2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.08/ хуралдаан 14 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд хуралдаанд оролцов.
Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулга хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан.
Тухайлбал, Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг дээшлүүлэх; хүнс, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; геологи, уул уурхайн салбарын хөгжлийг дэмжиж, хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; бодит салбарын өсөлтийг хангах эрчим хүч, зам тээврийн бодлого хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэдгийг дурдав.
Харин Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох; энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтлах; батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгасныг танилцуулав.
Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан гэдгийг Сангийн сайд гишүүдэд танилцуулсан юм.
Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад гадаад худалдаа ашигтай байгаа атал валютын нөөц хомс, ханш өссөөр байгаагийн гол шалтгаан нь юунд байна вэ, ханшийн дээд хязгаарыг тогтоож өгч болохгүй юу, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Засгийн газарт буцаасан хуулийн төслүүдийг хэзээ оруулж ирэх гэж байгаа, тоон гарын үсэг олгох бэлтгэл ажлыг хангах хүрээнд юу хийхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс тодруулав.
Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь өмнөх Засгийн газрын үед гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тендерт Унгарын нэг компанийг шалгаруулснаас үүдэж өртөг зардал нь өссөн, нөөц хомсдсон гэсэн яриа бодитой эсэхийг тодруулсан юм.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа хэдий ч валютын дотогшлох урсгал хангалтгүйгээс болж ханш тогтворжиж чадахгүй байна.
Мөн сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсантай холбогдож 400-гаад сая ам.доллар гадагш гарсан нь ханш өсөхөд шууд нөлөөлсөн гэсэн хариулт өгсөн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр УИХ-аас буцаасан 5 хуулиас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлгийн шатанд байгаа.
Одоо үлдсэн 4 хуулийн төсөл болон бүртгэлийн багц 3 хуулийн төсөл зэрэг 10 орчим хуулийн төслийг 11 дүгээр сард багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хуулийг нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлбэрээр яамдаас энэ 7 хоногтоо багтаан санал авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэлээ.
Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү цахим гарын үсэг, цахим гадаад паспорт төсөл нь дэд бүтцийн сүлжээ, техникийн тоног төхөөрөмжийн хувьд ихээхэн хөрөнгө зардал шаардагдах учраас эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед түр зогссон, харин бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллана гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өнгөрсөн Засгийн газрын үед гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тендер зарлаж Унгарын компани шалгарсан байдаг. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллан дүгнэлтээ Засгийн газарт танилцуулсан. Энэ талаархи материалыг байнгын хорооны гишүүдэд өгнө гэдгээ хэллээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Болд, Ц.Нямдорж нар үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, мөн хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, цахим орчныг хамгаалах хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх гэсэн агуулгатай зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн бөгөөд энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.