Томоохон төслүүдээ хөдөлгөх, хэд хэдэн станц, үйлдвэр байгуулах, төмөр зам барихад 9,2 их наяд төгрөг шаардлагатай
Засгийн газрын хуралдааны үеэр
2016.11.09

Томоохон төслүүдээ хөдөлгөх, хэд хэдэн станц, үйлдвэр байгуулах, төмөр зам барихад 9,2 их наяд төгрөг шаардлагатай

Монгол Улсын Засгийн газар "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогторжуулах" хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. 

Хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн уг хөтөлбөрт 2016-2017 онд юу хийхээр төлөвлөснийг өчигдөр уншигч танд хүргэж байсан.

Тэгвэл өнөөдөр 2017-2018 онд ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх хөтөлбөртөө тусгасныг хүргэж байна. Хөтөлбөрт тусгаснаар ирэх 3 чиглэлээр нийт 44 арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. 

Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх үүднээс 9 цогц арга хэмжээ авахаар шийджээ. Тэр дунд “Алт” хөтөлбөрийг шинэчлэх, гадаадын банкны салар, нэгж байгуулах боломжийг судлах, Хөгжлийн банкнаас гаргасан бондыг зориулалтын бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг эргэн төлүүлнэ гэж төлөвлөсөн нь анхаарал татаж байна.

- Алт хөтөлбөрийг шинэчлэн үргэлжлүүлэх

- Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх

- Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банкны болзошгүй өр төлбөрийг судалж, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах

- Түншлэгч улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг зохион байгуулж, урт хугацаатай, бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр татах

- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

- Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж ажиллах

- Гадаадын банкны салбар, нэгж байгуулах боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах

- Техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн, хөрөнгө оруулагч нь тодорсон бэлэн төслүүдийг бүхий л талаар дэмжиж, хэрэгжилтийг эрчимжүүлэх

- Хөгжлийн банкны бонд, зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт үнэлгээ хийж, зориулалтын бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлэх

Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр 14 төрлийн арга хэмжээ авахаар хөтөлбөртөө тусгажээ. Үүн дотор олон нийтийн анхаарлын төвд байгаа казино, хурдан морины бооцоот уралдаан байгуулах эрх зүйн орчныг бий болгох асуудал багтсан. Үүнээс гадна барилгын салбарт хэд хэдэн төрлийн үйлдвэр, мах, сүү, арьс шир, хүнсний ногоо зэрэг ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихээ илэрхийллээ. Эдгээр ажлыг хийхэд 880,7 тэрбум төгрөг шаардлагатай гэж Засгийн газар тооцоолжээ.

- Иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, навигацын орлогыг өсгөх

- Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх

- Аялал жуулчлалын гол маршрутын зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах

- Казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

- Хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх

- Барилгын ган төмөр материал болон бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барих

- Угсармал барилгын хийцийн үйлдвэрлэлийг дэмжих

- Баруун бүсэд цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах

- Барилгын дулаалгын материалын үйлдвэр барих

- Мах, махан бүтээгдэхүүний болон малын гаралтай дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах

- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах

- Арьс ширийг эко-технологиор иж бүрэн, гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах

- Иргэдийг шинэ ургацын хүнс ногоогоор хангах зорилгоор хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах

- Иргэдэд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх

Бодит салбарын өсөлтийг дэмжих, томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 21 арга хэмжээ авахаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-т оруулаад байна. Энэ хэсэгт томоохон төслүүдийг нэр заан дурдсанаас гадна газрын тос, зэсийн баяжмал, нүүрс угаах зэрэг үйлдвэр байгуулна гэж дурджээ. Доор дурдсан ажлуудыг хийхэд Засгийн газарт 9 их наяд 246,2 тэрбум төгрөг шаардлагатай. 

- Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх

- Тавантолгой болон стратегийн ач холбогдол бүхий бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах

- Тавантолгойн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх

- Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах

- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах

- Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх

- "Богд хан" төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх

- Улаанбаатар дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх

- Шивээ-Овоо болон бусад нүүрсний орд газрыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц барих судалгааг хийх, холбогдох шийдвэрүүдийг гаргах

- Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх

- Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын Мандалговь дэд станц барих, Тавантолгой, Оюутолгой дэд станцын 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг өргөтгөх

- Эгийн голын 315 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх

- Ховд голын 64 МВт-ын усан цахилгаан станцын ТЭЗҮ, судалгааг хийх, барилга угсралтын ажлыг эхлүүлэх

- Чойр 220/110/35/6 кВ-ын дэд станцыг өргөтгөх, Багануур-Чойрын 220 кВ-ын 2 хэлхээт 178 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих

- Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ашиглалтад хүлээн авах

- Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг үргэлжлүүлэн хийх

- Газрын тосны үйлдвэр болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлж нөөцийг өсгөх

- Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах

- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх

- Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих

- Төмөр, жонш, холимог металл олборлогч аж ахуйн нэгжүүдийн шинээр ашиглалтад оруулахаар бэлтгэгдсэн уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлж, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх