Ц.Даваасүрэн: Өнөөдөртөө багтаан ирэх оны төсвийг батална
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.11.10

Ц.Даваасүрэн: Өнөөдөртөө багтаан ирэх оны төсвийг батална

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсөв, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Хэрэв өнөөдөртөө багтаж ирэх оны төсвийг баталвал түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа. 

-Ирэх оны төсвийн хэлэлцүлэг хийгдэж байна. Хугацаандаа багтаж батлах болов уу?

Өнөөдөртөө багтаж 2017 оны төсөв, 2018-2019 оны төсвийн төсөөлөл батална.

-Төсвийн төсөлд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Төлөвлөж орж ирснээс ялгаатай зүйл заалтууд гараагүй. Үндсэндээ төслийн тэнцлийг сайжруулах оролдлогууд хийсэн. Шинээр хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн юм байхгүй. Зардал тал дээр нийт төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэг хувиар хэмнэх шийдвэр гаргасан. 

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байна. Ийм үед төсвөө уул уурхай дээр түшиглэн төсөвлөх нь хэр оновчтой вэ? 

Уул уурхай дээр дэлхийн зах зээлийн үнийн төсөөлөл олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржүүдийн хийж байгаа төсөөллөөс харьцангуй доогуур үнэлж байна. 2017 оноос эхлээд уул уурхай сэргэнэ гэсэн хандлага бий. 

Нийт төсвийн орлогын 17 хувь буюу нэг их наяд төгрөгийг эзэлж байна. Өмнө нь нэг их наяд хол давсан эзэлж байсныг бууруулсан.