Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг шийдвэрлэлээ
Засгийн газрын хуралдаан
2016.11.10

Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 

Төрийн өмчит хоёр үйлдвэрийн газрыг нэгтгэлээ

“Төрийн үйлчилгээ”, “Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа” гэж төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тус тус зогсоов. Тус хоёр үйлдвэрийн газрын гүйцэтгэж байсан чиг үүрэг, хөрөнгө санхүү, хүний нөөцийг нийлүүлэн “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар”  төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчиллөө. Мөн тус газрын дүрмийг баталлаа. 

Литва улсад 90 хүртэл хоног визгүй зорчиж болно

- Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болох юм.

Журмыг шинэчиллээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн журмыг шинэчлэн баталлаа. Дүрмийн шинэчлэлийн гол зохицууулалт нь уг зөвлөл нь Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллах юм.

"Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэв

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хэд хэдэн хуультай зөрчилдөж байгаа тул  дэмжих боломжгүй гэж үзэв. 

Хуулийн төслүүдэд санал уламжлав

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов.

Монголын хэсгийг Шадар сайд ахална

Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Зөвлөлийн бүрэлдэхүүний Монголын хэсгийн даргаар Монгол Улсын Шадар сайд ажиллана.

Зөвлөлийн анхдугаар хуралдаан ирэх сард БНХАУ-ын Бээжин хотод болох юм. Уг хуралдаанд болон хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  холбогдох сайд нарт үүрэг болголоо.