С.Чинзориг гишүүний санаачилсан хуулийн төслүүдийг дэмжлээ
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2016.12.07

С.Чинзориг гишүүний санаачилсан хуулийн төслүүдийг дэмжлээ

НББСШУ-ны           байнгын        хороо өчигдрийн хуралдаанаараа         зургаан асуудлыг   хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Эхний асуудлыг хэлэлцээд, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм. Дараа нь УИХ-ын гишүүн С.Чинзоригийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Ингээд зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн тул байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Мөн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр ХЗДХ-ийн сайд ажиллахаар тусгасныг Эрүүл мэндийн сайд болгон өөрчлөх санал гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Мөн өдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, зарын дагуу Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ажиллахаар нэрээ дэвшүүлсэн найман хүнээс гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн дунд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалт явуулж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг ажиллуулах нь зүйтэй хэмээн гарсан тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр болсноор хуралдаан өндөрлөсөн юм.