Ц.Даваасүрэн: Алдагдлыг хэтрүүлэхгүйн тулд 57 тэрбумын ажлыг хойшлуулсан
Төсвийн тодотголын талаар Ц.Даваасүрэн гишүүнээс зарим зуйлийг тодрууллаа.
-Төсвийн тодотголоор хөрөнгө нэмж шийдэх асуудал байсан. Тухайлбал, аравдугаар сарын 1-нээс нэмэгдэх цалин, тэтгэвэрт хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-Тэтгэвэр, цалинг 30 хувиар нэмэгдүүлэх тул зайлшгүй тодотголд оруулах шаардлага гарч ирсэн. 78 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг энэ оны төсөвт нэмж суулгалаа.
-Хөрөнгө оруулалтын хувьд ямар өөрчлөлт орсон бэ?
-Өмнөх онд гүйцэтгэл нь гараагүй шилжиж ирсэн 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил нэмэгдэж байгаа. Харин зайлшгүй нөхцөл байдлаас үүдсэн 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Тухайлбал, 19 тэрбум төгрөгийг төрөх эмнэлэг барихад, үлдсэн хөрөнгө оруулалтыг төрөх эмнэлгийн засвар, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулахаар тусгасан.
-Төсвийналдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас хэтрүүлж болохгүй. Алдагдал ямар гарсан бэ?
-Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн дагуу төсвийн алдагдал ДНБ-ний таван хувиас дээш гарах ёсгүй. Энэ нөхцөлийг хангахын тулд зарим хөрөнгө оруулалтыг дараа он руу шилжүүлж байгаа.
-Хэчнээн төгрөгийн ажил юм бэ?
-57 тэрбум төгрөгийн ажлыг шилжүүлж байгаа.
-Төсвийн зардлыг бууруулсан уу. Төрийн байгууллагуудын орон тоог багасгах тухай хэлэлнуүлгийн явцад хөндөгдөж байсан шүү дээ?
-Энэ асуудал УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаар яригдсан. Явцын дунд төлөвлөсөн хэмжээнээс буурсан байгаа. Гэхдээ төсвийн байгууллагууд орон тооны давхцалыг багасгах чиглэлээр 6.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлнэ. Аравдугаар сарын 1 гэхэд ирэх оны төсвийг өргөн барихдаа УИХ-аас удаа дараа гаргасан бүтэцтэй холбоотой хэмнэлт гаргах асуудлыг шийдэж оруулж ирэх чиглэл өгч байгаа.
-Төсвийн орлого нэмэгдэх боломж хэр байгаа бол?
-Нүүрс зэрэг экспортын бүтээгдэхүүнтэй холбоотой орлогыг нэмэгдүүлсэн. Мөн НӨАТ-аас 16 тэрбум, архины онцгойн албан татвараас 10 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр тусгасан. Орлогыг аль болох дайчлах талыг харсан.