БОАЖЯ ой судлаач эрдэмтдээ сонслоо
2016.12.13

БОАЖЯ ой судлаач эрдэмтдээ сонслоо

“Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалтын хүрээнд БОАЖЯ өнөөдөр  ой судлаач эрдэмтдээ сонслоо.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтыг нээж хэлсэн үгэндээ   “Монгол орны ойн нөөц, баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд эрдэмтэд та бүхний санал, шүүмжийг тусгах нь  чухал гэж үзэн уулзаж  байна” гэлээ.  Мөн  Азийн ойн хэлэлцээрт нэгдэн орох бэлтгэл ажлыг  хангаж байгаа энэ үед эрдэмтдээ сонсч байгаа нь цагаа олсон арга хэмжээ гэв.

Монгол Улс НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр”-т нэгдсэн.  Мөн НҮБ-ын Ойн форум болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын Конвенцоос баталсан “Айчи-2020” хөтөлбөрт заасан ойн бодлогын зорилтыг үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах үүргийг Монголын тал хүлээгээд байгааг сайд Д.Оюунхорол тэмдэглэлээ.

 

Монгол улсын Тогтвортой хөгжлийн  үзэл баримтлал болон Монгол улсын ногоон хөгжлийн бодлогод “Цөлжилтийг сааруулж,ойжуулах ажлыг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн есөн  хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх,тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ойн нөөцийг хамгаалах, үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх менежментийг сайжруулах ойн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлнэ”гэсэн томоохон зорилтуудыг тус тус  дэвшүүлжээ.

 УИХ-аас “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргаснаар БОАЖЯ-ны  хувьд байгалийн нөөц, түүний дотор ойн нөөц, баялгийг хадгалан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлаар салбар дундын бодлого, төлөвлөлт, зохицуулалт хийх, хэрэгжилтийг хангах, тогтвортой хөгжлийн бодлогод манлайлан оролцох үүрэг хүлээж буйг ч салбарын сайд онцлов. Монгол Улс  “Ойн тогтвортой менежмент”-ийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд ойн салбарын эрдэмтдийг үнэтэй санал зөвлөмжөө өгч ажиллахыг салбарын сайд эрдэмтэн, судлаачдад хандан хэллээ.

Өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт  2030 он гэхэд ойн түймрийн дундаж талбайг 70 хувь бууруулахаар тусгасан. Мөн шавьж, өвчний голомтыг бүрэн хянах, мод ашиглалтын төвшинг 80 хувьд хүргэх, экологийн ач холбогдолтой эрүүл ойг бий болгох зэрэг  зорилтыг дэвшүүлсэн.     Өнөөдрийн байдлаар ойгоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийг 7.78 хувь, түймэрт өртсөн талбай 1,7 сая га байгаа юм.

БОАЖЯ-наас санаачилсан эрдэмдтийн уулзалтад  оролцсон эрдэмтэд өөрсдийн хариуцсан салбар чиглэл бүрээр ойн баялгийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар шинжлэх ухаанд суурилсан үнэтэй санаа, зөвлөмж, байрь сууриа илэрхийллээ. ШУТИС-ийн зөвлөх, Монгол Улсын гавъяат багш Н.Долгорхүү “Ойн үйлдвэрлэл, мод боловсруулах технологи” сэдвээрх  илтгэлдээ 1990 оны алдаатай бодлого, хувьчлалаар модны салбар уналтад орсныг дурдлаа.

 1990 онд модны үйлдвэрийн салбар ДНБ-ий 14-15 хувийг бүрдүүлдэг байжээ. Харин өнөөдөр  энэ салбар  хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа нь ерөөс сүүлийн 30 жилд нэг ч мод боловсруулах үйлдвэр байгуулж, шинэ технологи нэвтрүүлээгүйтэй холбоотой гэсэн юм. Мөн МУИС-ийн Хэрэглээний  шинжлэх  ухааны их сургуулийн захирал доктор, профессор  Н.Баатарбилэг ойн чиглэлээр бэлтгэгдэн төгсч буй мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа  гэв.  

Бусад оронд Ойн факультет гэж байхад Монголд нэг ч факультет байдаггүй. Тиймээс Ойн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах зөвлөл байгуулахад яамнаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Доктор Гэрэлбаатар “Мод тарих үндэсний өдрөөр жил болгон мод тарьдаг. Гэтэл эргээд харахад ургасан нь тун цөөхөн. Мэдээллийн сан бий болгож, эргээд мониторинг хийх шаардлагатай байна” гэв. Ийнхүү эрдэмтэд судлаачид өөр өөрсдийн санаа бодлыг БОАЖЯ-нд уламжиллаа.

“Ой судлаач  эрдэмтдээ сонсъё” уулзалтанд ирсэн эрдэмтэн судлаачид энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаад талархаж, цаашдаа хамтран ажиллахыг уриалсан юм. Уулзалтад ШУТИС, МУИС, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн   50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.