УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.12.02

Ж.Энхбаяр: Хилийн тухай хууль бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудал

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 үндсэн асуудал хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Дарааллыг сонссон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр саналаа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

"Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын хэлдгээр байнгын хорооны эрхлэх асуудлын заагийг тодорхой болгохгүй бол маш олон асуудал маргаан дагуулдаг. Эдийн засаг, төсвийн асуудал дээр илүү анзаарагддаг.

Жишээлбэл, Хууль зүй болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны асуудал байна. Үүнд “Хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг онцолж байна. Хилийн тухай хууль бол Монгол Улсын батлан хамгаалах байдалтай холбоотой Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудал.

Тийм учраас Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцлээ. Тэгвэл уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор бас хэлэлцэх ёстой.

УИХ-ын Тамгын газраас хууль зүйн зөвлөгөө авсан. Уг хуулийн төсөл дээр ажилласан. Төсвийн тухай хуультай холбоотойгоор өргөн барьсан хуулийн төслүүдэд засвар, өөрчлөлт хийх шаардлагатай бол өөрчилж ирсэн.

Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийг буцаах нөхцөл байдал үүсэх юм бол УИХ, Засгийн газар болон бусад хууль санаачлагчаас өргөн барьсан хуулийг хэлэлцүүлгийн явцад засах, хянах бололцоогүй бол автоматаар буцаадаг. Бүх процесс эхнээсээ явдаг.

Гэтэл УИХ хэлэлцүүлгийн явцад засаад явах бүрэн эрхтэй гэж ойлгож байна. "