд хэдэн чухал хуулийн төслийг боловсрууллаа. Тухайлбал:
· Төрийн албан хаагчийг оффшор бүсэд банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахыг хориглох чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаххуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барив. Хуулийн төсөлд хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг бүх албан тушаалтан гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглов.
· Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна. Хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан эрх зүйн орчин бүрдэх юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгий хариуцлага хүлээлгэнэ.
· Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай багц хуулийн төслүүдийг боловсруулаад байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй хийгдэж буй гол өөрчлөлт бол газар болон түүн дээр баригдсан барилга байгууламж, орон сууцыг нэгдмэл байдлаар авч үзэн газрын нэгж, талбарын дугаарт үндэслэн бүртгэх, мэдээллийг нэгдсэн санд оруулах явдал юм.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад бүртгэлийг цахим хэлбэрээр хийж болох, цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг оруулж байна. Ингэснээр хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм журмаар тогтоохоос татгалзаж, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах боломж бүрдэнэ.
· Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэв. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрийн тухай загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцөлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлага болгосон. Олон улсын худалдааны арбитрын тухай загвар хуулийг нутагшуулснаар эрх зүйн маргааныг арбитрын журмаар шударгаар, үр нөлөөтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлж, олон улсын стандартад нийцүүлсэн ажиллагааг явуулах бөгөөд энэ нь бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ.
· Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулав. Энэ хуулийн төслийг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, орчин үеийн шаардлагад нийцүүлсэн.
· Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав. Хуулийн төсөлд цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн албан хаагчийг үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх эрх зүйн орчныг бий болгох өөрчлөлтийг тусгаад байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХҮЛЭЭСИЙГ ТАЙЛАВ
· ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан , үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж, санал дүгнэлт гаргалаа. Энэ хүрээнд:
· БНХАУ, БНСУ, ОХУ, Канад улсын ЭСЯ, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч цаашид холбогдох арга хэмжээ авч ажиллахаар болов.
· Төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт шахалт үзүүлсэн, хүнд суртал гаргасан, ёс зүй зөрчсөн талаар иргэд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдаас тусгай дугаарын утас, цахим хаяг болон албан бичгээр нийт 77 мэдээлэл хүлээн авч дүн шинжилгээ хийв.
· Хилийн хориг тавигдсан дотоод, гадаадын 6 мянга орчим иргэний асуудлыг судалж, үзээд холбогдох эрх бүхий байгууллагаас Монгол Улсын 298 иргэн, гадаадын 21 нийтдээ 319 иргэнд хориг тавьсан асуудлыг цуцлав. Хууль эрх зүй орчныг боловсронгуй болгох чиглэлээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хилийн хоригийг сэжигтэн яллагдагчид хэрэглэх албадлагын арга хэмжээг ямар байдлаар хэрэглэх зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсгээс гаргав.
ХУУЛИАС ДАВСАН 100 ГАРУЙ ДҮРЭМ ЖУРАМ, ТУШААЛ ШИЙДВЭРИЙГ ЦЭГЦЛЭВ
· Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын нийт 968 шийдвэрийг хянан үзэж, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийн шаардлагад нийцээгүй 527 шийдвэрт холбогдох арга хэмжээ авах ажлыг зохион байгууллаа. Дээрх шийдвэрийг баталсан нийт 45 байгууллагад хуульд нийцээгүй тус шийдвэрүүдийг хүчингүй болгох, шаардлагатай бол шинэчлэн батлах арга хэмжээ авах тухай ХЗДХ-ийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1-1/282, 1-1/284 дугаар албан бичгийг хүргүүлсэн.
· ХЗДХ-ийн сайдын дээрх албан бичгийн дагуу холбогдох байгууллагууд нь хуульд нийцээгүй нийт 167 актыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн хүчингүй шийдвэрийн жагсаалтаас хасах хөдөлгөөн хийлээ. 211 шийдвэрийг хуульд нийцүүлэн шинэчлэн батлахаар ажиллаж, 55 шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх, 52 шийдвэрийг бүртгэлээс хасуулах санал ирүүлсэн бөгөөд ХЗДХЯ-ны саналын дагуу дахин хянан судалж байна.
АРД ИРГЭДЭД АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТОВ
· Архивын Ерөнхий газар иргэдэд архивын лавлагаа, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх 1800-1205 дугаартай утсыг 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ажиллуулж байна. Иргэд бүх үүрэн телефоны дугаараас энгийн утасны тарифаар буюу нэг минутын 50 төгрөгөөр тус лавлах утсанд холбогдож, сонирхсон асуултандаа хариулт авах, лавлагаа үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авах боломж бүрдлээ.
ДУУТ ДОХИОГООР ДУРААРАА ЗОРЧИХЫГ ХЯЗГААРЛАВ
· “Тусгай дуут болон гэрлэн дохио” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, холбогдох журам зөрчин замын хөдөлгөөнд оролцсон 183 зөрчлийг илрүүлж, 45 тусгай дуут болон гэрлэн дохио хураан, 78 жолоочийг нийт 4.272.000 төгрөгөөр торгож, зөрчлийг цаашид дахин гаргахгүй байхыг анхааруулан 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлэв.
