УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.12.15

76 гишүүнээ суулгаж байгаад хаалттай хуралдах хэрэгтэй байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллыг сонссон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлж санал гаргалаа.  

 УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

"Эдийн засгийн хүнд байдал, хөдөө орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хийх гээд улс орны нөхцөл байдалд тулгамдаж буй олон асуудал байна.

Гэтэл  УИХ-ын чуулганы 15-16-ны хуралдаанд хэлэлцэх асуудалгүй юм шиг гишүүд хайнга хандаж байна. Хуралдаандаа бүтэн цаг зарлуулж, дуудуулж байж ирж байна.

Энэ мэт өөрөөсөө эхлэх хариуцлагын асуудал болоод улс оронд тулгамдаад байгаа, нийгмэд эргэлзээ төрүүлсэн олон асуудлаа дотроо хаалттай хуралдаж цэхцлэх хэрэгтэй юм биш үү. Ард түмний санал авч их хурлын танхимд сууж байгаа та биднээс улс орны ирээдүй хамаарна.

Эрдэнэтийн 49 хувь гээд ярьж дуусаагүй сэдэв байтал өчигдөржин Хөгжлийн банкны асуудлаар хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн юмгүй бөөн хэрүүл маргаан үүсгээд л дууссан.

Удалгүй гэнэт онц яаралтай шийдвэрлэх асуудал байна гээд Хөгжлийн банкны тухай оруулаад ирж ч магадгүй. Тиймээс улс оронд тулгамдаад байгаа асуудлуудаа бүхэлд нь авч хэлэлцэе гэсэн  горимын санал байна.

Бүтэн өдөр хуралдсан ч яадаг юм. Манайх эдийн засгийн хямралтай хэцүү байна гээд энд тэнд очиж гуйлга гуйсан хүмүүс. Монгол улсад гадаад бодлого гэж байна уу?"