Бат-Эрдэнэ.Б Энхбаяр.Ж 2017.01.31 | ХМА: Яам

"Эх орны төлөө" Батлан хамгаалахын дээд шагналаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр шагнагдлаа

"Эх орны төлөө" Батлан хамгаалахын дээд шагналаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр шагнагдлаа
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр

Монгол улсын аюулгүй байдлын нэгэн баталгаа, 100 гаруй жилийн түүхтэй Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн нөр их ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээж ажилласныг үнэлэн "Эх орны төлөө" Батлан хамгаалахын дээд шагналаар шагналаа. Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө.

Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, түүний тулгуур баримт бичиг болох Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс болон Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжуудыг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нь тус ажлын хэсгийг ахлан, идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Улс орны нийгэм, эдийн засаг, төрийн гадаад, дотоод бодлогод гарсан өөрчлөлт, шинэчлэлттэй уялдуулан батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэнээр "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичгийг боловсруулж, Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталгаажуулсан. "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичиг нь 8 бүлэг 52 заалт бүхий батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, төрийн цэргийн байгуулал, зэвсэгт хүчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, улс орныг батлан хамгаалах асуудлыг тогтолцоогоор нь авч үзсэн батлан хамгаалахын эрх зүйн суурь баримт бичиг болж чадсан юм.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр "Юуны өмнө та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаснаа илэрхийлж байна. Миний хувьд цэрэг, эх орон, арми гэдэг зүрхэндээ тээж явдаг эрхэм зүйл. Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа баталгаажуулан өнөөдрийн 21-р зуунд хүрэхэд Зэвсэгт хүчин шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн. Монголын төр Зэвсэгт хүчнээ байнга дэмжиж, үүрэг гүйцэтгэх чадавхийг бэхжүүлэхийн тулд бүх талын бодлогын арга хэмжээг авч байх ёстой. Эх оронд эр цэрэг хэрэгтэй. Энэ ч үүднээс өөрийн ухамсарт амьдралыг эх орондоо зориулсан эцгийнхээ үйл хэргийг үргэлжүүлэхийн төлөө, тэр өндөр нэр алдарыг сэвтээхгүй, үйл хэргийг залгахын тулд өөрийнхөө оюун ухаанаа дайчлан ажиллаж байна. Сая бидэнд түүхэн том хувь тавилан тохиолоо. Батлан хамгаалахын эрх зүйн томоохон багц өөрчлөлтийг хийх түүхэн үүргийг энд байгаа баг бүрэлдэхүүн бид хамтран амжилттай хийж чадлаа. Одоо бодлогын баримт бичигтэй холбоотой Гамшигтай тэмцэх онцгой байдлын хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэхэд бэлэн боллоо. Ингэснээр бидний тавьсан зорилт хэрэгжиж дуусах юм. Тавьсан зорилтын хүрээнд дотоодын цэргийн асуудал одоохондоо маргаантай байгаа. Нэгэнт Монголын төр бодлого гаргасан бол тэр бодлого цаашдаа салбарын хуульд тусгал болж хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Одоо амаргүй цаг үе ирж байна. Монгол улсын дотоод болон гадаад улс төрийн нөхцөл байдал эрс хувьсан өөрчлөгдөж байна. Бүс нутаг зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал ноцтой байдалд шилжиж байна. Монгол улс дэлхийн том соёл иргэншлийн уулзвар дэлхийн их гүрнүүдийн дунд геостратегийн ашиг сонирхол бүхий байрлалд оршдог. Энд Монгол улс өөрийн эрхгүй татагдан орох нөхцөл байдал бий болж байгаа. Тиймээс бид учирч болзошгүй аюул заналыг байнга урьдчилан харж судалж тулгарч болох сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулахыг байнга санаж, урьдчилан харж ажиллах ёстой. Тиймээс бид албандаа илүү санаачлагатай, шинжлэх ухаанч, мэргэжлийн, гадаад дотоод орчныг мэдэрсэн бодлого үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Энэ түүхэн сорилтын өмнө амжиж ирээдүйг харсан эрх зүйн шинэчлэлээ хийж дууслаа. Энэ хийсэн эрх зүйн өөрчлөлт, алсыг харсан бодлого бидний ирээдүйд улс орныг аварч гарахад гол тулгуур болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү том бодлогын баримт бичгийг гаргахад хамтран ажилласан та бүхэнд баярласнаа илэрхийлье. Улс төрийн тогтвортой 4 жилийн хугацаанд бид салбарынхаа өсөлт дэвшил авчирсан шинэ 21-р зуунд үүрэг гүйцэтгэх чадавртай Зэвсэгт хүчин болгож хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэе" гэлээ.