· Автомашины утааны яндан, тээврийн хэрэгслийн шилний гэрэл нэвтрүүлэх чадвар бусад бүрэн бүтэн байдлыг шалгах “Техникийн хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд бүрэн бус улсын дугааргүй, улсын дугаарын тэмдэгтийг нуун далдалсан, бүдгэрсэн, арилсан, утаа ихтэй, өнгө үзэмжгүй зэрэг зөрчил гаргаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн улсын хэмжээнд 41.379 жолоочийг 872.268.100 төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авав.
ИРГЭДЭД ТУСТАЙ “E-IMMIGRATION” ТӨСӨЛ
· Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Бүгд найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Э-иммигрэйшн төслийг хүлээлцэж, Монгол Улсын хилийн хяналт, шалгалт, гадаадын иргэдийн бүртгэлийн ISM системийг олон нийтэд танилцуулав. “Койка”-гаас Монгол Улсад хэрэгжүүлсэн Э-иммигрэйшн төсөл мэдээллийн баазыг сайжруулж, нууцлалыг найдвартай болгон, зорчигч, тээврийн хэрэгслийг шуурхай хугацаанд хилээр нэвтрүүлэх, хяналтын системийг сайжруулах ач холбогдолтой юм. Монгол Улсын хэмжээнд 48 хилийн боомт байгаагаас байнгын ажиллагаатай 27 боомтод дээрх систем нэвтэрнэ. Цахим гарцыг ашиглаж эхэлснээр зорчигч шалган нэвтрүүлэх хугацаа 15 секунд болж, зөрчил илрүүлэлт сайжрах нөхцөл бүрдлээ.
“УХААЛАГ ЦАГДАА” ТӨСӨЛ ХӨРШИЙН ХОЛБООГ БЭХЖҮҮЛНЭ
· Интернэтийн сүлжээ ашиглан иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл авах, хянах боломж бүхий “I-Police”аппликейшн нэвтрүүллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 126 дугаар тогтоолоор баталсан “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагч , хорооны ажилтан, хөршийн хяналтын бүлгийн ахлагч, гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх, шийдвэрлэлтийг шалгах зориулалт бүхий хөршийн хяналтын цахим хуудас www.neighbourhood.mn ухаалаг гарсан утсанд зориулсан “Би цагдаа” программыг шинээр нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа ашиглаж байна.
· Төсвийн хөрөнгө оруулалтаар 12 аймгийн 21 суманд цагдаагийн бичил хэсгийн байр /кобан/ бариулах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Архангай, аймгийн Булган, Жаргалант, Баянхонгор, Шаргалжуут, Жинст, Орхон аймгийн Жаргалант, Дундговь аймгийн Луус, Дорноговь аймгийн Сайхандулаан, Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Төв аймгийн Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Увс аймгийн Хартэрмис, Ховд аймгийн Манхан зэрэг нийт 12 суманд кобаны барилгын ажил дууссан бол Булган аймгийн Бугат, Говь-Алтай аймгийн Тайшир, Хөхморьт, Дундговь аймгийн Гурвансайхан, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр зэрэг нийт 7 суманд барилгын ажил 80-90 хувьтай байна.
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД АХИЦ ГАРНА
· Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлуулж, ажлын албыг ХЗДХ-ийн сайдын дэргэд шинээр зохион байгуулав. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хэмжээний сүлжээ бий болж, ажилд ахиц гарна гэж үзэж байна.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЦАГДААГИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЧИХЫГ ХОРИГЛОНО
· Цагдаагийн эрх бүхий албан хаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэн дуудлагаар ирсэн тусгай зориулалтын чирэгч, ачигч автомашины техникийн ажилтан зөрчлийг заавал дүрс бичлэгийн хэрэгслээр авч, уг мэдээллийг цагдаагийн жижүүрт хүлээлгэн өгч байхаар боллоо. Үүний үр дүнд цагдаагийн албан хаагчийн шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг зөрчлийг таслан зогсоов.
ГУТЛЫН БОЛОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГУЙНЫ МӨРӨӨР ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ПРОГРАММ БҮТЭЭВ
· Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Гутлын мөр /SIS 1.0/ болон автомашины мөр 1.0 харьцуулалтын программуудыг зохион бүтээснээ шинжилгээнд нэвтрүүлэв. Ингэснээр гэмт хэргийн газраас илэрсэн гутлын мөр болон тээврийн хэрэгслийн мөрний хэвийг авч түргэн шуурхай боловсруулалт, хайлт хийж харьцуулах, цаг алдалгүй гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, эзэн холбогдогчийг нь шуурхай тогтоох нотлох боломж бүрдэж байна.
ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ИХ АЖЛЫН ЗӨВ ЭХЛЭЛ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хууль хэрэгждэг, хүн бүрт тэгш, шударга үйлчилдэг, итгэл хүлээсэн, хүний эрхийн мэдрэмжтэй, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх зарчмыг өнгөрсөн 100 хоногт баримталж ажиллалаа. Энэ бол эрх зүйт төрийг төлөвшүүлэх их ажлын зөв эхлэл билээ.